"/> "/>

Ерөнхий сайдын барилгын салбарыг аврах гарц нь эдийн засагчаар толгойлуулсан хуульчид гэнэ.

Улаанбаатарт барьж буй барилга бүр асуудал дагуулсан энэ үед эл салбарыг толгойлж буй эрхэм яах аргагүй түмний хараанд өртөж байгаа. Зөвшөөрөлтэй гэхээсээ зөвшөөрөлгүй, чанартайгаасаа чанаргүй нь олон болчихоод буй барилгууд болон компанийн эздэд салбарын сайд ямар хариуцлага тооцох нь анхаарал татаж буй учраас Ц.Баярсайхан гэх эрхмийн үйл хөдлөл бүр нь олны анхаарлын төвд байна.

ШАВАР ЗУУРЧ, ТООСГО ӨРЖ ҮЗЭЭГҮЙ ХҮН ЭНЭ САЛБАРЫН АВРАЛ
Д.Баярсайханы хувьд сайдын суудалд суусан даруйдаа энэ асуудалтай хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн. Бас эл ажлын эхлэл болгон хоёр ч шинэчлэлтийг хийх тухайгаа зарласан бөгөөд юуны түрүүнд тэрбээр барилгын салбарт үйлчилдэг 670-аад норм, 420-иод стандартыг цаг үеийн шаардлагаар өөрчилнө, үүнийг дагасан шинэчлэлт хийнэ гэсэн байна билээ. Бас Барилгын тухай хуулийг шинэчлэн найруулж батлуулах, энэ салбарт ажилладаг байгууллагуудаас шаарддаг таван төрлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тухайн объект, барилгад шууд өгдөг зарчимд шилжүүлнэ. Мөн тусгай зөвшөөрлийг авахын тулд 120 орчим албан тушаалтны гарын үсэг цуглуулж буйг халж ердөө 24-25 эрх бүхий хүний гарын үсэгтэй зөвшөөрлөөр барилгын ажил эхлэх журамд шилжүүлнэ хэмээсэн нь яах аргагүй олон нийтэд таалагдаж, зарим нь “Энэ үг худал амлалт бүү байгаасай” хэмээхэд хүргэсэн. Уг нь эрхэм сайдын энэ яриа биеллээ олчихвол иргэд бусдад авилга өгөх нээнтэггүй болж цаг заваа хэмнэх гээд олон давуу талтай ч үүнд чамгүй хугацаа шаардагдах нь мэдээж.

Гэхдээ иргэдэд үүнийг дагасан нэг эргэлзээ байгаа. Энэ нь сайдын энэ амлалт амьдрал дээр буухгүй байх вий гэсэн айдас. Учир нь иргэд “Нэг ч удаа барилгын талбайд гарч, шавар зуурч, тоосго өрж үзээгүй хүн арай л хялбар бас хөнгөнөөр энэ асуудалд хандаад байна уу даа” гэж буй юм. Үнэндээ бол Ц.Баярсайхан барилгын бус эдийн засгийн хүн. 1980- 1981 онд ОХУ-ын Иркутск хотод ПДС-ийн бэлтгэл факультет, 1981-1986 онд ОХУ-ын Москва хотын Эдийн засаг, статистикийн дээд сургуулийг эдийн засагч-статистикч мэргэжлээр, 1992 онд БНСУ-д удирдах ажилтны дээд курс, 2001-2002 онд МУИС, эдийн засгийн ухааны магистр дараа нь докторант болсон гэхээр иргэдийн хэлж буй нь оргүй зүйл бас биш. Уг нь Ц.Баярсайхан УИХ-ын чуулганы танхимд төсөв хэлэлцэх үед под хийсэн асуулт тавьчихаад байдгийг бодолцвол өөрийнх нь эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу албан тушаал өгсөн нь арай илүү ч байсан байж мэдэх. Гэвч намынх нь дарга үүнийг бодолцсон эсэхийг мэдэхгүй бөгөөд “Энэ хүн сайдын суудалд суух гавьяатай” гэсэн өнцгөөс түүнд Барилга хот байгуулалтын сайдын суудлыг өгсөн байж мэднэ. Намынх нь нөхдийн өгүүлснээр түүний намдаа томоос том гавьяатай гэдэг нь яах аргагүй үнэн. Учир нь тэрбээр 1996 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшин ялалт байгуулсан. Хамт ажиллаж байсан залуусыг өөрийн араас дагуулж ардчилсан хүчинд уруу татсан гэх мэтээр тооцоод байвал намдаа мартагдаж болохгүй гавьяатан юм билээ. Бас өмнөх сонгуулийн үеэр намынхныхаа итгэлийг алдалгүй суудал авч чадаж байсан нь үүнд нөлөөлөх бөгөөд элдэв ааш зангүй, бусадтай адил идэж уух гэж улайраад байдаггүй мөрөөрөө хүүхэд хэмээн нутгийн олон нь тун ч саймширдаг юм билээ.

ХАЯЛГАТАЙ ТҮШЭЭГИЙН ШАДАР
Энэ эрхэмтэй хамт эл салбарыг түшилцэх бас нэг хүн нь Г.Байгальмаа хэмээх бүсгүй. МоАХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга байсан гэдэг утгаараа Х.Баттулгын хүн хэмээн цоллуулж олны танил болсон түүний хувьд эзэмшсэн мэргэжил нь ч, хийж байсан ажил нь ч энэ салбараас тун хол. Учир нь тэрбээр “Отгонтэнгэр” их сургууль, Нийгмийн ухааны “Либерти дээд сургуулийг төгссөн, олон улсын эрхзүйч мэргэжилтэй юм байна. Гэхдээ түүнд нэг авмаар чанар байдаг тухай хамт ажиллаж байсан нөхөд нь өгүүлсэн. Тодруулбал, тэрбээр ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газар ахлах байцаагчаар дөрвөн жил гаруй ажилласан бөгөөд энэ хугацаанд албаа тун сайн хашсан, шаардлага өндөртэй шийдвэр гүйцэтгэгч байсан гэдгийг хэлж байна. Гэвч тэрбээр 2000 оны дундуур энэ ажлаа өгч МоАХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга болсноор зургаан жил Х.Баттулгын шадраар ажиллажээ. Энэ хатагтайн хувьд ажлаа авсан даруйдаа хот, хөдөө гэлгүй салбарынхантайгаа уулзаж санал бодлыг нь сонсч буй нь түүний бас нэг сайн чанар бөгөөд яг ийм хатуу, зарчимч байдлаараа Х.Баттулгатай тун ч сайн гар нийлдэг байсан гэх юм билээ. Х.Баттулгын хувьд нэг авууштай гэмээр чанар бий. Энэ нь тэрбээр өөрт зүтгэсэн хүнээ хэзээ ч хаядаггүй, хоосон үлдээдэггүй гэх яриа. Энэ ч утгаараа тэрбээр зургаан жил өөрт нь бараа болж явсан Г.Байгальмааг дэд сайдын суудалд зүтгүүлсэн гэсэн.

ЭКС ГИШҮҮДИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦУВАА БУЮУ ТӨРИЙН НАРИЙНЫ ТОХИРОЛЦОО
Шинэчлэлийн гэх тодотголтой энэ Засгийн газрын сайд нарын болон түүний танхим элдэв хүмүүсээс бүрдэж байгаа. Шахааны, шагналын, сайд дарга нарын, түүн дээр нэмээд экс гишүүд. Тэгвэл Н.Алтанхуягийн танхимд орж ирсэн эксүүдийн нэг нь Р.Эрдэнэбүрэн. Эх орон намын дарга Б.Эрдэнэбатын туслах гээд гүйж явсан тэрбээр 2004 оны сонгуульд ялалт байгуулж УИХ-ын гишүүн болсон азтай залуусын нэг. Даанч тун удалгүй даргаасаа нүүр буруулж Ардчилсан намд элсэн, урвагч, үзэл бодолтой үнэнч биш “памперстай бацаан” гэсэн бараан толбыг улс төрийн намтартаа суулгасан болохоос биш. Түүний хувьд УИХ-ын гишүүний суудлаас буугаад АНУ-д боловсролоо дээшлүүлэхээр явсан хэмээн дуулдаж байлаа. Гэтэл сонгуулийн өмнөхөн гэнэт гарч ирж, шаргал ордонд харагдах болсноор хэвлэлийнхэнд “Р.Эрдэнэбүрэн УИХ-ын сонгуульд өрсөлдөх гэнэ” гэсэн шар мэдээ бичүүлэхэд хүргэж байв.

Гэвч тэрбээр “Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй” гэснээр “Энэ нөхөр дарга нартайгаа албан тушаалын тохироо хийчихлээ дээ” хэмээн олныг хардахад хүргэсэн. Энэ ч үнэн болж тэрбээр БХБЯ-ны Төрийн нарийны суудалд заларсан юм. Тэрбээр мөн л барилгын салбарын бус хуульч мэргэжилтэй. Гэхдээ тун адал явдалтай энэ мэргэжлээ сонгосон хэмээн ярьдаг. Тодруулбал, Р.Эрдэнэбүрэн Дундговь аймагт арван жилийн сургуулиа төгсөөд тэр жилээ МУИС-ийн хуулийн ангид орсон ч азаар гэх үү энэ мэргэжлээрээ Туркийн Анкара хотод сурахаар болсон юм билээ. Гэвч биеийн байдлаас шалтгаалж МУИС-даа буцаж ирснээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тэргүүтэй хуульчидтай нэг төгсөлтийнхөн болжээ.
Эх сурвалж:
Л.Оюунгэрэл


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан