"/> "/>

Замхарч буй мөрөөдлийн хөтөлбөр

Хаваржин, зунжин л зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдахаар Төрийн банкны үүдийг сахисан залуусийн ажил бүтэмж муутайхан, банкны өндөр шаардлага, байрны үнийн хөөсрөлөөс болж тэдний мөрөөдөл замхарч эхэлжээ. Өнгөрсөн гуравдугаар сард жилийн зургаан хувийн хүүтэй зээл гаргахаар болсноо зарласан Засгийн газрын хуралдааны дараахан Орон сууцны санхүүжилтын корпораци, Эд хөрөнгө бүртгэлийн газар олны хөлд бараг л нурж унах дөхсөн дөө. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх шахам жилийн зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдахын тулд анх удаа байр авч байгаа гэсэн алгын чинээхэн бичгийн төлөө “дайтсан”. Харамсалтай нь өдөртөө 800 гаруй хүнд үйлчилж, ачаалал ихтэй байгаагаа сүр болгож байсан Эд хөрөнгө бүртгэлийн газрынхны яриад байсан тэр олон хүнээс тун цөөхөн хүн жилийн зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдаад байгаа гэнэ. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Төрийн банкны 115 дугаар зээлийн хороогоор дамжуулан 270-хан хүнд жилийн зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдах эрх олгосон байна. Монгол Улсын Засгийн газраас баталсан 341 дүгээр тогтоолоор жилийн зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдах өрхийн худалдан авах орон сууц 55 метр кв-аас доош  байх ёстой. Мөн заавал “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан компаниудын орон сууцнаас авахыг заасан байгаа.  Анх удаа байр авч буй, аав ээжийнхээ байрны ордер дээр нэр нь бичигдээгүй, сарын орлого нь 700 мянган төгрөг байх, цаашлаад баригдаж дуусч байгаа орон сууцнаас худалдан авсан байх ёстой гээд түмэн янзын шаардлага хангаж байж л “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг дэмжих хүрээнд гарч буй жилийн зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой болох юм.

УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд зорилтот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “100 мянган айлын орон сууц” төсөл 2010-2016 оны хооронд хэрэгжих ёстой бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дээрх төсөл үр өгөөж муутай байгаа нь үнэн.  Засгийн газраас мэдэгдэж УИХ-аас баталсан тогтоол ёсоор бол “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах, гэр хорооллын тэлэлтийг багасгах, Улаанбаатарын агаарыг бохирдлыг бууруулахад зориулж, нэг сумаар хоёр туулай буудах зорилт тавьсан.  Гэтэл “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр бага, дунд орлоготой өрхийг орон сууцжуулах хөтөлбөр болж чадсангүй. Учир нь энэхүү хөтөлбөрт хамрагдсан гэх барилгын компаниудын орон сууцны метр квадрат нь өнөөдөр хамгийн багадаа 1500000 төгрөг байна. Ерөнхийдөө орон сууцны дундаж үнэ өнөөдөр метр квадрат нь 1800000 төгрөг байгаа юм. Ийм өндөр үнэтэй орон сууцыг бага, дунд орлоготой иргэд дийлж авч чадна гэж үү. Тэдний цалин өнөөдөр хэд байгаа билээ.

Жилийн зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдах иргэдэд 50 сая төгрөгийг олгох бол зөрүү мөнгийг нь иргэд өөрсдөө гаргах ёстой. Зөрүү мөнгө болох 20-30 сая төгрөгийг иргэд хаанаас гаргаж чадах юм бэ. Ийм их мөнгө бага, дунд орлоготой иргэдэд байсан бол юу гэж л байрны үнэ өсөхийг хүлээгээд хав дараад байв гэж, аль эрт л амиа борлуулчихсан байх ёстой биз дээ.

Үнэ эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогддог. Монголд байрны хэрэгцээ байгаа юу гэвэл бий. Мянга, мянган иргэн орон сууцны мөрөөсөл болчихоод байгаа. Харин эрэлт байна уу гэвэл байхгүй. Мөнгөтэй, боломжтой байх л эрэлтийг бүрдүүлдэг. Барилгын салбарт байрны хэрэгцээ их ч харин эрэлт бага байгаа. Тэгвэл нийлүүлэлт нь бүр ч алга байна. Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар намраас байрны үнэ навс бууна гээд л сонгуулийн өмнөхөн баахан шоудсан. Бодит байдал дээр байрны үнэ хөөсрөлтэй хэвээр байгаа. Хэрэвзээ Хятадыг нөмөрч  буй эдийн засгийн бараан сүүдэр Монголыг дайрвал барилгын салбар уналтад орох нь тодорхой. 2008-2009 онд Монголын барилгын салбар хэрхэн хямарсныг олон хүн санаж буй биз. Одоо байгаа үнийн хөөс, хямралтай давхцах юм бол барилгын салбар сэхэл автлаа нэлээд удах тийм хүндхэн байдалд орж болзошгүй байна.

“Зуун мянган айлын орон сууц” хөтөлбөрийг үр дүн, өгөөжтэй болгохыг хүсвэл эрэлт, нийлүүлэлтийг зэрэг хангах ёстой. Жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг зөвхөн эрэлтэд зориулж гаргах бус нийлүүлэлтэд зориулж гаргах ёстойг ч эдийн засагчид зөвлөж байгааг шинэ засгийн шинэхэн сайдууд анхааралдаа авчихад буруудахгүй лболов уу. Нөгөөтэйгүүр хэтэрхий  дураар авирлаж байгаа барилгын салбарт төрийн нударга хэрэгтэй байгааг хэлэх хүн олон. Мэдээж, баян хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү чамд хамаагүй гэгчээр хувийн хэвшлийнхний  ажилд төр хутгалдах нь буруу байж болох юм. Гэхдээ төсөл хэрэгжүүлж буй юм бол “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан барилгын компаниудын орон сууцны үнийг 1199000 төгрөг байлгах боломжтой гэсэн салбарын яамны мэргэжилтнүүдийн хавар гаргасан судалгаанд үндэслэж шаардлага тавих эрхтэй билээ.

Ийнхүү олон шалтаг, шалтгаануудын улмаас иргэдийг орон сууцжуулах гоё мөрөөдлийн хөтөлбөр урагшлах бус замхрах тал руугаа орчихжээ, янз нь.

Ж.ЭРХЭС   / Ардын эрх сонин /


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан