"/> "/>

Үдэш болохоор л нэг цагаан толгойтой өвгөн үлгэр ярьж унтуулах боллоо.

 Орон нутгийн сонгуулийн өмнөх шоу хэрээс хэтэрч, эрх баригчдын худлаа ярих нь дэндлээ. Өчигдөр орой Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг телевиз болгоноор Улсын баатар Э.Бат-Үүл Улаанбаатар хотын хэтийн төлөв, хөгжлийн талаар мөн ч сайхан үлгэр ярив. Хүн мөрөөдөлтэй байх нь хамгийн чухал ч эрх баригчид хий хоосон мөрөөдөл ярьж, ард олноо тэр чигт нь мөрөөдөлд автуулах нь юунд хүргэдгийг эрхэм дээдэс мэдмээр л юм даа.

    Өдийд ажиглагчид манай нийслэлд “Мөрөөдлийн нийслэл” хэмээн гоё нэр өгч, манай нийслэлийн Засаг даргын тухай хөх инээд зуусан мэдээлэл дэлхий нийтэд тэнүүчилж байгаа нь лавтай. Харин манай Үүл баатар хүний өөдөөс харж байгаад ямар ч хувиралгүй худлаа ярьж чаддаг онцгой авьяастай юм гэдгээ хөдлөшгүйгээр баталж өглөө.

    Тэрбээр “1968 онд Сөүл хот манай гэр хорооллоос ч тааруу байсан. Гэтэл зөв төлөвлөлтөөр явсан солонгосчууд 20 жилийн дараа буюу 1988 онд “Сөүлийн олимп”-ийг зохион байгуулсан. Мөн дайны дараах Токио ямар байлаа. Гэтэл 19 жилийн дараа 1964 онд “Токиогийн олимп”-ийг гайхамшигтай зохион байгуулж чадсан” гэх зэргээр ямар ч харьцуулалтгүй зүйл ярив. 

    Ирэх дөрвөн жилийн дотор нийслэлийн Ногоон нуур орчим буюу Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр бол диваажин болох юм ярьсан. Мэдээж, нийслэлийн энэ дүр зургийг цаасан дээр өнгөтөөр ёстой л нэг зуржээ. Үүл баатрын энэхүү төсөөлөл, орон нутгийн сонгууль угтсан гоё зургуудаар үзэсгэлэн гаргавал харин ч дэлхийн хэмжээний наадмаас шагнал зулгааж мэдэхээр юм билээ.

    Хамгийн гол нь Үүл баатар хаанаас мөнгө босгож, ямар хөрөнгөөр дэлхийн хэмжээний хоттой болох гээд байгаа тухай юу ч ярьсангүй. Зүгээр л 2030 он гэхэд юун Сөүл, юун Токио. Дэлхийн жишиг хот болно гэж хэлж чадлаа. Гэхдээ огт төсөөлөлгүй яаж ярих билээ гэж бодсон уу яасан. Өнөөдөр манай Монгол Улсыг гадны хөрөнгө оруулагчид ихээхэн сонирхож байна. Тиймээс Тавантолгой, Оюутолгойгоос дэлхийн хэмжээний хот босгох мөнгө олох тухай дурдаж амжсан.

    Өнөөдөр Оюутолгойн 71:29 гэдэг тоо ямар худлаа тоо болохыг албаны хүмүүс, шинжээчид хэлсээр байгаа. Тэр ч бүү хэл Оюутолгойн гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсад оруулсан хөрөнгөө тоон баримтаар дурдаад, шаргал ордны өөдөөс харуулан самбар наачихаж. Энэ нь оруулсан мөнгөө нэхэж байгаа хэрэг шүү дээ.

    Оюутолгойн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх гэж байсан ч зарим түшээдийн зүгээс эсэргүүцэл ирсэн учраас бидний баялгийг зүгээр шахам авах гэсэн харийнхан ийнхүү шаргал ордныхонд хэдий хэмжээний мөнгө өгснөө сануулж, шантаажилж байгаа хэрэг шүү дээ. Энэ мэтээ ярихгүй, ард иргэдийн өөдөөс харчихаад ичих ч үгүй худлаа ярьж байгаад өмнөөс нь ичиж үхмээр. 

    Үүл баатрын яриад байгаа Тавантолгойн баруун Цанхид олборолт явууулахаар орж ирээд байсан Оросын хамтарсан консорциум, Хятадын компанийг хөөж гаргасан нь энэ ажил хаашаа явж байгааг шууд харуулсан хэрэг. Тавантолгойгоос нийслэлийг хөгжүүлэх мөнгө ойрын хэдэн жилдээ лав орж ирэхгүй гэдгийг эрх мэдэлтнүүд нь ярьсаар байгаа биз дээ.

    Үүл баатар хамгийн сүүлд “Миний ганц хэлж чадах юм бол 2040 оны олимпийг Улаанбаатарт зохион байгуулна” гэж ёстой л хэнэг ч үгүй залж байна лээ. Мөрөөдөлд хүртэл хязгаар бий. Тэр тусмаа төрийн өндөр дээд түвшний алба хаагчид мөрөөдлөөр улс орны хувь заяаг төсөөлж, түүнийгээ ард олонд итгүүлэх гэж байгаа нь дэндүү харамсалтай.

    Шуудхан хэлэхэд энэ бол гэмт хэрэг. Магадгүй, Үүл баатраас арай өөр хүн байсан бол Улаанбаатарт олимп зохион байгуулахаас эхэлж ярихгүй байлаа. Шууд Токио, Сөүлтэй Улаанбаатарыг харьцуулахгүй байлаа. Нэн тэргүүнд нийслэлд амьдарч байгаа 130 гаруй мянган гэр хорооллын өрхийг эхэлж ярих байлаа. Түүнийг ямар хөрөнгийн эх үүсвэрээр шийдэхээ эхлээд ярих ёстой. Худлаа яриагүй бол шүү дээ.

    Үнэхээр л гэр хорооллынхооо асуудлыг шийдэх байсан бол Өмнөх Засгийн газрын эхлүүлсэн орон сууцны хөтөлбөрийг нураахгүй л байсан. Урт хугацааны бага хүүтэй зээлээр 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж байсныг царцаасан хүмүүсийн нэг нь тэр өөрөө шүү дээ. Тэр ч бүү хэл зээлд хамрагдаж, бичиг баримтаа бүрдүүлж өгсөн иргэдийн материалыг буцааж татах үүрэг өгсөн. Байдал ийм байхад, хамтраад яаж энэ асуудлаа шийдэх юм гэхийн оронд сонгууль угтсан үлгэр ярьж зогсохдоо ичдэггүй л юм байх даа. Сүүлдээ орой болохоор л нэг цагаан толгойтой өвгөн үлгэр ярьж байгаад унтуулдаг боллоо. 

Эх сурвалж: www.unen.mn

 

С.Баяр

 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан