"/> "/>

НАРНЫ ЭНЕРГИЙГ АШИГЛАН ДУЛААН ХАНГАМЖИЙН НӨӨЦЛҮҮР БИЙ БОЛГОЖ, ШИНЭ НОГООН ХОТ БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Брэндийн танилцуулга     2023-05-03     350
Барилга Хот Байгуулалтын Яамны цахим хуудас: https://mcud.gov.mn/a/1257

Барилга, хот байгуулалтын сайд өнөөдөр /2023.04.28/-ны өдөр Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал хатагтай Тереза М.Хо-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Ц.Даваасүрэн Азийн хөгжлийн банк нь 1991 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улсын олон талт хөгжлийн гол түнш байсаар ирсэн бөгөөд зах зээлийн эдийн засагтай, дундаж орлоготой Улс орон болон хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг онцлов.

Мөн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, шинэ ухаалаг, ногоон хотууд барьж байгуулах чиглэл Монгол Улсын тэргүүлэх гол зорилтуудын нэг болохыг тодотгоод, Төв аймгийн Хөшигийн хөндийд нарны энергийг ашиглаж, эрчим хүчний нөөцлүүрийн дэд бүтэц бий болгож, хамгийн сүүлийн үеийн ногоон хот байгуулахаар төлөвлөж байгаагаа танилцуулав.

Түүнчлэн Улаанбаатар хотын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 3000 ккалл боловч, хүчин чадлаасаа 2 дахин давсан их ачаалалтай ажиллаж байгаа тул нарны энергийг ашиглан дулааны эх үүсвэр бий болгож, нийслэлийн гэр хорооллуудын дулааны дутагдалыг шийдвэрлэх зорилттой ажиллаж байгаа гэсэн юм.

Монгол Улс нарлаг орон. Тиймээс нар багатай Дани гэх мэт улс орнууд нарны эрчим хүчээр нийт хэрэглээнийхээ 60 орчим хувийг хангаж байхад манай улсын хувьд бүрэн боломж бий гэдгийг тэмдэглэв. Хэрвээ нарны энергийг ашиглан нөөцлүүр бий болгох төслүүд амжилттай хэрэгжвэл цаашид орон нутагт, сумдад хэрэгжүүлж, дулааны дутагдалтай байдлаа 100 хувь дотоодоосоо хангаж шийднэ гэлээ.

Одоогийн байдлаар манай улс оргил ачааллынхаа үеэр хөрш ОХУ-аас эрчим хүч авч, баруун аймгуудаа хангаж байна. Үүнийг шийдэх нь бидний гол зорилт, ойрын хугацааны тэргүүлэх зорилт. Тиймээс бид Шархад, Дэнжийн 1000, Сэлбэ, Баянхошуу зэрэг 6 дэд төвийг байгуулах, орон нутагт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгох төслүүд дээр өндөр ач холбогдол өгч БХБЯ-ны зүгээс дээрх төвүүд дээр нарийвчилсан төлөвлөлтүүдийг хийж ажиллахаа мэдэгдэв.

Барилга, хот байгуулалтын сайд мөн 10 аймагт барьж байгуулсан нэг маягийн цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагааг цаашид найдвартай байлгах, технологийн шийдлийг зөв хийх тал дээр анхаарах, Герман улсын мэргэжилтнүүдийн зөвлөмжийг тусгаж ажиллах талаар чиглэл өгсөн юм.

Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал хатагтай Тереза М.Хо Барилга, хот байгуулалтын сайдад хүлээн авч уулзсанд талархаж байгаагаа илэрхийлээд Сэргээгдэх эрчим хүчний асуудлаар тавьсан асуудлуудыг тань ойлголоо. Тэгэхээр Азийн хөгжлийн банк энэ чиглэлд өндөр ач холбогдол өгч дараа дараагийн хүлээгдэж буй төслүүддээ оруулж хэрэгжүүлэхэд бэлэн, гагцхүү техник туслалцааны ажлыг богино хугацаанд шийдвэрлэж өгөхийг Барилга, хот байгуулалтын сайдаас хүслээ. Мөн хамтын ажиллагааны хүрээнд Сэргээгдэх эрчим хүчний төслүүд эхлүүлсэн үед бодлого, төлөвлөлтүүд өөрчлөгдөхгүй тогтвортой байх баталгаа бий эсэхэд санаа зовинож байгаагаа хэлэв.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн нийгмийн дэд бүтцийн тэргүүлэх, чухал бодлого болон ажлууд ямар ч үед үргэлжлэх учиртай, БХБЯ мэргэжлийн яамныхаа хувьд манай улсад хэрэгжих дэд бүтцийн төслүүддээ онцгой анхаарч ажиллана гэлээ. Ийнхүү талууд сэргээгдэх эрчим хүчний төслүүд, шинэ хот байгуулалт, аймгуудын цэвэрлэх байгууламжуудын шинэчлэл, 6 дэд төв байгуулах төслүүдийн хүрээнд санал солилцож, сонгосон аймаг, сумдад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр жишиг төсөл боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахаар тохиролцов.

Эх сурвалж: Барилга Хот Байгуулалтын Яамны цахим хуудас: https://mcud.gov.mn/a/1257


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан