"/> "/>

Үл хөдлөх хөрөнгийн татвар нэмэгдэнэ.

Орлого олох зориулалттай аж ахуйн нэгжийн үл хөдлөх хөрөнгөөс татвар авах тухай хууль 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ажээ. Үүнд үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар ашигладаг үл хөдлөх хөрөнгийг байрлалаар нь ангилж, 0,6-1 хувийн татвар авах юм байна.

Тодруулбал, танай компанийн бизнес эрхэлдэг барилга хотын төвийн нэгдүгээр бүсэд байрладаг бол тухайн үл хөдлөх хөрөнгөөс нэг хувь, 2,3-р бүсэд байрладаг бол 0,8 хувь, дөрөв, тавдугаар бүсэд байрладаг 0,6 хувийн татвар төлнө гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа News.mn-д мэдээлэв. Дээрх татварыг хувь хүн жилд нэг удаа, аж ахуйн нэгж, байгууллага улирлаар төлөх юм байна.

Харин иргэдийн эзэмшиж, амьдарч байгаа хашаа байшин, орон сууцнаас үл хөдлөх хөрөнгийн татвар огт авахгүй. Гэхдээ орон сууцны барилгыг дэлгүүр, оффис, үсчин зэрэг үйлчилгээний зориулалтаар, орлого олох бизнесийн шугамаар ашигладаг бол татвар төлөх ёстой гэнэ.

Өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу бизнесийн зорилгоор ашиглаж байгаа үл хөдлөх хөрөнгөөс 0,6 хувийн татвар авдаг. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийг УИХ-аас 2001 онд баталсан байдаг. Харин 2010 онд тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн байрлалын хувьд бүсчилсэн байдлаар харилцан адилгүй татвар ногдуулах болсон байна.

Улаанбаатар хотыг ирэх жил бие даасан төсөвтэй болгохоор ажиллаж байгаа учраас орлого нэмэгдүүлэх боломжит замуудыг эрэлхийлж буй аж. Тэдгээр боломжийн нэг нь дээр дурдсанчлан бизнесийн зорилгоор ашиглаж буй үл хөдлөх хөрөнгийн албан татварын байрлалаас нь хамаарч, 0,6-1 хувийн татвар ногдуулах гарц гэж үзжээ. Ингэснээр 2013 онд үл хөдлөх хөрөнгийн бүсчилсэн татвараас 3,8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тооцсон байна.
Эдийн засгийн хямралаас үл шалтгаалан орлогоороо дотоод хэрэгцээгээ хангаж, хөрөнгө оруулалт хийх чадавхитай хот учраас төсвийн тал дээр бие даах нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Одоогоор Улаанбаатарын орлого жилд 390 гаруй тэрбум төгрөгт хүрдэг байна. Үүнээс 3,8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэн, үлдсэнээр Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт болон хотын хэрэгцээнд зарцуулах болно гэж Н.Батаа нэмж хэлэв.

Эх сурвалж: www.news.mn

Б.ХАЛИУН


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан