"/> "/>

С. Лувсанхүү: Э. Бат-үүлтэй уулзаж, байшингаа дулаантай болгох гэсэн биш нуруулгах дээрээ туллаа.

Хотын мэр Э.Бат-үүл саяхан Гандангийн дэнжийн гэр хорооллынхонтой уулзав.Уулзалтдаа жигтэйхэн ач холбогдол өгч, иргэдийн аж байдалтай газар дээр нь танилцлаа гэсэн мэдээ телевизүүдээр цацагдав. Мань хүн гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох ажлаа эхэлж, Гандангийн дэнжийнхэн ч анхдагч болох нь гэж дотроо бодож байлаа. Харамсалтай нь, телевизээр гарч байсан шигээ үр өгөөжтэй үйл ажиллагаа болоогүйгээс гадна иргэдийн асуудлыг шийдэх гэж биш шоу хийж нэр хүндээ өсгөхөөр л тэнд очсон байна. Ингэж хэлж буйн учир нь Гандангийн дэнжийн иргэдтэй уулзалт хийсний дараа уг уулзалтыг зохион байгуулсан иргэн С.Лувсанхүү бидэнд хандсан юм. С.Лувсанхүүгийн ярьсныг уншигч танаа хүргэе.

-Та өөртөө тулгараад байгаа асуудлаар Э.Бат-үүл даргатай биечлэн уулзжээ. Тэр ямар ч шийдэл, арга хэмжээ аваагүй гэж үү?

-Гантөмөр даргадаа “Энэ хүний асуудлыг шийдээд, холбогдох архитектур, газрын хүмүүстэй уулзуул...” гэж хэлсэн. Нөгөөх нь намайг архитектур Одбаяр гэдэг хүнтэй уулзуулсан. Би барилгынхаа зургийг үзүүлээд, учир байдлаа хэлээд, ганцхан дулааны сүлжээндээ холбогдож чадахгүй байгаагаа хэлсэн. Харин тэр “Танай байшин чинь анхнаасаа батлагдаагүй зураг төслөөр хийгдсэн байна. Техникийн нөхцлөө аваагүй юм байна шүү дээ. Ийм байшинг нураадаг юм...” гэсэн хариу өгсөн. Өөрийнхөө гэрчилгээтэй газар дээр, өөрийн хөрөнгөөр байшин бариад, түүнийгээ дулаан, шугам сүлжээнд холбуулах гэсэн чинь зураг төсөл буруу байна, нураана гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Би хүний газар дээр, барилга бариагүй шүү дээ. Түүнээс хойш яахаа мэдэхгүй ингээд л явж байна. Ямар ч байсан байшингаа нураалгахгүй. Энэ чинь миний өмч. Хувийн өмч. Хувийн өмч гэдэг юмыг халдаж дайрахгүй, хайрлаж хамгаалах ёстой гэдэг чинь Э.Бат-үүлийн ч биш Ардчилсан намын, ардчиллын гол үнэт зүйл биз дээ. Ер нь Э.Бат-Үүл өөрөө ганц тоосго ч барьж үзээгүй, жорлон барьж яваагүй хүн гэж бодож байна. Харни түүний өмч хөрөнгө нь ядарсан мань мэт шиг гэр хорооллын дундах гуравхан давхар сууцаар хязгаарлагдахгүй байх л даа. Миний хувийн өмч рүү тэд халдлаа гэхэд миний хохирлыг хэн барагдуулах юм бэ.

Би өмч хөрөнгөтэй, орох оронтойгоор энэ улс эх оронд чинь ажиллаж амьдарч суух эрхтэй Монгол хүн юм байгаа биз дээ. Би залуу халуун насаа улс эх орондоо ажиллаж хөдөлмөрлөж, одоо үр хүүхдийнхээ гар дээр өтөлж хөгширч яваа хүн. Хөгшин хүн энэ эх оронд чинь хэрэггүй үнсэнд хаягдсан шалз шиг үлдэх ёстой юм уу. Э.Бат-Үүлийн хөрөнгө минийх шиг харагдахгүй байж магадгүй. Нураалгаад хохирч үлдэх хэмжээнд хөрөнгө хуримтлалгүй байх. Тэгвэл яагаад насаараа хурааж хумьсан ядарсан миний, минийх шиг олон хүнйи хувийн өмчийг нураана гэж алх худаар барьж дайраад байгаа юм бэ. Тэрбайтугай Э.Бат-үүл чинь гэр хорооллыг цэвэр бохир усны сүлжээ, дулааны шугамд холбоно гэж амлаж байж сонгогдоо биз дээ Одоо сонгогдчихсон болохоор санал өгсөн над мэтийн эмгэн хэрэггүй юм. Ийм үзэл хандлагаар ч хотын дарга хийнэ гэж бодож байвал хол андуурч байна.

Ерөөсөө ярьж байсныхаа эсрэг буюу гэр хорооллын айлууд хэсэг бүхлээрээ нэгдээд, санал санаачлага гаргавал дэмжиж халуун дулаан, цэвэр бохиртой холбож өгнө гэсэн нь худлаа болж таарч байна. Манай тэр хавийн, Гандангийн дэнжийн иргэд цуглаад, дулаан, цэвэр бохир усны сүлжээнд холбогдмоор байгаа тухайгаа хэлсэн. Эхнээс нь авахуулаад миний хүсэлт гэхэд л талаар болж байшингаа нураалгах эсэх дээрээ тулаад байна шүү дээ. Тэгэхээр тэр амлалт худлаа юм байна. Зүгээр шоу хийгээд байгаа байхгүй юу.

-Та амьны орон сууцаа дэд бүтцэд холбох хүсэлтэй байсан ч асуудал тулгарсан гэсэн. Яг юу тохиолдсон тухай эхнээс нь ярина уу?

-Би Гандангийн дэнжид буюу БГД-ийн 16-р хороонд амьдардаг. Газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, гурван давхар байшинтай. Би нийтийн талбай дээр барилга бариагүй. Инженерийн шугам сүлжээн дээгүүр ч барилга бариагүй. 2 давхар байшинтай газар худалдаж аваад, нэг давхар нэмж барьсан. Манай байшин цэвэр, бохирын шугамтай холбогдсон. Эрчим хүчтэй холбогдсон. Би холбогдох газраас нь зөвшөөрөл аваад, хөөцөлдөөд албан ёсоор, хуулийн дагуу холбуулсан юм. Одоо зөвхөн дулааны шугамтай л холбогдох хэрэгтэй байгаа. Манай хашааны хажуугаар төвийн дулааны шугам, сүлжээ өнгөрдөг. Ердөө тав хүрэхгүй метрийн зайтай. Би хашаандаа дулааны шугам сүлжээний худаг хүртэл бариулчихсан. Одоо зөвхөн холбох зөвшөөрлөө аваад, холбуулах л үлдээд байгаа юм. Харамсалтай нь, төрийн албаны хүнд суртлаас болоод зөвшөөрлөө авч чадахгүй яваад байна. Төрийн албан газрууд нь хоорондоо бичиг цаасаа шидэлцээд, “ийшээ яв, тийшээ яв...” гээд сүүлдээ учрыг нь олохоо байсан.

-Тухайлбал, ямар албан байгууллагуудаар орж, зөвшөөрөл авахаар хөөцөлдсөн бэ?

-Дулааны шугам сүлжээний газарт очсон. Манай байшинд хэдий хэрийн дулаан хэрэгтэйг инженерийн горимийн тооцоог нь хүртэл хийлгэсэн. Тэнд хүсэлтээ тавиад очиход барилга хот байгуулалтын яаманд оч гээд. Зургийн даалгавар гэдэг юм авчир гэсэн. Хотын захирагчийн захирамж, хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөг үзнэ гээд байгаа юм. Тэр бүхнийг би яаж үзүүлэх юм. Сүүлдээ манай байшинд техникийн нөхцөл нь байхгүй, дулааны сүлжээнд холбох боломжгүй гэж байгаа юм. Тэгээд би хотын дарга Э.Бат-үүлтэй уулзахаар шийдэж, өөртэй нь нүүр тулж уулзсан.

-Та хотын даргатай уулзаж, учир байдлаа хэлээд ямар нэг ахиц дэвшил гарсан уу?

-Би хотын дарга иргэдтэй уулздаг өдөр нь очоод, долоо хоног шахам сахиж сууж байгаад уулзсан. Учир байдлаа хэлсэн. Манай хажуу талд дулаанд холбогдсон гурван давхар байшин байдаг. Нөгөө талд нь бас дулаанд холбогдсон машины гараж байдаг. Цаад талд нь зочид буудал бас дулаанд холбогдчихсон. Солонгос эзэнтэй ресторан хүртэл дулаанд холбогдчихон байхад амины орон сууцандаа би яагаад дулаан холбуулж болохгүй гэж. Э.Бат-Үүл дарга ч миний амлаж байсан зүйл, би энийг л хийх гэж хотын дарга болсон гээд “Газар дээр нь очиж танилцана.

Гандангийн дэнжийн иргэдтэй уулзана. Асуудлыг шийднэ. Та иргэдийг цуглуулж зохион байгуулаарай” гэсэн. Би ч цуглаан зохион байгуулаад, тэр хавийнхаа иргэдийг “улаан булан” гээд сонгуулийн санал авдаг байранд авчирсан. Тэгээд хотын дарга хэвлэл мэдээллийнхэнтэй ирээд л маш олон хүн цугларсан уулзалт болсон доо.

-Тэгээд хотын дарга газар дээр нь очиж танилцсан уу. Ямар нэг арга хэмжээ авсан уу?

-Хотын дарга Гандангийн дэнжийн иргэдтэй уулзаж зүгээр л шоу хийсэн. Газар дээр нь очиж танилцана гэж байсан ч манай газрыг холоос харсан болоод л яваад өгсөн. Би дулааны шугам сүлжээ зэрэг хэдэн байгууллагын дарга нарыг гуйж байж нэг юм өөрийнхөө газар дээр аваачиж, байшингаа харуулсан. Бусдаар бол Э.Бат-Үүл дулааны сүлжээнд холбох асуудлыг шийдвэрлэх нь байтугай манай байшинг ч олж хараагүй.

Миний асуудлыг шийдвэрлэх дулааны шугам сүлжээний газраас нэг ч хүн авч ирээгүй. Гандангийн дэнжийн иргэдийн асуудлыг сайхан сонсоод, бид шийднэ гэж хэлж, ярьж байгаад л ямар ч арга хэмжээ авалгүй яваад өгсөн. Уг нь миний ойлгосноор газар дээр нь очиж уулзаж байгаагийн учир юу билээ, хашаа байшин дээр нь очоод ямар асуудал тулгарсныг биечлэн үзээд, ямар тээг саад учирсныг сонсоод, түүнийг шийдвэрлэх гарц зааж өгөх болов уу гэж бодож байсан.

Эх сурвалж:  www.bolod.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан