"/> "/>

Барилгын салбарын боловсон хүчин муу байгаа нь чанартай шууд холбоотой.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт Үйлдвэрчний эвлэлийн холбооноос орон сууцны талбайд хяналт шалгалт хийх хүсэлт тавьсан. Үүний дагуу тус газар шинээр баригдаж байгаа, захиалга ихтэй шинэ орон сууцнуудын чанар, үнэ, талбайд хяналт шалгалт хийх ажлын хэсэг гаргасан байна. Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийн газрын Ахлах мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Ц.Цэгмидтэй ярилцсан юм.

-Орон сууцны чанар болоод ам.метрийн талаар санал гомдол их ирдэг. Эдгээр санал гомдлын дагуу ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
                                                                                                                                                             

-Орон сууцны чанар байдал, доторх талбайтай холбоотой гомдол санал хүсэлт их ирдэг. Манай байгууллагын хувьд өнгөрсөн жилд үүнтэй холбоотой 300 гаруй санал хүсэлт ирсэн. Ирж байгаа санал гомдлын ихэнх нь сүүлийн үед баригдаж байгаа барилгуудын чанар талбайн хэмжээтэй холбоотой байдаг. Энэ дагуу бид нэгдсэн хяналт шалгалтыг гурван удаа хийсэн. Эхний хяналт шалгалт маань үндсэн гурван зорилготой байсан.

Нэгдүгээрт, орон сууцны чанарын талаар шалгаж үнэлэлт дүгнэлт өгсөн. Хоёрдугаарт, орон сууцны талбайн хэмжээ гэрээндээ заасан хэмжээнд хүрсэн эсэх. Гуравдугаарт, иргэд болон байгууллага хоёрын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээний эрх тэгш байдал ямар байгаа талаар хяналт шалгалт хийсэн.

Энэхүү шалгалтаар сүүлийн үед баригдаж байгаа барилгуудад чанарын шаардлага хангахгүй байна гэдэг дүгнэлтийг өгсөн. Гэхдээ бүх баригдаж байгаа барилгуудыг хэлж байгаа зүйл биш. Иргэдээс ирсэн санал гомдол дээр үндэслэн шалгалтуудаа хийж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Чанарын асуудал хөндөгдөж байгаа хамгийн эхний шалтгаан нь зураг төсөл буруу гаргаж байгаа явдал.

Жишээ нь, “Экс инженеринг” компанийн инженер хоёр айлын ханыг тусгаарлахдаа шаардлага хангасан материалаар хийгээгүй. Нэг үгээр хэлбэл, ханын цаана наана байгаа айлуудын дотор яригдаж байгаа бүхэн нэгэндээ сонсогдож байгаа юм. Дараагийн асуудал нь чанар муутай хямд материалыг барилга барихдаа ашигладаг. Түүнчлэн манай барилгын салбарын боловсон хүчин үнэхээр муу байна. Барилга дээр ажиллаж байгаа хүмүүсийн инженер, дарга хоёр нь мэргэжлийн бус хүн байх жишээтэй. Энэ нь өөрөө нийгэмд мөнгөтэй л бол юу ч хийж болно гэсэн ойлголт бий болсон гэдгийг харуулж байгаа юм. Мөн барилга баригдаж байхад түүнийг хэрэн баригдаж байгаа, зураг төслөөрөө явж байна уу гэдгийг тухайн барилгыг зураг төслийг гаргасан байгууллага, захиалагч холбоотой тал, мэргэжлийн хяналтын газар болон төрийн хяналт алга. Дээр үед баригдаж байсан барилга дээр эдгээр хяналтууд бүгд байдаг байсан.

Энэ бүгдийг хянан шалгасны үндсэн дээр барилгын чанар муудсан гэдгийг баталсан. Энэхүү шалгалтынхаа дүнг бид холбогдох албан байгууллага яамд хүргүүлсэн. Дараагийн нэг асуудал нь орон сууцны доторх талбайн хэмжээ. Бидний хийсэн барилгуудад гэрээндээ заасан хэмжээндээ хүрсэн талбайтай орон сууц байгаагүй. Уг нь 2009 онд батлагдаж 2010 оноос мөрдөгдөж эхэлсэн стандарт байгаа юм л даа. Энэ стандартад өнгөлгөө засал хийсэн хананы дотор талаас нөгөө ханын дотор тал хүртэл хэмжилт хийнэ гэж заасан байдаг. Түүнчлэн туслах өрөөнүүд болон тагт, 00-ын өрөөнүүдын талбайг 030 гэсэн мэтгэлцүүрээр үржүүлж нийт сууцны талбай дээр нэмнэ гэх мэтчилэн нарийн зааж өгсөн байдаг. Гэхдээ үүнийг мөрдөж байгаа барилгын компани алга байна. Энэ талаар өнгөрсөн онд 20 гаруй хэрэглэгчээс гомдол ирж бид 40 гаруй сая төгрөгийн хохирлыг барагдуулсан. Энэ нь манай байгууллагад хандсан хүмүүсийн дагуу ажиллаж барагдуулсан 40 сая төгрөг. Үүний цаана хаана хандахаа мэдэхгүй хохирсон иргэд олон байгаа байх. Хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард нэг ам.метр талбайтай барилгын өөрийн өртөг нь яг хэдэн төгрөг болж байгаа талаар судалгаа хийсэн.

-Сүүлийн үед баригдаж байгаа барилгуудад гарч байгаа нэг том асуудал нь сантехник. Өвөлдөө сайн халдаггүй, ус алддаг, паар нь хагардаг, цуурдаг гэх асуудал их яригддаг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна?

-Чанарын асуудалд нь сантехник нь ороод явчихаж байгаа юм л даа. Орон сууцны барилга барих гэж байгаа тохиолдолд салбар бүрийг нь тус бүр хүмүүс хянаж байх ёстой. Гэтэл ийм зүйл алга байна Тиймдээ ч чанар муутай, хана, шал, сантехник нь асуудалтай барилгууд гараад байгаа юм.

-Зөвхөн иргэдээс ирсэн санал гомдол гэлтгүй баригдаж байгаа бүх барилгуудад шалгалт хийж болдоггүй юм уу?
-Хяналт шалгалт хийхэд төсөв мөнгөний асуудал хүнд байна. Манай байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэж явдаг боловч хяналт шалгалтад төсөвлөсөн мөнгө нь бага байдаг. Төсөвлөсөн мөнгөөр нь хоёр удаагийн хяналт шалгалт хийгээд л дуусчихдаг. Гэхдээ барилгын салбар дээр хийгдэх хяналт шаардлага нь онцгой. Жишээ нь, хоёр айлын хоорондох хана нь чанарын шаардлага хангахгүй байгаа тохиолдолд хэмжиж үзэх шаардлагатай байдаг. Гэтэл үүнийг хэмждэг багаж нь зөвхөн хувь хүмүүст л байдаг. Хувь хүмүүс энэхүү багажаа өндөр үнээр үнэлээд байдаг. Мөн ханыг хэмжихдээ нүх гаргаж хэмжээг нь мэдэх ёстой. Үүнийг хийхэд нэлээдгүй их зардал гардаг. Хуучин цагт үүнд зориулж далд ажлын акт гэж бэлддэг байсан. Энэ нь баригдаж байгаа барилгын хананд өрсөн блокны зургийг авч хэмждэг байсан. Ингэснээр дараа дараагийн ажлыг хөнгөвчилж илүү ажил хийлгэхгүй байгаа юм. Энэ мэт төсөвийн хүндрэлээс болж хяналт шалгалт хийх боломжгүй.

-Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос баригдаж байгаа болон ашиглалтад орсон барилгуудад хяналт шалгалт хийх тухай албан бичиг ирүүлсэн. Үүнд танай байгууллагаас ямар хариу өгсөн вэ?

-Бид тус газрын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Балжиннямд албан ёсоор хариулт илгээсэн. Нэг үгээр хэлбэл, тэдний тавьсан хүсэлтийг хүлээн авч цаашид ОССК-тай хамтран ажиллаж барилгуудад тавих хяналт шалгалтаа үргэлжүүлэн хийх болно гэсэн. Ер нь манай байгууллага Өрсөлдөөний тухай хууль тогтоомжтой уялдуулан хэрэгүүлэх үндсэн чиг үүргийнхээ адгуу ажиллаж байгаа гэдгээ мэдэгдсэн.

 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин,

Г. Түмэнтогос

www.mminfo.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан