"/> "/>

Орон сууц худалдан авах бичиг баримтын процедур

Бүрэн тохиролцоонд хүрэх

-Хэрэв байр хамтран эзэмшигчидтэй бол төлөөлж байгаа хүнээс нь бүгд худалдах шийдвэр, тогтсон үнээ хүлээн зөвшөөрцгөөсөн эсэхийг лавлах. Жишээ нь нөхөртэй нь тохиролцсон үнийг эхнэр нь зөвшөөрөхгүй гэх мэт тохиолдлууд гардаг.

Бичиг баримтын шалгалт
-Шинэ орон сууц ашиглалтанд орохын тулд Барилга Байгууламжийг Ашиглалтанд Оруулах Улсын Комиссийн шалгалтанд тэнцэх ёстой. (Бидний хэлж заншсанаар Комисс орсон эсэх) Харин комиссоор ороогүй хирнээ захиалагчдаа байрандаа оруулаад, бүтэн нэгээс хоёр жил өнгөрчихсөн байрууд бий.
-ЭХЭБГ-аас (Эд Хөрөнгийн Эрхийн Бүртгэлийн Газар) сонгосон байрныхаа гэрчилгээний лавлагааг авах. ЭХЭБГ нь эрх бүхий байгууллагын хувьд байрны гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх, зээлийн барьцаанд байгаа бол, яг ямар банк санхүүгийн байгууллага, хувь хүн, хэр хэмжээний үнийн дүнгийн барьцаанд байгаа зэрэг үнэн зөв мэдээллийг танд өгнө.
-Хэрэв та өргөтгөлтэй орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэж байгаа бол холбогдох бичиг баримттай нь маш хянуур танилцах хэрэгтэй. Ийм үл хөдлөх хөрөнгөнд “Нийслэлийн захирагчийн алба”-наас авсан газрын зөвшөөрөл гол баримт болдог ба тухайн дүүргийн мэргэжлийн хяналтын албаны дүгнэлт, өргөтгөлийн барилгын ажлыг зохих стандартад нийцсэн зургийн дагуу гүйцэтгэсэн баримт, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зөвшөөрөл, холбогдох татвар хураамжуудаа тогтмол төлж байсан баримтууд бүрэн байх шаардлагатай.Эдгээр баримтууд бүгд хууль дүрмийн дагуу биш бол та дээрхи байгууллагуудын үргэлжийн дарамтан доор байх, эсвэл бүр өмчлөх эрхээ алдаж ч болно.
-Зарим орон сууцны эзэд шинэ өмчлөх эрхийн гэрчилгээгээ аваагүй байдаг. Хуучин гэрчилгээг үндэслэн А-4-ийн үнэт цаасан дээрхи ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХИЙН буюу “шинэ” ГЭРЧИЛГЭЭ-г ЭХЭБГ-аас гаргаж өгдөг. Харин хуучин гэрчилгээн дээр ихэвчлэн эзэмшигч гэр бүлийнхний нэрс тэр чигээрээ байдаг. Хэрвээ эдгээр эзэмшигчдийн хэн нэг нь гадаадад, эсвэл нас барсан, гэр бүл салсан байх гэх мэт тохиолдлуудад гэрчилгээгээ шинэчлэхийн тулд ИБМУТ-өөс (Иргэний Бүртгэл Мэдээллийн Улсын Төв) архивийн лавлагаанууд (1-2 долоо хоногийн дараалал хүлээж байж) авах, бусад хамтран эзэмшигчдийн итгэмжлэл авах гэх мэт ихээхэн цаг хугацаа, тэвчээр шаардсан ажил болдог.

“Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ
Та эхлээд аман тохиролцоо хийдэг. Ямар үнээр авч өгөлцөх, зарим эвдэрч гэмтсэн зүйлийг солих, засах, хэзээ төлбөрөө хийх, түлхүүрээ хүлээн авах гэх мэт. Энэ бүгдийг баримтжуулан (Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ), нотариатаар гэрчлүүлж, ЭХЭБГ-т бүртгүүлснээр та сонгосон үл хөдлөх хөрөнгөө өөрийн болгож авдаг. Гэрээг тухайн орон сууц байрлах дүүргийн бүртгэлтэй нотариатч л хийдэг. Нотариатчидад гэрээний бэлэн загварууд байдаг ба зохих өгөгдлүүдийг (овог нэрс,хаяг, бичиг баримтын дугаарууд) бөглөөд л бэлэн болгодог нь учир дутагдалтай. Эл загварууд дээр талуудын тохиролцсон зарим чухал нөхцлүүд тусгагддаггүй тал бий.

ЭХЭБГ-т явагддаг процесс
-“Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ” –ний лавлагаа авахад 3000 төг үйлчилгээний хөлсөнд төлж, ажлын 1 хоногийн дараа хүлээж авна. Лавлагаа нь зөвхөн танд хэрэгтэй мэдээллийг л өгнө.
-“Худалдах, худалдан авах гэрээ” нотариатаар батлагдана. Нотариатчийн үйлчилгээний хөлс нь үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс хамааран 15 000 – 300 000 төг
-ХХОАТ (Хувь Хүний Орлогын Албан Татвар)-ыг нийт үнийн дүнгийн 2%-иар тооцож банкинд тушаана.
-Таны нэр дээр шинээр хэвлэгдэх гэрчилгээний үнэ 300 төг банкинд тушаана.
-ЭХЭБГ-ын үйлчилгээний хөлс үнийн дүнгийн 0,01-0,02% буюу 1000-30000 төг банкинд тушаана.
-ЭХЭБГ-т таны нэр дээр шинэчлэгдэн бүртгэгдэх гэрчилгээний “Эд Хөрөнгө Өмчлөх Эрхийн Бүртгэлийн Мэдүүлэг”-ийг өөрийн овог нэр, иргэний үнэмлэхийн дугаараар бөглөнө.
-Дээрхи баримтуудыг “бичиг баримт хүлээн авах” цонхонд өгч, “буцах хуудас” авна. Энэ буцах хуудсаар ажлын 3 хоногийн дараа, зөвхөн та өөрөө “бичиг баримт олгох” цонхноос гэрчилгээгээ хүлээн авна.

Банкны зээлээр авах бол
- Банкнуудын зээлийн нөхцөлүүдийн талаархи мэдээллийг өөрийн биеэр очиж авах нь хамгийн оновчтой. Учир нь тухайн банкнаас зөвхөн таны нэр дээр зээл олгох тул банк зөвхөн таньтай л харьцана.
-Банкны зээлийн эдийн засагчтай нь уулзан, өөрөөс тань зээл авахад ямар зардлууд гарах (зээлийн шимтгэл, даатгал, бусад үйлчилгээний хөлс, г.м.), бүрдүүлэх бичиг баримтуудын утга, зориулалтуудыг сайтар лавлаад нэг бүрчлэн тэмдэглэж авбал та банкнуудыг хооронд нь харьцуулж, аль банкны үйлчилгээ өөрт чинь илүү тохирохыг сонгоход хялбар байх ба цаг заваа хэмнэх болно.

Эцэст нь
Энэ зөвлөгөөнд дурдагдсан бүх мэдээллийг олж авах, бичиг баримтуудыг шалгах, гэрчилгээ гаргуулах процедурын үйлчилгээг манай агентлагаас иж бүрэн авах боломжтой.


Мэдээллийг бэлтгэсэн: БЭСТА АГЕНТЛАГ


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан