"/> "/>

Барилгын компанийхны мөрөөдөл, худалдан авагчдын хясал нэг цэгт огтолцдог

Нийслэлийнхэн утаанаас салж, орон сууцанд амьдарна гэдэг биелшгүй мөрөөдөл бололтой. Учир нь орон сууцанд орох хүсэлтэй хүн олон байдаг боловч үнийг нь дийлэх хүн цөөрсөөр л байна. Шулуухан хэлэхэд орон сууцны үнийг төр өөрөө нэмсэн. Учир нь Засгийн газар энэ оны гуравдугаар сараас эхлэн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хөтөлбөрийг ямар ч зохион байгуулалт хяналт шалгалт, тооцоололгүйгээр эхлүүлсэн гэсэн шүүмжлэл тасрахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгож эхэлмэгц орон сууцны ам метрийн үнэ өсч эхэлсэн. Нэмэгдэх нэмэгдэхдээ зуу зуун мянгаараа огцом өссөн. Хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлснээр байрны эрэлт хэрхэн нэмэгдэх, үүнээс ямар үр дагавар гарах талаар Засгийн газар огтхон ч тооцоолоогүй.

Тодруулбал, орон сууцны ам метрийн үнэ энэ оны гуравдугаар сараас өнөөдрийг хүртэл 300- 700 мянгаар нэмэгдсэн байна. Үнийн хөөсрөлт дээд цэгтээ тулчихаад байгаа энэ цаг үед Засгийн газар жолоогоо алдсан морь шиг ямар ч зохицуулалт хийж чадахгүй байна. Эдийн засагчид орон сууцны үнэ ирэх жилээс хямдарна гэж таамаглаж байгаа. Гэсэн ч таамаг төдий байгаа барилгын үнийг хямдарна гэдэгт иргэд эргэлзэж байгаа билээ. Манай улсад барилгын эрэлт нэмэгдэж, үнэ тэнгэрт хадаж байгааг гадаадынхан гайхаж байна. Учир нь дэлхийн аль ч улсад ийм огцом өсөлт гарч байгаагүй гэнэ. Яг өнөөдрийн байдлаар орон сууцны үнийн өсөлтөөр манай улс тэргүүлэх эгнээнд бичигдээд байна. Зарим өндөр хөгжилтэй улстай харьцуулахад орон сууцны ханш харьцангуй хямд мэт боловч иргэдийнх нь худалдан авах чадварыг бодож үзэхээр асар их ялгаа гарч байна. Аливаа улс бараа, үйлчилгээнийхээ үнэ тарифыг ДНБ, мөнгөн тэмдэгтийнх нь гадаад валюттай харьцах чадамж, боловсон хүчний цалингийн хэмжээ зэрэгтэйгээ уялдуулан тогтоодог. Гэтэл манайд энэ бүхний харьцаа холбоо бүгд алдагдсан нь үнийн хөөсрөлт бий болсныг илтгэж байгаа хэрэг.

Манайд орон сууцны үнийг өсгөж байгаа хэд хэдэн хүчин зүйл байдаг. Барилгын гол нэрийн материал, боловсон хүчнээ импортоор авдаг, дотооддоо авлига хээл хахууль ихтэйгээс гадна газар хэтэрхий өндөр үнэтэй нь хамгийн ихээр нөлөөлдөг. Саяхан болсон “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” зөвлөлгөөний үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ “Барилгын салбарт үнийн хэт хөөрөгдөлт бий болсон. Үүнийг зохицуулахын тулд барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж, цемент, арматур зэрэг гол нэрийн материалыг дотооддоо хийдэг болно. Үүний хажуугаар барууны хөгжингүй улсуудын хямд, хялбар ажиллагаатай дэвшилтэт технологийг Монголдоо нэвтрүүлнэ. Одоо тоосго өрж, шавар зуурахаа болих цаг ирсэн” гэж байсан. Барилгын үнийг үүнээс өөр аргаар хазаарлах боломж үнэхээр байхгүй гэж үү. Монголчууд хэзээ дотооддоо барилгын материалаа хийж, хэзээ хямд үнэтэй тохилог орон сууцанд амьдрах нь тодорхойгүй л байна.

Тохилог орон сууцанд амьдрахыг мөрөөдөгсөд олон боловч дааж давшгүй өндөр үнийг давж гарах нь даанч цөөхөн юм даа. Арга ч үгүй биз дээ. Өнөөдрийн байдлаар ам метр нь 1.4-2.5 сая төгрөгийн ханштай орон сууцыг сарын 250 мянган төгрөгийн цалинтай монголчууд хөнгөлөлттэй зээлд нь хамрагдаад ч үнийг нь төлж дийлэхгүй хойно. Тиймээс худалдан авагчаа хүлээн дутуу баригдсан барилгууд хотын төвд ярайна. Орон сууцаа худалдахыг хүссэн барилгын компанийнхан, үнэд нь сүрдсэн иргэд аль алиных мөрөөдөл нэг зүйлээр зөрчилдсөөр байна.

ҮНЭ ӨСЧ БАЙГАА НЬ ЭРЭЛТ ИХ БАЙНА ГЭСЭН ҮГ
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.ЧУЛУУНБАТ:

Үнэ өсч байгаа нь зах зээл дээрх эрэлт хэрэгцээ их байна гэсэн үг. Барилгын материалын дийлэнх нь импортоор орж ирж байгаа. Орж ирэхдээ тээвэрлэлт, шалгалт, хадгалалт гэсээр байгаад маш их цаг авч, зардал гараад үнэтэй болж байна. Үүнд Засгийн газар дорвитой арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа. Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийг нээх талаар эрчимтэй ярьж байна. Тэгэхээр хямдруулах бололцоотой болно. Хоёрдугаарт, иргэддээ урт хугацаатай орон сууцны зээл авах боломжтой болгож өгөхөөр ярьж байгаа юм. Гол нь Монголын иргэдийг орон сууцтай болгоно гэдэг утгаар үүнийг ярьж байна. Мөн одоо бүх газар төрийн мэдэлд байгаа шүү дээ. Төр хэрэв энд орон сууцаа барь гээд барилгын компаниудтай гэрээ хийгээд ажиллах юм бол газрын үнэ нэг их өсөхгүй. Урьд нь газар түшмэдүүдийн бизнес болчихоод үнэтэй байсан. Шинэ хотын дарга газрыг хуваарилах, худалдах, олон нийтийн хүртээл болгох ажлыг ил тод хийхээр болж байгаа гэж ойлгож байна. Яахав үнэтэй зарагдаг. Гэхдээ хуучин шиг зөвхөн хэдэн дарга нарын халаасанд ордог биш, зарагдсан тэр мөнгөөр нь тухайн газартаа дэд бүтэц болж ашиглагддаг байх ёстой. Бусад оронд ийм туршлага бий.

ЗАСГИЙН ГАЗРААС “БОСГО ҮНЭ”-ИЙГ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ
Гавьяат эдийн засагч Н.ДАШЗЭВЭГ:

-Байрны үнэ өснө гээд хэлчихвэл байрны үнэ өснө. Хүмүүс өснө гээд хөөрөгдөөд байх юм бол өсөөд л явчихна шүү дээ. Ер нь байрны үнийг төрөөс тогтоодог болох хэрэгтэй. Тэгэхгүй дураараа тогтоогоод байх юм бол хэрэглэгчид л хохирно. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр байрны үнийг хямдруулах нэг нөхцөл болж байна. Нөгөө талаар дахин газар өгөхгүй гээд байгаа нь үнийг өсгөх хүчин зүйл болно. Энэ хоёрын хооронд л үнийн тоглоом явагдана. Орон сууцны үнийг бууруулахын тулд төр “Босго үнэ” гэдэг юм гаргах хэрэгтэй. “Босго үнэ” хоёр янзаар гарна. Дэд бүтэц нь бэлэн, хажууд нь байгаа байрны үнэ өөр. Ийм нөхцөлд байрыг дорхноо барьчихна. Дэд бүтэцгүй газрын байрны үнэ гэж бас нэг өөр байна. Энэ хоёрыг тусад нь гаргах хэрэгтэй л дээ. Дунджаар үнэ гаргаж болохгүй. Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам нийлээд байрны “Босго үнэ”-ийг тогтоож байх хэрэгтэй. Энэ бол Засгийн газрын өөрийнх нь мэдлэг чадварын асуудал. Засгийн газар үүнийг зохицуулах бүрэн боломжтой. Хоёрдугаарт, орон сууц болон газрын зөвшөөрөл өгөхдөө “Босго үнэ”-ээр зарах ёстой гэсэн нөхцөл байх хэрэгтэй. Иймэрхүү байдлаар орон сууцны үнийг зохицуулж болно. Тэгэхгүй бол байрны үнэ дээшээ үсэрчихээр нөхцөл байдалтай болчихлоо. Жаахан цуурхал, хэл яриан дээр өсчих гээд байдаг. Барилгын компаниудын зүгээс байрны үнэ өснө гэдэг мэдээллийг хэвлэлээр төлбөртэй, төлбөргүй гээд янз бүрийн хэлбэрээр цацаад байна. Тэгэхээр тогтвортой байна гэвэл тогтвортой байж л байна. Ерөөсөө ямар бодлого, пиар явах вэ гэдгээсээ хамаараад байна шүү дээ. Гэхдээ нөгөө талд барилгын компаниудыг юу ч үгүй, ашиггүй үлдээж болохгүй. Үүнийг маш сайн тооцох хэрэгтэй.

НИЙЛҮҮЛЭЛТИЙГ БОГИНО ХУГАЦААНД ХАНГАЖ ӨГӨХ НЬ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ЗОГСООХ НЭГ АРГА
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш доктор, профессор Л.ОЮУН:

-Орон сууцны эрэлт их байгаа болохоор үнэ өсөх хандлагатай. Нийлүүлэлтийг богино хугацаанд хангаж өгөх нь үнийг зогсоох нэг арга. Ингэхийн тулд хямд үнэтэй, дундаж орлоготой хүмүүс худалдаад авч болохоор барилгыг төрийн оролцоотойгоор барьж өгөх хэрэгтэй. Жишээлбэл, төрөөс өрөөний хувьд тансаг биш байр захиалгаар бариулж болно. Ингэх нь асуудлыг шийдвэрлэх нэг алхам юм. Төр энэ зохицуулалтад оролцдог олон улсын туршлага бий. Мөн байрны үнэ хадаад байгаа нэг шалтгаан нь газар үнэтэй байгаатай холбоотой. Тэгэхээр барилга барих компаниудад газрыг үнэгүй өгөх юм бол бас асуудлыг шийдвэрлэх боломж гарч ирнэ. Сингапур улсад иргэдээ орон сууцаар хангачихаад төлбөрөө цаг тухайд нь хийж байгаа айл өрхөд төлсөн мөнгөний хүүгийн тодорхой хувийг буцааж өгдөг. Энэ мэтчилэн манай улсад хэрэгжүүлээд явах боломжтой олон арга байна. Тэгэхээр хүсэл байх л юм бол ийм боломж бий.

ТӨРӨӨС ГАЗАР, ДЭД БҮТЦИЙН АСУУДЛЫГ ШИЙДЧИХВЭЛ БАЙРНЫ ҮНЭ БУУРНА
ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн онолын багш Р.ОРОСОО:

-Миний бодлоор байрны үнэ нэг их өсөхгүй байх. Монголбанкнаас ч гэсэн ханш уналтыг долоо, найман хувьд барина гээд байгаа. Гэхдээ буурна гэж байхгүй байх л даа. Ер нь тогтвортой байх болов уу гэж бодож байна. Гэхдээ аливаа юм буурахдаа их хойрго. Ер нь гурван жил дотроо орон сууцны ханш тогтвортой байх боломжтой. Газар, дэд бүтцийг бүрдүүлээд өгчих юм бол үнэ буурна. Жишээлбэл, орон сууц барих зориулалтын газар өгөөд, дэд бүтцийг нь бүрдүүлээд өгчих юм бол хамаагүй их хөнгөлөгдөнө. Ингээд ирэхээр хот төлөвлөлт ч гэсэн зохион байгуулалт сайтай болно. Бусад орнууд ийм арга хэрэглэдэг юм билээ. Хоёрдугаарт, дотооддоо цементийн томоохон үйлдвэр барьчихвал ямар нэгэн хэмжээгээр буурна. Гэвч иймэрхүү бууруулах боломж бүхий аргыг хэрэглэхгүй байгаа юм. Яриад байгаа л болохоос хэрэгжиж байгаа юм алга.

   Эх сурвалж:  

М.Дэлгэр-Уянга


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан