"/> "/>

Хот байгуулалтын форум болно

“Хот байгуулалтын салбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдвийн дор хот байгуулалтын форум энэ сарын 24-нд “Хангарьд” ордонд болох гэж байна. ЗТБХБЯ, Газрын харилцаа, барилга, геододези зураг зүйн газар, НЗДТГ, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газар, Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас хамтран зохион байгуулж буй форум үндсэн хоёр асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнөнө.

Эхнийх нь хот байгуулалтын бодлого, хууль эрхзүйн орчин, хүний нөөц. Хоёр дахь нь хот төлөвлөлт хөгжлийн чиг хандлага. Дээрх сэдвийн хүрээнд хэлэлцсэнээр хот байгуулалтын салбарын хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, хот байгуулалт, төлөвлөлтийн бодлого, стратегийг боловсруулж хэрэгжүүлэхэд төр захиргааны байгууллагуудаас баримтлах зарчмуудыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх цаашилбал, хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч талуудын хамтын ажиллагаа, хоорондын уялдаа холбоог сайжруулах, санал бодлоо солилцох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлүүлэх зорилготой юм. Форумаас Улаанбаатар болон бусад хотуудын тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий ажлын хэсэг байгуулна.

Мөн “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр” болон “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Дашрамд дуулгахад, хот байгуулалтын салбарын мэргэжилтнүүд өөрсдийн ололт амжилт, туршлагаа солилцох, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамтарч ажиллах, уулзаж санал бодлоо хуваалцах зорилгоор хот байгуулалтын дэлхийн форумыг 2002 онд Кенийн Найроби хотноо анх зохион байгуулсан. Хоёр жилд нэг удаа болдог энэхүү форумын энэ удаагийнх ирэх есдүгээр сард Италийн Наполи хотноо болно.

Эх сурвалж: ЗТБХБЯ


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан