"/> "/>

Шүүлтүүр суурилуулаад утааг бууруулах уу?

Шинэ төслийн мэдээлэл     2018-10-17     1277
Г.Хорол     www.news.mn

Эрх баригчдын утаатай тэмцэх “шоу” энэ өвөл Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн янданд шүүлтүүр суурилуулснаар үргэлжлэх нь ээ. Шүүлтүүр нэг бүрийн үнэ 200 ам.доллар, монгол төгрөгт шилжүүлбэл 500 мянга. Засгийн газар 100 мянга гаруй янданд шүүлтүүр суурилуулахаар төлөвлөж, 2019 оны төсөвт 54 тэрбум төгрөг суулгаад байна. Төсөв тойрон “зодолдох” бүдүүн бүлгийн гишүүд нь утаатай тэмцэх зорилгоор шүүлтүүрт 54 тэрбум төгрөг зарцуулах болсонд уйлах шахам л сууна.

Үнэндээ ч хэдэн жилийн өмнө С.Батболдын Засгийн газар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар зуух тараасныг санах хүн олон биз. Хуучин зуухыг нь хурааж, шинэ зуухаа хөдөө орон нутаг руу зарвал торгох арга хэмжээ авна ч гэж айлгаж байлаа. Энэ ажилд төсвөөс 68 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл агаарын бохирдол буураагүй, эсрэгээрээ ихсэж, хөнгөлөлттэй үнээр тараасан зуух захаасаа эвдэрч, дараагийн Засгийн газарт ажил удсан юмдаг. Зуухтай холбоотой хэл ам одоо ч дуусаагүй. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч зуухны бизнес хийсэн хүмүүсээр хохирлоо барагдуул гэдэг даалгаврыг Засгийн газарт хаягласан. Гэтэл утаатай тэмцэх үлгэрийн II ангийг дэглээ юу гэлтэй айл өрхүүдийн янданд индукцин шүүлтүүр суулгана. Шүүлтүүр бүр бар кодтой, смарт аппликэшнтэй. Үүнийг нь Цахилгаан түгээх сүлжээ компани хянана гэх зүйл ярьж байна.

Хамгийн марзан нь дээрх шүүлтүүрийг гэр хорооллын янданд суурилуулаад агаарын бохирдлыг бууруулчихсан туршлага алга. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын өгч буй тайлбараар үйлдвэрлэгчид нь төхөөрөмж үр дүнтэй, 80-90 хувийн үр дүнтэй ажиллана гэх аман баталгаа л өгч… Зуух хөтөлбөр хэрэгжихэд мөн л агаарын бохирдлыг бууруулна гэх амлалт өгсөн.

Нөгөөтэйгүүр, 100 мянган шүүлтүүрийг нэгэн зэрэг ажиллуулж хүчрэх эрчим хүчний эх үүсвэр бий юу гэдэг асуудлыг ч хөндөх шаардлагатай болж байна. Учир нь шүүлтүүр нь цахилгаанаар ажиллана.

Гэр хорооллын айлууд дулаанаа цахилгаан халаагуураар халаах болоход эрчим хүчний хүчин чадал нь хүрэхгүйгээс шийд унаж, түүхий нүүрсээ түлэхээс аргагүйд хүрдэг. Улаанбаатар хотын гэр хороололд өнөөдрийн байдлаар дулаанаа эрчим хүчний эх үүсвэрээр хангадаг өрх тоотой.

Мөн шүүлтүүрийг үнэгүй суурилууллаа ч сар бүр цахилгааны төлбөр дээрээ 22 мянган төгрөг нэмж төлөх нь шуудай нүүрсээ арайхийн авдаг өрхүүдэд амаргүй тусна. Эхний сар гүрийгээд төлбөрөө хийлээ гэхэд дараагийн сараас чадахгүйд хүрнэ. Эцэст нь уг шүүлтүүр 200 ам.долларын үнэтэй байсан ч хуулж хаяад хог болгох иргэн захаас аван гарна.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгыг нь буруутгах гэсэнгүй. Гол нь амьдралд хэрэгжих хөтөлбөр санаачилж, эцсийн үр дүнг нь сайтар тооцоолж ажил эхлүүлэхгүй бол утаатай тэмцэх нэрийн дор тэрбум, тэрбумаараа хөрөнгө “урсдаг” буруу жишиг тогтлоо.

Жишээ татвал, өнгөрсөн хугацаанд утааг бууруулах нэрийн дор төсвөөс 200 тэрбум төгрөг зарцуулсан тухай баримт бий. Энэ бол 10 мянган айлын орон сууц барих мөнгө гэсэн тооцоо гаргачихсан халаглаж суусан гишүүд одоогийн УИХ-д олон бий.

Харин одоо Засгийн газрын утаатай тэмцэх 54 тэрбум төгрөгийг дэмжих үү, тас цохих уу гэдгээ шийдэх цаг ирлээ. 200 тэрбум төгрөгтэй харьцуулахад 54 тэрбум дөрөвний нэг нь байж болох ч 2500 айлын орон сууц барих мөнгө гэдгийг мартаж болохгүй.

2500 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулаад гэр хорооллын айлуудаа цөөлөх үү, эсвэл урсдагаараа урсаг гээд 54 тэрбумыг батлаад явуулах уу. Засгийн газрын утаатай тэмцэх шоуг дэмжих эсэх нь хууль тогтоогчдын шийдвэрээс хамаарна.

Сэтгүүлч: Г.Хорол

Эх сурвалж: www.news.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан