"/> "/>

Шинэ төрөхийн барилгыг нурааж 19 тэрбумыг салхинд хийсгэх үү

Нийслэлийн хүн амын тоо нэг сая хол давж эмнэлэг эрүүл мэндийн байгууллага ачааллаа дийлэхээ больсон. Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж ялангуяа төрөх эмнэлгүүдийн хувьд хэцүүхэн байгааг албаны хүмүүс хэлдэг. Үүнийг зохицуулах зорилгоор хоёр жилийн өмнө шинэ төрөх эмнэлгийн шавыг сүр дуулиантай тавьсан. Хан-Уул дүүргийн Яармагт 300 ортой Хүүхэд, эмэгтэйчүүдийн нэгдсэн төвийг 19 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөж, төсөв мөнгийг нь ч шийдэж өгсөн. Нийслэлийн дөрөвдүгээр төрөх буюу Яармагийн дэнжид барих уг эмнэлгийн зураг төслийг гаргасан цагаас л асуудал үүсгэж буй. Улаан-Үдийн нэгэн хувийн компаниар эмнэлгийн барилгын зураг төслийг гаргуулсан нь дэд бүтцийг нь төлөвлөөгүй эмнэлгийн стандартад нийцээгүй дутуу дулимаг хийж өгсөн тухай мэргэжлийн архитекторчид хэлж байлаа. Ийн дулааны шугам сүлжээнийх нь төлөвлөлтийг хийгээгүй байхад тендер зарлаж “Нийслэл өргөө" компаниар барилгын ажлыг нь гүйцэтгүүлэхээр болжээ. Ингээд зогсохгүй арав гаруй тэрбум төгрөгийг тус компанид шилжүүлсэн аж. Барилгын гүйцэтгэлийн ажил 50 хувиас хэтрээгүй байхад төсөвлөсөн мөнгөнийх нь 50 гаруй хувийг шилжүүлсэн нь хэн нэгний эрх мэдэл, бас авлигатай холбоотой зүйл гарч мэднэ хэмээн сэжиглэж Авлигатай тэмцэх газар шалгахаар болжээ. Ингэхдээ дэд бүтцийн асуудлыг нь шийдтэл барилгын ажлыг түр зогсоох тухай ч ярьжээ. Гал дээр тос нэмэхийн үлгэрээр ийн түрүүчийн асуудал нь шийдэгдээгүй байхад баригдаж дуусаагүй барилгыг нурааж магадгүй сураг дуулдав. 

Учир нь Хөшигтийн хөндийд шинээр барихаар төлөвлөсөн олон улсын нисэх буудлын замын трасст энэхүү дөрөвдүгээр төрөхийн газар орчихоод байгаа гэнэ. Энэ талаар холбогдох албаны хүнээс тодруулахад “Одоохондоо тийм асуудал үүсээгүй” гэсэн хариулт өглөө. Гэвч Эрүүл мэндийн яамны албан тушаалтан “Яармагт барьж байгаа төрөх эмнэлгийн барилга шинээр тавих замаас 24 метрийн зайд буй нь холбогдох журам, стандартыг зөрчсөн хэрэг болсон тул нурааж ч мэдэхээр байна” хэмээн сэтгэл нь зовниж суугаагаа нуусангүй. Нийслэлд шинээр автозам тавих ажил өрнөж буй. Энэ жил л гэхэд Яармагийн гүүрнээс Нисэх хүртэл, Нисэх-Биокомбинат-Шувуун фабрик гэсэн чиглэлд шинэ зам тавихаар болж нийт 29 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Түүнчлэн Яармагийн гүүрнээс Нисэх хүртэл хоёр талдаа гурван эгнээ бүхий хурдны зам барьж эхлээд байгаа. Эдгээр замын зарим хэсгийнх нь маршрут шинэ төрөх эмнэлгийн барилгаас 24 метрийн зайтай байхаар дүр зураг харагдаад байгаа нь Эрүүл мэндийн яамныхныг түгшээж буй бололтой. 

Ном журмаараа бол тухайн объект төв замаас дор хаяж 50 гаруй метрийн зайтай байх ёстой аж. Гэвч Яармаг, Нисэх рүү чиглэсэн зам эмнэлгийн барилгаас 24 метрийн зайтай тавигдахаар байгаа нь шинэ төрөх босох эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Хэрэв нураах дээрээ тулбал эмнэлгийн барилгад төсөвлөсөн тэрбум төгрөг салхинд хийсч мэдэх нь. Төр засаг арай гэж мөнгө гаргаж шинэ эмнэлэг барихаар шийдвэрлэтэл араас нь олон асуудал ундарч төрөх эмнэлэг дуншсаар. Гэтэл одоо үйл ажиллагаа явуулж буй төрөх эмнэлгүүдийнх нь барилга 1950-иад оны сүүлээр баригдсан, хана, таазнаасаа мөөгөнцөртсөн, ачаалал нь хэтэрсний улмаас үе үе нярайн халдвар гарч эмч мэргэжилтнүүдийг сандаргадаг. Одоогоос хоёр жил гаруйн өмнө Нийслэлийн хоёрдугаар амаржих газарт нярайн үжил халдвар гарахад эмнэлгийг хаах арга хэмжээ авч хүүхдүүдийг Эх нялхсын эрдэм шинжилгээний төв рүү зөөсөн. Бусад газарт шилжүүлье гээд ч ор олдоогүй. Ийн нярайн халдвар гарсан нь эрх баригчдад цохилт өгч шинэ төрөх эмнэлэг, төрөх эмнэлгийн өргөтгөл, тэр ч бүү хэл аймгийн төвүүдэд эх хүүхдийн эрүүл мэндийн төв барих шийдвэр гаргахад хүргэсэн. Цочроо авсан эрх баригчид шинэ төрөх эмнэлэг барих, хоёрдугаар амаржих газрын засварын ажилд шаардагдах мөнгийг гар таталгүй, цаг хугацаа алдалгүй гаргаж өгч байгаа. Энэ нь сайшаалтай ч мөнгө цацсан зарим эмнэлгийн барилга урагш ахихгүй асуудал дагуулж буй нь харамсалтай.

ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН ЭМНЭЛГИЙН БАЙРЫГ ТӨРӨХ ЭМНЭЛЭГ БОЛГООД ӨГӨӨЧ
Агаарын бохирдол, хүн амын өсөлт, уур амьсгалын өөрчлөлт зэргээс шалтгаалан элдэв төрлийн өвчин гарах болсон. Үүний зэрэгцээ жил ирэх тусам төрөлт нэмэгдсэн үзүүлэлт гардаг. Тодруулбал, манай улсад жилд 65 мянга гаруй эх амарждаг аж. Үүний 50 хувь нь буюу 35 мянга гаруй эх нийслэлийн харьяат. Энэ нь сүүлийн зургаан жилд гараагүй томоохон үзүүлэлт гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг. Иймд төрөх эмнэлэг ус агаар шиг хэрэгтэй байгаа юм. Төрөх эмнэлэг ачаалалтай, орны хүрэлцээ муутай гэсэн шалтгаанаар хэзээ модгүй төрөх дөхсөн тулгар эхчүүдийг хэр барагтай хүлээж авдаггүй. Дөнгөж эмнэлгийн босго алхаад л төрчихдөг. Төрөөд ганц хоноод л эмнэлгээс гардаг тогтолцоо үйлчилдэг болсон. Нөгөөтэйгүүр төрөхөөсөө хэд хоногийн өмнө очихоор хүлээж авдаггүй учир эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нярайлах тохиолдол ч цөөнгүй бий. Өнгөрсөн жил л гэхэд 280 гаруй эх гэртээ амаржсан тухай холбогдох баримтад дурдсан байдаг. Иймэрхүү байдлаас болж эхийн эндэгдэл гарахгүй гэх баталгаа байхгүй. Хүн ам цөөтэй улс орон хөгждөггүй гэж ярьдаг. Хүн амаа өсгөх бодлого барихад хамгийн түрүүнд төрөх эмнэлэг чухал.

Гэтэл эмнэлгийн зориулалтаар бариад дуусах шахсан барилгыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин оффис болгох шийдвэр гаргуулж ард түмнийг бухимдуулж байна. Шинэчилнэ, өөрчилнө гэхээрээ л буруу тийш нь эргүүлээд тавьчихдаг бичигдээгүй хууль зөвхөн монголчуудад л үйлчилдэг гээд хэлчихвэл хилсдэхгүй биз. Анхнаас нь эмнэлгийн зориулалтаар барихаар төлөвлөж зураг төслийнхөө дагуу баригдсан эл барилгыг оффис болгож байхаар төрөх эмнэлэг болгочихвол яасан юм бэ гэсэн саналыг хүмүүс хэлж байгаа. Тодорхой хүрээний цөөн тооны хүмүүст үйлчилдэг эмнэлэг учраас Цэргийн эмнэлэгтэй нэгтгэчихвэл болно гэж сайд нэгэнтээ хэлсэн. Хууль зүйн хүрээнийхэнд эмнэлэг хэрэггүй юм бол эхчүүдэд зориулаад өгөөч. 

Үнэтэй тоног төхөөрөмж суурилуулж зардал чирэгдэл болгочихоод хэдэн албан тушаалтны толгой хоргодох газар "болгож байхаар эх хүүхдүүдэд зориулчихвал Х.Тэмүүжин сайдад Монголын үрс талархаад барахгүй биз. Хан- Уул дүүргийн Яармагт барьж эхэлсэн дөрөвдүгээр төрөхийн барилгын ажил гацаанд орсон. Баянзүрх дүүрэгт барихаар төлөвлөсөн гуравдугаар төрөхийн барилга хэзээ босох нь тодорхойгүй. Төрөх эмнэлгүүд хэзээ баригдаж дуусах нь тодорхойгүй дуншиж байхад эмнэлгийн байрыг зориулалтаар нь ашиглуулчихвал сайнсан.

Б.Гандолгор

ӨДРИЙН ШУУДАН


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан