"/> "/>

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн айлчлал барилга бүтээн байгуулалтын салбарт томоохон боломжийг бий болгоно

ОронсууцЦЭГКОМ© онцлох мэдээ     2023-05-22     708
Н. Бямбасүрэн    

Монгол Улсын түүхэнд анх удаа Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн урилгаар 2023 оны 5 сарын 21- 22 өдрүүдэд төрийн айлчлал хийлээ.

Айлчлалын гол зорилго нь манай хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг харилцан ашигтай хамтран хэрэгжүүлэх болон олон улсын харилцаанд тулгамдсан нийтлэг зарим асуудлуудыг хөндөж ярилцлаа. Эдгээрээс онцолж, “Цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллахад томоохон боломж бий” гэж Францын Ерөнхийлөгч онцолж дурьдсан. Энэ нь ногоон эдийн засагт шилжихэд бэрхшээлтэй тулгарч байгаа Монгол Улсын хувьд  нүүрсний хэрэглээнээс гарахад дэмжлэг үзүүлэх маш чухал үйл явдал болсон. Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн дийлэнх хувь нь нүүрснээс хамааралтай. Нүүрсний хэрэглээнээс ирээдүйд гарвал Монгол Улс энергийн эрчим хүчний ямар хэрэглээнд шилжих вэ гэдэг асуудал өнөөдөр хөндөх ёстой чухал асуудал болжээ.

Бүгд Найрамдах Франц Улс дэлхийн эрчим хүчний салбарт цөмийн эрчим хүчний орчин үеийн шинэ технологийн хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгч улс ба энэ төрлийн хамгийн шилдэг сайн технологийг Францчууд боловсруулсан байдаг. Тэгвэл ойрын жилүүдэд Монгол Улсын эрчим хүчний гол хэрэглээ болсон нүүрсийг халж, түүнийг цөмийн эрчим хүчээр орлуулах, хэрэглээг хангах нөхцөл бололцоо байгаа гэж талууд үзэж байна. Хэдийгээр Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны айлчлалын хүрээнд энэ талаар нарийн асуудлуудыг авч үзээгүй ч ерөнхийдөө Францын цөмийн эрчим хүчний энергийн орчин үеийн технологид тулгуурласан атомын цахилгаан станцыг манай улсад магадгүй 5, 10 жилийн дараа байрьж байгуулах нөхцөл үүссэн гэж ойлгож болох нь.

Өнөөдөр Монголчуудын үйлдвэрлэж байгаа цахилгаан эрчим хүч хангалттай хэмжээнд хүрдэггүйгээс гаднаас эрчим хүчээ импортлон авдаг улсын хувьд 1 дүгээрт импортыг орлуулах, 2 дугаарт нэг улсын эрчим хүчний хараат байдлаас гарах, 3 дугаарт Монгол Улсын хүн амын өсөлттэй холбоотой эдийн засаг өсөлт хөгжилд нийцсэн цахилгаан эрчим хүчний хангамжийн дутагдалтай байдлаас гарах боломжтой болох юм.  

Монголын хүн ам 7 жилийн дараа 4 саяд хүрнэ. Үүнтэй холбоотойгоор хот, суурин газар амьдарч байгаа хүн амын өсөлт дагаад нэмэгдэх нь зайлшгүй. Тэгэхээр суурин газарт эрчим хүчний хэрэглээ одоогийнхоос улам өндөр байна. Улаанбаатарт амьдарч байгаа хүн амын тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэхтэй зэрэгцээд, хөнгөн гал тэрэг, метро гэх мэт цахилгааны эх сурвалжаар ажилладаг тээврийн хэрэгслүүдийг оновчтой сонгон зохион байгуулах шаардлага улам бүр нэмэгдэнэ. Улаанбаатар хот Майдар зэрэг шинэ хотуудаар тэлж, шинэ суурьшлын бүсүүд байгуулагдах ёстой. Их хэмжээний бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжих боломжууд бүрдэнэ. Нөгөө талаар, агаарын болон хөрсний бохирдол, хотын түгжрэл зэрэг том асуудлудын ард эрчим хүчний хангалттай үйлдвэрлэл оршдог. Эдгээрийг хөдөлгөх гол хүч нь илүү их эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ гэдэгтэй хэн ч маргахгүй. Эрчим хүч бол Монгол улсын стратегийн чухал салбар бөгөөд ойрын ирээдүйн эдийн засгийн хөгжлийн хамгийн чухал эх үүсвэр эрчим хүч байсаар байна. Тиймээс, Францын орчин үеийн дэвшилтэт технологи дээр тулгуурласан эрчим хүчний шинэ атомын цахилгаан станц байгуулах асуудал бол Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн чухал хүчин зүйл болж байна. Үүнтэй холбоотой хөгжлийн олон ажил, асуудлууд ар араасаа удахгүй хөврөх нь.

Сэтгүүлч: Н. Бямбасүрэн


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан