"/> "/>

Хашаа байшингийн үнэ 20 саяд багтахаа больжээ

Үнэ гэдэг зүйл Монголд өдрөөс өдөрт дээшээ тэмүүлж байна. Өчигдрийн таван төгрөг өнөөдөр хоёр төгрөг болчихож магадгүй зах зээлд бид амьдарч буй юм. Тиймдээ ч байгаа хэдэн төгрөгөө банкинд хадгалуулахын оронд ирээдүйд үнэ цэнэ нь өссөөр байх үл хөдлөх хөрөнгө болгох сонирхол хэн хүнд бий. 

Орон сууцны үнэ “тэнгэрт хадлаа” л гэнэ. Гэвч насаараа цуглуулсан мөнгөөрөө дөрвөн ханатай өрөө худалдаж авах сонирхол нэг үеэ бодвол буурсан гэх. Түүний оронд хэзээд үнэ цэнэтэй байх газартай болох сонирхол давамгайлж эхэлжээ. Ойр тойрны, таньдаг мэддэг хүмүүсийн амнаас “Газартай болсон нь дээр”, “Хашаа байшингаа зараад хэрэггүй” гэх үгсийг олон сонсох болж. 

Магадгүй нөгөө газар хөдөлнө, эрчим хүч тасарна, дэлхий сөнөнө гэсэн элдэв явган яриатай холбоотой ч байж мэдэх. Хашаа, байшингийн ханш ямар байгааг сонирхохоор шийдсэн юм. Хоёр жилийн өмнө нэг танил минь Баянхошууны хөтөл гэдэг газарт өвлийн тоосгон байшинтай хашааг 11 сая төгрөгөөр бидэнд зарж билээ. Хөтөл бол бас ч гэж хотын төвдөө ойрхон хэсэг нь. Харин өнөөдөр түүнээс гурван буудлын цаадах газарт өвлийн байшинтай хашааг 30 сая төгрөгөөр үнэлж байна. Ханш нь хоёр биш, гурав дахин өссөн гэсэн үг. 

Хашаа, байшингийн үнийг тогтоохдоо олон зүйлийг онцолдог. Худаг буудалдаа ойрхон, гражтай, хоёр давхар байшинтай, худагтай гэхээрээ үнэ нь хэд дахин нэмэгддэг. Тиймээс өвлийн нэг байшинтай хашааны үнэ дүүргүүдэд ямар ханштай байгааг сонирхохоор зарын сонин эргүүлсэн юм. “Тун удахгүй газарт орно” гэсэн тодотголтойгоор сүүлийн арван жилийг элээж буй Дэнжийн мянга, Гандангийн дэнж, Зурагт орчмоор үнэ өндөр байна. Тухайлбал, Ганданд өвлийн жижигхэн байшинтай нэг айлын хашаа 75 сая төгрөг, бусад зүйлс нэмэгдвэл 100 сая хүртэл үнэлжээ. Дэнжийн мянгад 45-70 сая төгрөгийн үнэтэй байна. 

Харин Зурагтад замтай ойрхон нэг байшинтай хашааг 50 сая төгрөгөөр үнэлж байна. Ер нь Чингэлтэй дүүрэгт байрлах хашаа, байшингийн үнэ бусдаасаа арай илүү үнэтэй байлаа. Хоёр жилийн өмнө 15 саяын ханштай байсан долоон буудлын хашаа байшинг 25 саяд гэж байна. Зам дагуу гэсэн тодотголтойгоос бус товойх зүйлгүй хашаа байшинг Хайлаастад 60 саяар үнэлжээ. Дундаж үнийг тоймлон хэлэхээс нэгд нэгэнгүй тоочвол олон хуудас болно. Яргайт зусланд 30 сая, Дамбадаржаад 40 сая, Сонгинохайрханд 40 сая, Нэгдүгээр хорооллын дэнжид 30 сая, Дарь-Эхэд 25 сая, Улиастайд 30 сая, Яармагт 20-35 сая, Цайзад 35 сая. Энэ бол дээр хэлсэнчлэн өвлийн нэг байшинтай нэг айлын газартай хашааны дундаж үнэ. 

Ер нь хашаа байшинг 20 саяас дотогш үнэлэхээ больсныг үүнээс харж болно. Хэрэв арван хэдэн сая төгрөгөөр хашаа байшин авахыг хүсч байвал Толгойт, Орбит, Амгалан гэх алслагдмал дүүрэгт олон жил болсон муухан байшинтай нь олдох бололтой. Ямар боловч хашаа байшингийн үнэ хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 2-3 дахин нэмэгджээ.

Б.Солонго

Эх сурвалж: www.bolod.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан