"/> "/>

Майдар хот- Хүн бүхний мөрөөддөг аз жаргалтай амьдрах орчинг бүрдүүлсэн

ОронсууцЦЭГКОМ© онцлох мэдээ     2023-05-26     41892
Н. Дамцагдулам     ОронсууцЦЭГКОМ© Редакцийн Зөвлөл

Их нягтаршилтайгаар 400,000 хүртэл оршин суугч амьдрах боломжтой, Монгол Улсын түүхэн дэх анхны эко төлөвлөлттэй, тогтвортой хот “Майдар хот”- ын талаар Майдар хот төслийн удирдагч, ХБНГУ- ын Ногоон Барилгын Нийгэмлэгийн (DGNB) сургагч багш, Мэргэшсэн хот төлөвлөгч Л. Баяртуулыг ОронсууцЦЭГКОМ© онцлох буландаа урьж ярилцлаа.

 

  • Майдар хотын төлөвлөлтөнд яагаад европын чиг баримжааг илүүчилж сонгосон бэ?  

Магадгүй Европт олон жил ажиллаж суралцсан маань нөлөөлсөн байх. Ер нь бол орчин цагийн олон хотын төлөвлөлтийг хийсэн дийлэнх архитектор, хот төлөвлөгчид европт их байдаг. Жишээ нь Герман улс хот байгуулалтаараа дэлхийд нэгт гэж эрэмблэгддэг. Энэ нь дэлхийн 2 дугаар дайны үед олон хотуудаа бөмбөгдүүлэн нураалгаад, ахин шинээр барьж байгуулж, орчин үеийн хот байгуулалтын туршлага хуримтлуулж улмаар алдаа онооноосоо суралцаж чадсантай холбоотой. Орчин үеийн томоохон хотуудыг, жишээ нь Арабын ч бай, Хятадын ч бай олон хотуудын төлөвлөлтийг Германы архитекторууд төлөвлөж хийж боловсруулж байгаа нь тэдний туршлагын давуу талуудтай холбоотой. Иймд төлөвлөсөн хотууд нь амьд сэрүүн байхад нь баригдаж үүнээсээ суралцсаар улам сайн мэргэшсэн хот төлөвлөлтийн их мастерууд Германд олон.  

Тэгэхээр Майдар хотын төлөвлөлт маань юунаас эхлэлтэй вэ гэдэг асуултаас эхэлбэл. Дэлхийн аз жаргалтай хотуудыг жил болгон шалгаруулдаг ба дэлхийн топ 10 аз жаргалтай хотуудын дийлэнх нь герман хэлтэй Швейцарь, Австри, Герман болон Европын өөр хотууд байдаг. Хүн бүхэн аз жаргалтай амьдрах тийм орчинг л мөрөөддөг. Тэр өнцгөөсөө харахад Европт төвтэй, Европ маягийн хотуудад хүмүүс илүү аз жаргалтай байдаг юм болов уу гэж харагдаж байгаа биз. Тэгэхээр европын хот төлөвлөлтийн онцлог бусад улс үндэстнүүдийн хот төлөвлөлтөөс юугаараа, ямар ялгаатай, онцлогтой юм бэ гэхээр харьцангуй цомхон байдагтай холбоотой. Жижиг газарт хүн амын нягтаршил ихтэй байхаар төлөвлөнө гэдэг нь дэд бүтцийн урсгал зардал олон хүнд хуваагдах ба тухайн хот төдий чинээ эдийн засгийн хувьд өөрийгөө аваад явах боломжтой болно гэсэн үг. Эдийн засгийн хувьд асуудалгүй, улсаас авах татаасгүй явах боломжтой хот, дэд бүтэц гэдэг бол ногоон байгууламжаа тордоод л байхаас гадна зам талбайн насжилтыг уртасгах, эвдрэл гэмтэл гарвал хот хэнээс ч зардал, хөрөнгө оруулалт гуйхгүй, улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр өөрсдөө санхүүжүүлээд аваад явах боломжтой учраас тэр нь хүний өдөр тутмын хэрэгцээ, хэрэглээг хангахад илүү дөхүү болно. Хоёрдугаарт Европын хотуудын онцлог гэвэл нийгмийн бүх давхаргынхан зэрэгцэн амьдрах ижил тэгш боломжийг хангасан байдаг. Нийтийн тээврийн хэрэгслийг нийтээрээ жигд, ижил ашиглах боломжтой байдаг. Хүн хүүхэд байхдаа нийтийн тээврээс хамааралтай байна. Хөгширсөн хойноо нийтийн тээврээс бас хамааралтай болдог. Европт хүмүүс нийтийн тээврээр амар тайван, түргэн шуурхай, ая тухтай үйлчлүүлэх боломжтой. Дээрх олон шалтгаан, нөхцлүүдийн улмаас Европ маягийн хот төлөвлөлт Монголд илүү зохимжтой санагдсан бөгөөд Майдар хотын төлөвлөлтийг энэхүү загварын дагуу хийсэн.

Нөгөө нэг асуудал нь Азийн орнуудын хот төлөвлөлтийн талаар энд дурдах ёстой. Азийн орнууд хүн ам асар ихтэй учраас бас өөрийн гэсэн онцлогтой. Нэгж жижиг талбай дээр илүү олон хүмүүс, оршин суугчдыг нягтаршуулах шаардлага зүй ёсоор үүснэ. Тэгвэл манай улсын хувьд өргөн уудам газар нутагтай учир Азийн орнуудын төлөвлөлтийн жишгийг мөрдөх шаардлага байхгүй. Мөн байгаль цаг уурын асуудал ч энд давхар нөлөөлнө.

  • Хот бүтээн байгуулалтын хэв маяг нь тэнд амьдран суудаг оршин суугчдын амьдралын хэв маягийг үүсгэдэг гэдэг. Энэ талаар таны бодол санаа Майдар хотын төлөвлөлттэй хэрхэн уялдсан бэ?

Ерөөсөө хот төлөвлөлтийн гол асуудал бол тухай хотын оршин суугчдыг ирээдүйд аз жаргалтай, тогтвортой суурьшуулах байдлыг бий болгоход оршино. Өөрөөр хэлбэл, ирээдүйн оршин суугчид тухайн хотод амьдарснаар ирээдүйд аз жаргалтай амьдрах эсэхийг нь шийдэж, суурийг нь тавьж өгдөг. Нийгмийн дэд бүтэц, хот байгуулалт ямар төлөвлөлттэй байхаас хамаараад тухай хотын оршин суугчдын өдөр тутмын амьдралын хэмнэл нь ямар байх вэ гэдгийг тодорхойлдог учраас энэ том ойлголтыг зүй ёсоор авч үздэг.

Манай орны хувьд бодит байдлыг авч үзвэл Улаанбаатар хот нь бага хэмжээний газар дээр хотын төлөвлөлтөө хийсэн. Тухай үед анхнаасаа Улаанбаатар 50 жилийн дараа ямар болж хөгжиж тэлэх вэ гэдгийг харалгүйгээр төлөвлөсөн. Мэдээж хэн ч тухайн цаг үед өөр нийгэмд шилжиж, амьдралын хэв маяг эрс өөрчлөгдөнө гэдгийг таамаглах боломжгүй байсан байх. Гэтэл 50 жилийн дараа энэ хотын хүн ам хоёр дахин өсчихсөн учраас ахнаасаа 500 мянга оршин суугчдад зориулагдсан үндсэн дэд бүтцийн суурь нь одоогийн оршин суугчдад хүрэлцэхгүй болсон байна. Тухайн үед нь Улаанбаатар хотын ирээдүй 50, 100, 200 жилийн дараа ямар байх юм бэ гэдэг урьдчилсан төлөвлөлтийг нь түрүүлээд гаргасан мөн төлөвлөлтийн зөв суурийг нь хийгээд өгсөн байсан бол өнөөгийн бид ийм их хэмжээний асуудалтай Улаанбаатар хотод амьдраад сууж байхгүй байсан. Тэгэхээр ямар нөхцөл нь Улаанбаатарчуудын амьдралын хэв маягийг нь тодорхойлоод байна вэ гэвэл анхнаасаа төлөвлөж тавьсан дэд бүтэц нь бидний амьдралын хэв маягийг тодорхойлж өгөөд байнаа гэсэн үг.

Нарийхан замтай, түүндээ тохирч, зохицож амьдрахаас өөр сонголтгүй. Багахан орон зайд төлөвлөгдсөн газраа нийцэж амьдрахаас өөр аргагүй болсон. Орон зайгаа тэлж өгч чадахгүй байгаа нь ерөнхийдөө анхны суурь төлөвлөлт, түүний дараах цаг үеийн сайжруулалтын төлөвлөлтийг хийгээгүйтэй холбоотой. Тэгэхээр аливаа хотын төлөвлөлтийг хийхдээ өөрийн үе, үр хүүхдийн үе, ач зээ нарын үе гээд хамгийн багадаа гурван үеийнхэний амьдралын хэв маяг болон шаардлагад нь нийцэхээр төлөвлөх шаардлагатай.

  • Майдар хотын Монголчуудад санал болгож байгаа үнэт зүйл нь юу гэж та тодорхойлж байна вэ?

Аз жаргалтай, эрүүл энх амьдрах орчин. Монгол ч гэлтгүй дэлхийн хүн болгоны амьдралын мөрөөдөл бол тайван амгалан, эрүүл аюулгүй орчинд амьдрах явдал юм. Монголчуудад өнөөдөр хамгийн чухал хэрэгцээтэй байгаа үнэт зүйл гэвэл энэ юм. Тийм л орчныг бий болгоё гэж бодож хичээж яваа. Яагаад монголчууд өнөөдөр эх орноосоо дайжаад гадагшаагаа яваад байна вэ? Хариулт нь их энгийн. Залуу гэр бүлүүд эрүүл мэнд, аюулгүй орчин, үр хүүхдүүдийн боловсрол, цаашлаад ажлын байрны хүртэмж гээд ирээдүйгээ л харж шийдвэр гаргаж байна. Тэгвэл бид энэ бүхнийг эх орондоо цогцоор бий болгох бүрэн дүүрэн боломжтой.

  • Майдар хотын бүтээн байгуулалт нь аль насны бүлгийнхэнд илүү өгөөжтэй байж болох вэ?

Майдар хотын бүтээн байгуулалт нь мэдээж хэрэг бүх насныханд өгөөжтэй байна. Майдар хотын төсөл нь анх экологид ээлтэй, эдийн засгийн давуу тал бүхий бүх оршин суугчдад өгөөжтэй, тийм хот байгуулъя гэж санаачилж эхэлж байсан бол төлөвлөлтийн явцад “Эко хот” гэдгээс илүүтэй “Тогтвортой хот” болгож хөгжүүлэхээр сайжруулж, төлөвлөлтөө хийж дуусгасан. Тийм ч учраас Майдар хот нь төлөвлөлтөөрөө Германы Грийн Бюлдинг Консул (DGNB)- аас буюу Тогтвортой Барилгын Хөгжлийн Нийгэмлэгээс нь “Тогтвортой Хот” гэсэн хамгийн өндөр Платинум гэрчилгээгээр баталгаажигдсан. Тогтвортой хотын тодорхойлолтын тухайд энгийнээр товчоор хэлэхэд “байгаль эх дэлхийн нөөц баялаг болон эргээд мөнгөнд хэмнэлттэй байхаас гадна хүн амьдрахад хамгийн таатай орчинг бүрдүүлсэн газар, улмаар тус газраа урт удаан хугацаанд тогтвортой суурьших боломж бүрдсэн хотыг хэлнэ”. Тэгэхээр тийм орчинг бий болгохоор энэ хотын төслийг төлөвлөсөөр ирсэн.

Ганцхан хотод л гэхэд нийгмийн бүх давхаргынхны хүүхэд нас, идэр залуу, хижээл, ахмад нас гээд бүх насны хүмүүс оршин суух ба тэд төрөхөөс эхлээд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, тэтгэвэрт сууж амар тайван аюулгүй амьдрах гэхмэтчилэн амьдралын өөр өөр үе шатуудыг туулж өнгөрүүлдэг. Иймд тэдний ая тухтай амьдрахад хэрэгцээтэй бүх нөхцлийг бүрдүүлсэн таатай орчныг бий болгож байж тогтвортой хот болдог.

Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нялх хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ тэргэн дээр нь түрээд зугаалаад явахад хүндрэлгүй, дуу чимээ багатай, амьсгалах агаар нь эрүүл, замын хөдөлгөөнд оролцох сонголт ихтэй байх, цаашлаад боловсрол, соёлын асуудлууд нь шийдэгдсэн. Нийтийн тээврээр түргэн шуурхай, тогтмол цагт, найдвартай зорчих боломж бүрдэхээр хүүхдээ хүртэл сургуульд нь аюулгүйгээр явуулчих боломжтой, аль болох хүүхэд болгон амьдран суугаа орчныхоо ойр сургууль цэцэрлэгт бүрэн дүүрэн хамрагдах боломжтой байхаас гадна алхаж зугаалж явахад өнгө дизайны хувьд тааламжтай барилга байшин, зам талбай хүртэл хүнд сайхан мэдрэмжийг бий болгодог. Хүний амьдралын хэрэгцээ нь тухайн нас насандаа ондоо байдаг ба тэр болгоныг өдөр тутмын амьдралд нь тааламжтай нөхцлөөр бүрэн дүүрэн хангаж өгсөн ээлтэй байдлыг тогтвортой хот гэж үздэг.

  • Майдар хотын газар зүйн байршлын хувьд яагаад энэ хэсгийг сонгосон бэ?

Монгол Улсын хүн амын тал хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Өнгөрсөн олон жилийн хугацаанд Улаанбаатар хот маань өөрийн гэсэн өмч хөрөнгө, хөдөлмөр эрхлэх болон эдийн засгийн боломжууд, цаашлаад боловсрол, нийгмийн халамж, эрүүл мэндийн үйлчилгээгээ дагаад ихээхэн төвлөрлийг бий болгосон. Нэгэнт төвлөрсөн төвлөрлийг сааруулахад маш хэцүү байдаг. Хотын уугуул иргэд, нэгэнт нүүгээд ирсэн суурьшмал оршин суугчдыг өөр хот, бүс рүү нүүлгэх боломж хомс байдаг. Нүүе гэхэд л гэр бүлийн гишүүдийн ажлын байр, үр хүүхдийн сургууль цэцэрлэг, өөрийн амьдралын хэв маягаа зохицуулах гээд асар их бэрхшээлүүд тулгарч эхэлдэг. Тэгэхээр эдгээр шаардлагад нийцсэн нэгдсэн боломжийг өнөөгийн нөхцөлд хотоос их хол хөдөө газар бий болгоно гэдэг хэцүү. Нөгөө талаар, манай улс цөөхөн хүн амтай, эдийн засгийн хүчин чадал, даац багатай. Тэгэхээр аль болохоор Нийслэлийг түшиж, ойролцоо газарт, төвлөрлийг зөв задлахыг урьтал болгосон. Яваандаа хүмүүс нийслэлтэй ойрхон газар оронд амьдралын чанарыг ойлгоод илүү сайхан амьдрах боломжтой юм байна гэдгээ мэдрээд эхлэх үед орон нутагт энэ жишгийн дагуу шинэ хот, суурьшлын бүсийг бүтээн байгуулах боломжтой юм байна гэдгийг харуулах зорилготой төлөвлөсөн.

Байршлын хувьд, анх Их Майдар сангийн сонгож аваад Майдар Бурханы хөшөө барьж байгуулах газар орныг зохимжтой юм байна гээд сонгосон. Ингэхдээ Майдар бурханы хөшөөг тулгуурлаад аялал жуулчлалын томоохон бүс бүхий суурин газрыг бий болгоё гээд анх төлөвлөж эхэлсэн. Суурь судалгаагаа хийхэд явцын дунд магадгүй зуун жил ч хүрэхгүй хугацааны дараа гэхэд энэ хот их томоор хөгжих юм байна гэдэг зураглал гарч ирсэн. Иймд одооноос эхлээд Улаанбаатарын алдааг давтахгүйгээр хот өргөжих үед бэлэн төлөвлөгөөтэй байлгахын тулд анхнаас нь төлөвлөлтийг эхлэх явцад ирээдүйд хөгжих боломжтой буюу хүн суурьших боломжтой бүх газар нутгийг нь тэр чигт нь төлөвлөхөөр шийдсэн. Төлөвлөлтийн судалгааны явцад Майдар хот цаашид илүү том хот болж хөгжих боломжтой юм байна гэдгийг тодорхойлсон гол хүчин зүйлүүд гэвэл ойрын болон ирээдүйн дэд бүтцийн хөгжлийн нөхцөл байдал, тээвэр ложистикийн зангилаа болох байршил нь өндөр ач холбогдолтой байсан. Үүнд нэгдүгээрт нь Майдар хотын төвөөс 20 км зайд орших Хөшгийн хөндийд шинээр баригдсан Олон улсын нисэх онгоцны буудал, хоёрдугаарт манай хоёр хөрштэй холбосон төмөр зам нь хотын төвөөсөө 7 км зайтай дайрч өнгөрдөг, гуравдугаарт нь 21 аймагтай Улаанбаатарыг тойрсон 5н гол замтай холбодог Богд уулын тойрог автозам нь Майдар хоттой холбогддог. Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засгийн голлох гурван дэд бүтцийн байршил нь Майдар хотод ойрхон байгаа гэсэн үг. Энэ нь дэд бүтэц талаасаа байршлын хувьд аваад үзвэл Улаанбаатар хотоосоо илүү даву талтай болно. Түүнчлэн ирээдүйд Ази-Европыг холбосон АН3 хурдны автозамтай Майдар хотын урд хэсэгт холбогдоно гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй.

Тэгэхээр тээвэр ложистикийн хувьд тэнд ийм олон давуу талууд байна гэдэг нь ажиллах хүчний хөдөлмөр эрхлэлт болон ажлын байрны хувьд мөн давуу талуудыг бий болгож, санал болгосон суурь хүчин зүйл, нөхцөл нь бүрдсэн байна гэсэн үг. Ажлын байрыг бий болгоно гэдэг нь үйлдвэрлэл байгуулах шаардлагатай гэсэн үг. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хааш нь гаргах вэ, юугаар зөөх вэ гэдэг нь үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний хувьд гол асуудал болдог. Тээвэр ложистикын зангилаан дээр байснаараа 21 аймаг болон экспортын бараа бүтээгдэхүүнийг нэмэлт тээврийн зардалгүйгээр сонголттойгоор гаргах бүрэн боломжтой болно гэсэн үг.

  • Майдар хотын байгаль, цаг уурын хувьд?

Байгаль цаг уурын талаас хэдийгээр тийм ч тааламжтай нөхцөлтэй биш ч гэсэн төлөвлөлтийн талаас нь хүний амьдрах тааламжтай орчинг бүтээж бий болгохоор тооцоолж төлөвлөсөн. Жишээлбэл, Богд Хан уулын урд хэсэг нь их салхитай тул мод тариад салхины хамгаалалт хийх байдлаар шийдэж болно. Нөгөө талаараа, салхины давуу байдлаа ашиглаад салхин цахилгаан станцаар эрчим хүчнийхээ эх үүсвэрийг гаргаж болно. Одоо ч гэсэн тэнд Салхитын станц 50МВ цахилгаан үйлдвэрлэдэг.

Цаашилбал, хүний бие организмын тааламжтай температур гадаа ч, дотор ч 18-24 градус байдаг. Тэр нь манай орны хувьд нэг сар орчим богинохон хугацаатай байдаг нь 6 сарын сүүлчээс 7 сарын сүүлч хүртэлх үе юм. Тэгвэл Майдар хотод энэ хугацааг хот төлөвлөлтийн аргаар 2 сар болгож уртасгасан. Энэ нь хотын оршин суугчид гадаа гарч суугаад нар, салхины энергийг илүү удаан тааламжтайгаар авах боломжийг бүрдүүлсэн гэсэн үг. Хүн байгальд ойр байхын давуу талыг тоолж баршгүй шүү дээ.

  • Хот маань хэдийгээр баригдаагүй ч Олон улсад Майдар хотын төслийн төлөвлөлт нэлээд танигдсан. Яагаад Олон улсад ийнхүү танигдах болов?

Майдар хотыг анх төлөвлөсөн цагаас эхлээд бид олон улсын эко болон тогтвортой хотоор мэргэшсэн, өмнө нь олон хотуудыг төлөвлөөд өөрийн гэсэн туршлага хуримтлуулсан, мөн манайх шиг эрс тэс уур амьсгалтай газруудад хот төлөвлөсөн байх гэсэн шалгууруудаар судалгаагаа хийж байгаад шалгуурыг хангах хот төлөвлөгчдийн дунд сонгон шалгаруулалтад оролцох урилга өгч байж энэ хотыг төлөвлөгчдөө сонгож авсан. Манай энэ төлөвлөлтийн баг нийлээд дэлхийн үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалттай холбоотой 200 гаруй төслийг төлөвлөж боловсруулсан асар их туршлагатай хот төлөвлөгчдөөс бүрдсэн гэсэн үг. Тэгэхээр 200 гаруй төслийг төлөвлөж боловсруулсан тэр туршлагаа Майдар хотын төлөвлөлт дээр нэгтгэн анх удаагаа хамтарсан нэгдсэн цогц төлөвлөлтийг хийсэн. Дэлхийн нэртэй, алдар цуутай сайн компаниудаас бүрдсэн учраас Майдар хот төслийн юу нь болох, болохгүйг шинжлэх ухаан, практик болон туршлага талаасаа сайн харж төлөвлөсөн бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц сайн төлөвлөлт болсон гэж үздэг. Тиймээс ч дэлхийн хот төлөвлөлттэй холбоотой яармаг, үзэсгэлэн хурал гэх мэтийн арга хэмжээнүүд дээр байнга манай жишгийг иш татан ярилцдаг болсон.

Орчин цагт дэлхийн аль ч газрын хүний ажиллаж амьдрах шаардлагыг хангахаас гадна хүсэл мөрөөдлийг агуулсан мөрөөдлийн хотыг бид төлөвлөж чадсан гэж үздэг. Энэ ч утгаараа Майдар хот төсөл олон улс орон, хөрөнгө оруулагчдын анхаарлыг байнга татаж байдаг. Дэлхий дээр маш олон “Эко Хот” гэсэн нэртэй хотууд байгаа боловч, жинхэнэ сонгодог утгаараа баригдсан хот одоогоор нэг ч байхгүй. Тийм болохоор “Майдар хот” төслийн хүлээлт бол асар өндөр байгаа учир хот төлөвлөлтийн хувьд орчин үеийн тогтвортой хот ямар байх ёстой вэ, боломжтой вэ гэдгийг харуулах сонгодог жишиг хотыг бий болгох шаардлагын дагуу төлөвлөсөн. Харин бодит амьдрал дээр хэрэгжүүлэлтийг нь монголчууд биднийг яаж хийх нь вэ гэдгийг дэлхий нийтээрээ харж, бас хүлээж байгаа.

  • Хот байгуулалтын ажил өнөөдөр эхэлж байна гэж үзвэл төслийн хамгийн сүүлчийн ажиллагаа хэдэн жилийн дараа хийгдэж дуусна гэж харж байна вэ?

Майдар хотод бидний төлөвлөлтөөр бага нягтаршилтайгаар бүтээн байгуулбал 300 мянган хүн оршин суугчтай байхаар, их нягтаршилтайгаар 400 хүртэл мянган хүн оршин суухаар байгуулах боломжтой. 400 мянган хүн оршин сууж болох дээд даац нь байх ба эдгээр нь дэд бүтэц, ус зэрэг одоогийн байршлын байгалийн үндсэн нөөц дээр тулгуурлана. Тэгэхээр төслийн хэрэгжилт болох гүйцэтгэлийн хугацаа зэрэг нь манай Засгийн газрын шийдвэр, хууль, эрх зүйн шаардлага, хөрөнгө оруулалт, түүний хэмжээ, хөрөнгө оруулагчид хэрхэн энэ бүтээн байгуулалтанд хамрагдаж энэхүү бүтээн байгуулалт зөв зүйтэй явахтай шууд хамааралтай. Төслийн хэрэгжилтийг зоосны нүхээр хараад, өнөө маргаашаа бодоод хийгдэх юм бол бидний хүссэнчлэн монгол хүний амьдрах таатай, эко болон тогтвортой хотын шаардлагаа хангаж чадахгүйд хүрнэ. Тийм болохоор, энэ төслийн удирдлага, менежментийг авч явах баг төслийн хэрэгжилтийн амжилтыг шууд тодорхойлно. Хэрэв Майдар хот төсөл төлөвлөлтийн дагуу явагдахгүй бол олон улсад төсөл маань нэр хүндээ хурдан алдана, хөрөнгө оруулагчдад ойлгомжгүй байдлууд үүснэ, үүнээсээ болоод хөрөнгө оруулалтын, цаашлаад менежментийн эрсдлүүд үүсч, төсөл амжилттай хэрэгжих бодит байдал алдагдах тул төсөл санаачлагчид төслийн хэрэгжилтийг төлөвлөснийхөө дагуу авч явахыг бүрэн эрмэлзэнэ. Олон улсын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагчид их онцлогтой. Тэд тухайн бүтээн байгуулалтын төслийн хэрэгжилт төлөвлөлтийнхөө дагуу явагддаг тийм төсөлд л хөрөнгө оруулна, хөрөнгө мөнгөө зарцуулна. Энэ их чухал үзүүлэлт бөгөөд төслийн амжиллтай хэрэгжүүлэх үндсэн шаардлага нь байх юм.

Үргэлжлэл бий...

Сэтгүүлч: Н. Дамцагдулам

Эх сурвалж: ОронсууцЦЭГКОМ© Редакцийн Зөвлөл


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан