"/> "/>

Ж. Батзандан: Барилга бүхний ард албан тушаал авлигын хэрэг нуугдаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай барилгын салбарын хариуцлагагүй байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цөөн хором ярилцлаа.
-Барилгын тухай болон Хө­дөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн биелэл­тийг шалгаж, санал дүг­нэлт гаргах үүрэг бүхий Аж­лын хэсэг байгуулагдаад ба­гагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ажлыг хийсэн бэ?
-Ажлын хэсэг нэлээд том дүг­нэлт гаргасан. Гол агуулга нь 2013 оны үйлдвэрлэлийн  ули­­­рал эхлэхээс өмнө барил­гын  бо­лон хөдөлмөрийн аюул­гүй бай­дал, газрын  харилцаа,  тен­дер, төрийн хяналт  шалгалтын  хуу­­лиудад томоохон өөрч­лөлт оруулах хэрэгтэй гэд­гийг тусгасан. Ажлын хэс­гийн дүгнэлт маш нарийн  су­­­­дал­­­гаа­тай, мэргэжлийн олон бай­гуул­лагыг  оруулсан.  Энэ жил гэхэд есдүгээр сарын байд­­лаар 20 гаруй хүн барил­гын ослоор гэмтэж, амь насаа алд­­сан. Ер нь нэг жилд ойрол­цоо­­гоор ба­рил­гын  ослоос шалт­­­гаа­лан 50 гаруй хүн амь  на­саа алдаж бай­на. Тэгэхээр үйлдвэр­лэ­лийн осол гэдгээр  нь  өргөн  хү­рээнд  аваад үзвэл  зам,  уул уур­­хай, ба­рил­гын салбарт гарч байгаа осол 1000 гаруй бай­­­даг. Үйлд­вэрчний бай­гуул­ла­­гын судал­гаа­гаар бүр 1500  гэж гар­сан байдаг  юм би­лээ. Үүнээс болж инженер, үйлд­вэр­­­лэ­лийн удирдлагуудад  эрүү­­­­гийн  хариуц­лага тооцсон  то­­­хиол­­дол бас бий. Монгол Ул­сын  Үндсэн хуульд  монгол  хүн амьд  явах  эрхтэй, эрүүл  аюул­­гүй орчинд амьдрах эрх­тэй гэдгийг тодорхой заа­сан. Тий­мээс ажлын хэсэг хө­дөл­мөрийн аюулгүй бай­дал,  эрүүл  ахуйн хууль тогтоомж­той хол­бог­дуулан гаргах хууль,  тог­тоомжоо УИХ-аар оруула­хаар шийдлээ.
-УИХ-ын төвшинд ярих асуу­дал хэмээж байгаа ч за­рим гишүүдийн хувьд байн­гын хороогоор хэлэлцэх асуу­дал гэсэн?
-Яагаад УИХ-аар оруулж бай­­на вэ гэвэл энэ ажлын хэсэг  УИХ-ын даргын захирамжаар  бай­гуу­лагд­сан. Мөн хүний амь нас, эрүүл мэндтэй холбоо­той энэ асуудал Үндсэн хуу­лиар зохицуулагддаг чухал  зүйл. Гуравдугаарт, өдөр  бүр барилгын салбарт үйлд­вэр­­лэ­лийн  осол гарч байгаа.  Мон­гол хүний амь нас,  эрүүл  мэндтэй холбоотой энэ асууд­лыг УИХ-ын  төвшинд  ярих  ёс­той. Тиймээс Ажлын хэсэг  тог­тоо­лоо  УИХ-аар  батлуулж гар­гана. УИХ энэ чиглэлээр  тогтоол гаргаад Засгийн га­зарт чиглэл  өгнө. Засгийн га­зар үйлдвэрлэлийн аюулгүй байд­лын  хууль тогтоомжийг  өөрч­­лөх чиглэлд тодорхой арга хэм­­жээнүү­дийг  авах  нь зүйтэй  гэд­гийг  тайландаа тусгасан.
-Тэгэхээр ирэх жил ба­рилгын ажил эхлэхээс  өм­­нө эрх зүйн шинэ орчин бүр­дэнэ гэж ойлгож болох  уу?  
-Тэгж  ойлгож болно. Бид  тэгж найдаж байна.  
-Ажлын хэсгийн зарим гишүүд Төв шуудангийн  өм­нөх барилга үндэсний аюул­­гүй байдалд нөлөөлсөн  байж магадгүй гэлээ. Үүнээс өөр  хууль зөрчин  баригдсан  ба­рилгуудын эздийг нэрлэж бо­лох уу?  
-Олон барилга бий. Ажлын хэ­сэг 590  гаруй барилгад  шал­галт  хийсэн. 70  гаруй хувь  нь зөрчилтэй гарсан. Барилга бү­рийн ард албан тушаалын болон ав­­ли­гын хэрэг нуугдаж бай­гаа гэ­дэг дүгнэлтэд хүрсэн. Тий­мээс маш нарийн  судалгаатай энэ бүхнийг шалгаж, хол­бог­дох  этгээдүүдэд  эрүүгийн хариуц­лага татах  нь зүйтэй.  Ер нь  Монгол оронд  хариуцлагатай нийгэм л хэрэгтэй. Хууль нь хэ­рэгждэг байх ёстой.  Өнөөдөр  бид  хяналт  шалгалт  хийхдээ нэг зүйлийг ажигласан. Мэр­гэжлийн хяналт, Газрын алба, ба­рилгын зураг төсөл хийдэг  бай­гууллагын удирдлагууд ав­лига албан тушаалын хэрэгт орооцолдсон байх нь олон ба­римтаар илэрч байгаа. Тэд­нийг Авлигатай тэмцэх  газарт  өг­нө. Бид хариуцлагатай нийг­мийн төлөө явж, авлигын эс­рэг тэм­цэж байгаа. Тиймээс УИХ-ын  тогтоолоор  АТГ тус­гай ажлын хэ­сэг байгуулан шал­­­галт  оруул­на.  
-Тэнгис кино театрын өмнөх  барилга дээрээс төмөр  унаж,  нэг  залуу амь  насаа алдсан.  Энэ барилга н.Пүрэв гэдэг  хүний нэр дээр  бүртгэлтэй байдаг гэдгээс өөр хариуцлага тооцох  хүн олдоогүй.  Тус  барилгын  жинхэнэ эзэн  нь  хэн  юм бэ?  
-Тэр барилга хэнийх байгаад  хэн  авахыг  нь тогтоох чиг  үүрэг  цагдаагийн байгууллагад  бий.  Цагдаагийн  байгууллагад  хүний амь насыг  хохироосон  барилгын  компани,  аж ахуйн  нэгжүүдийн  удирдлагуудыг  шалга гэдэг  үүргийг өгчихсөн  байгаа.  Өөрөөр хэлбэл  Улсын  мөрдөн  байцаах  газар.  Монгол хүний эрх  хаана зарчигдөж байна,  тэнд бид  очиж ажиллах  ёстой.  Ер нь төрд нүүрлэсэн  авлигын  асуудлаас  болж Монгол  хүн хохирч байгаа гэдгийг хэлмээр  байна.  Тиймээс  ардчилсан төр  өөрөө өөрийнхөө алдааг  завхруулах  үүрэгтэй.  
-Авлигатай тэмцэх газар дээр  байгуулагдах  Ажлын хэсэг хэзээ ажиллаж эхлэх вэ?  
-УИХ-аар  тогтоол батлагдаад,  тэндээс Ажлын хэсэг гарна.  Өөрөөр хэлбэл, УИХ-ын  тогтоолоор  бид  чиглэл  өгөх гээд  байна.  УИХ-ын  чиглэл  бол Монголын төрийн хамгийн  дээд  шийдвэр.  Барилгад  нүүрлэсэн  энэ асуудлыг  бид  өндөр  түвшинд ярих  нь зүйтэй гэж ойлгож байгаа.  
-Авлига өгсөн албан тушаалтанд хариуцлага тоо­цохгүй мөртлөө аж ахуйн нэг­жид хариуцлага тооцож бай­гаа нь буруу гэж үзэх гишүүн бай­на. Өөрөөр хэлбэл, ингэс­нээр олон иргэн ажил­гүйчүүдийн эгнээнд шилжиж байна гэж үзэж байна?
-Ер нь  барилгын салбарт  үүсээд  байгаа нөхцлийг харахад  албан тушаалын  гэмт хэрэгтэй холбоотой.  Хоёрдугаарт төрийн  хүнд сурталтай холбоотой  ч бий.  Үүнээс үүдээд  аж ахуйн  нэгжүүд  зөвшөөрлөө авч чадахгүй уддаг,  эдийн засгийн  алдагдалд ордог  гэх мэтийн  олон асуудал  үүсч байна.  Тиймээс Байнгын  хорооны хуралдаан  дээр Барилга хот  байгуулалтын  сайд  ирж,  газрын харилцаа,  барилга,  хөдөлмөрийн  аюулгүй байдлын хууль  тогтоомжийг  өөрчлөхөөр  төлөвлөж байгаагаа хэллээ.  УИХ-ын  Үндсэн үүрэг  бол хууль  баталж,  хэрэгжилтэд нь  хяналт  тавих.  Мөн  Засгийн газрыг  хянаж ажиллах үүрэгтэй.  Тиймээс  Засгийн газарт  энэ талаархи  үүргээ УИХ-ын  тогтоолоор  өгнө.  Монгол  Улсад  олон асуудал  байна.  Тэр  бүрийг  шийдэхийг ард түмэн  Их хурлын  гишүүдийг  сонгосон.
-Үүнээс гадна нэг барилга барих зөвшөөрөл авахад 200 гаруй хоног, 100 гаруй зөвшөөрөл авдаг. Энэ нүсэр үйл ажиллагааг ямар байдлаар зохицуулах вэ?
-Ажлын хэсэг  дүгнэлтдээ төрийн  хүнд  суртлыг  бууруулах,  авлига хээл  хахуулийг  арилгах, салбарын тогтолцоог  ил тод болгоход  арга хэмжээ ав  гээд тогтоолынхоо  төсөлд  оруулчихсан  байгаа.  Энэ  чиглэлд  салбарын  байгууллагууд  анхаарлаа хандуулж,  ажиллах  ёстой.  Ер нь  Засгийн газар  бүтцээрээ ажиллах  ёстой.  
-Барилга барих  газрыг  хууль  бусаар  авсан талаар  дүгнэлтэд  орсон  байна. Хүүхдийн паркийн  хашаан  доторхи  газрын талаар юу хэлэх  үү?  
-Тэр  зөвшөөрөл  хууль  бусаар  олгогдсон  эсэхэд  цагдаагийн  байгууллага шалгах  ёстой.  Хууль  бус  байгааг  хууль хяналтын  байгууллагуудаар тогтоолгоно.  Нийт  шалгагдсан  590  гаруй барилгын  хууль  бус газрын зөвшөөрлийн  ард  бүгд авлига, албан тушаалын хэрэг  байгаа учраас үүнийг АТГ-аар шалгуулна.

www.mminfo.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан