"/> "/>

О. Магнай дарга аа тэднийг хар даа

  Хов живээр хоол олж идэх хамгийн муухай. Гэхдээ аливааг мэддэг, асуудал шийддэг дарга нарт “алтан хошуу” өргөхгүй байхын аргагүй олон зүйл байна. Хамгийн наад зах нь орон сууцны компаниуд гэж даам гарчихсан хэдэн том “толгой” байх юм. Гэтэл тэднийг сүүлийн үед нэр хүнд нь ихэд өсч байна гэх “Шударга бус”-ын дарга О.Магнай яагаад тоохгүй байна вэ гэсэн асуулт иргэдийн зүгээс “босч” ирэх боллоо.

    Жүүс, сүү энэ тэрийг бол баталгаатай эрүүл хүнс гэдэг талаас нь шалгах нь зөв. Гэхдээ л барьцтай “юм”-наас лавхан атгаж авмаар байна шүү дарга аа. Тэгээд ч монгол хүн эх орондоо бололцооны үнэ ханшаар орон гэрээ төвхнүүлж, гал голомтоо бадрааж санаа амар аж төрөх эрх олон жил хаагдмал шахуу байлаа шүү дээ.

    Тиймээс “О.Магнай дарга аа, тэднийг хар даа. Орон сууцны компаниудыг...” гэж олон дахин давтан ховломоор санагдаад байх юм. Нөхөрсөг гэмээр нэгэн зөвлөгөөг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шинэхэн дарга О.Магнай Танд үүнтэй хамтатган өгмөөр санагдлаа. “Хэрэв та орон сууцны үнийг буулгачих юм бол. Ирэх сонгуульд лав ногоон гэрэл, цагаан шугамаар...” гэх гэсэн юм. Үнэхээр л тэр чигээрээ шударга бусаар өрсөлдөж буй энэ салбарыг номд нь оруулж, орон сууцны үнийг буулгачих юм бол жинхэнэ юм хийдэг дарга болох гээд байна.

Орон сууц мөрөөдсөн олон мянган иргэний амьдралд их ч нэмэр болох нь гарцаагүй. Цөөн үгээр хэлбэл, орон сууц монгол хүний мөрөөдөл болоод байна. Залуу гэр бүлүүд бол яаж сурч боловсрох, улс орондоо “юм” хийж бүтээх тухай биш гагцхүү яавал орон сууцтай болох вэ гэдэг шаналан тээн гэлдэрч байна. Та энэ ажлаа аваад долоохон хоносны дараа яаж бужигнууллаа. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс гар утасны яриа ны тарифыг минутаар биш секундээр тооцо хоор болгосонд олон хүн баярлаж байна. Танд олон хүн итгэж байгаа.

    Тиймээс одоо орон сууцны компаниудтай тэмцэх ажлаа яаралтай эхэл. Учир нь Засгийн газраас хэдхэн жилийн өмнө барилгын материалын өртөг, хийцийн хүндрэлийг тооцоолон ам.метр талбайн үнийг 650-780 мянган төгрөг байхад хангалттай гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл өнөөдөр энэ өртөг даруй гурав дахин өсчээ. Гэтэл хоёр жилийн өмнөөс /Засгийн газраас орон сууцны жишиг үнийг тогтоосон хугацаанаас өнөө хүртэл/ нэг тонн цементний үнэ 30 орчим мянган төгрөгөөр л нэмэгдсэн байх юм. Тодруулбал, барилгын 50 гаруй компанийн танилцуулгаас харахад орон сууцны ам.метр талбайн үнэ 1.5-2.3 сая төгрөгийн ханштай байна.

    Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 40 орчим хувиар өссөн гэсэн үзүүлэлт. Зарын нэгдсэн лавлахуудад хандан байр зарах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн мэдээллийг авч үзвэл байршлаасаа шалтгаалан нэг өрөө 41-65, хоёр өрөө 60-102, гурван өрөө 80-130 сая төгрөг байна. Энэ өртөг манай иргэдийн дундаж цалинтай харь цуулбал хойд хөршөөс илүү үнэтэй байранд монгол хүн амьдарч байгаа гэсэн үг. Харин үнээ нэмсэн шалтгаанаа, яагаад ийм өндөр өртгөөр орон сууцаа худалддаг тухайгаа компанийн захирлууд “Бид 15-хан хувийн ашиг л олдог” хэмээн товчхон тайлбарладаг.

    Үүнээс харахад л төр, орон сууцны бизнес эрхлэгч хоёрын дунд ямар том эрх ашгийн зөрчил байгаа нь илт харагдаж байна. Нийслэлийн булан тохой бүрт орон сууц “босоод” байгаа хэрнээ гэр хороолол нь зах хязгаараа алдаж, утаа угаарын хор хөнөөлийг хэмжихийн тулд манай улсад зориулсан шинэ багаж бүтээхээр болсон нь цаанаа шударга бус байх магадлалыг тээж байна. Тэгэхээр орон сууцны компанид шалгалт хийх бүрэн боломжтой гэсэн үг. Магадгүй тэд ам.метр талбайн үнийг хөөсрүүлж, иргэдийн мөнгийг хууль бусаар шулдаг ч байж болох шүү дээ. Игэдийн дунд ийм хардлага байдаг тухай эрх биш Та ч бас мэдэрсэн байлгүй.

 Эх сурвалж : www.unen.mn 

Д. Ганбаатар


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан