"/> "/>

ОХИНЫ АМИНД ХҮРСЭН ОСЛЫН ХЭРЭГ ЮУ БОЛОВ.

Барилгын компаниудын хариуцлагагүй байдлаас амиа алдсан Б.Есүгэн охины үхэл  олон жилийн турш бугшаад байсан барилгын салбарынхны дүр төрхийг илчилж,  төрийн хяналт утгаа алдсаныг сануулж, нийгмийн анхаарлыг энэ бугшмал асуудал руу хандуулсан. Одоогоос гурван сар гаруйн өмнө осол болсны дараагаас  зөвшөөрөлгүй барилгуудыг цэглэх, хяналт тавих чиг үүрэг бүхийн мэргэжлийн хяналтын  байгууллагын ажлыг сайжруулах, зарим удирдлагыг өөрчлөх хүртэл  арга хэмжээ авч байгаа гэсэн мэдээлэл гарсан. Гэвч  үүнийг сайн үр дүн гэж хэлэхэд хэцүү. Харин ч дахин хэзээ ч ийм осол гаргахгүй байхын тулд хяналтын тогтолцоогоо улам боловсронгуй болгож, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын хариуцлагыг нэмэгдүүлж, цаашлаад хууль зөрчсөн компанийн эздэд хариуцлага хүлээлгэдэг  болох учиртай. Өнөөдөр ч гэсэн Б.Есүгэн охины аминд хүрсэн ослын буруутан хэн байв гэх асуулт хүлээлт үүсгээд байна. Осолтой холбоотой “Мүди” захиалагчтай  гүйцэтгэгч “Төгс гүрэн”, бетон зуурмаг нийлүүлэгч “Премиум конкрит” гээд хэд хэдэн компанийн нэр дурдагдах ч  хууль хяналтын байгууллага  буруутай этгээдийг  хараахан эцэслэн тогтоогоогүй байна.

Хэргийн  мөрдөн байцаалтын ажиллагаа дуусчээ

Ослын дараа энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн  Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгасан. Эх сурвалжийн мэдээллээр хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, талийгаач охины аав Б.Батсайхан, түүний өмгөөлөгч В.Энхтамир нар өчигдрөөс хавтаст хэрэгтэй танилцаж эхэлсэн байна.  Хэрэгт  бетон зуурмагийн машины цемент шахагчийг ажиллуулж байсан оператор, гүйцэтгэгч “Төгс гүрэн”, захиалагч “Мүди” компанийн нэр бүхий хүмүүсийг эрүүгийн хуулийн 183.1-т  зааснаар  буюу  “Уул, уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан, 94.1-т зааснаар бусдыг болгоомжгүй алсан” гэх үндэслэлээр тус тус шалгасан. Дээрх үндэслэлүүдээр гэм буруутай нь тогтоогдвол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” заалттай.

Дээрх заалтуудаар бол бетон зуурмаг  шахах үйлчилгээг  үзүүлж байсан оператор, бусад ажилтнууд  дээд тал нь таван жилийн хорих ял авна.  Харин барилгаа хууль бусаар барьж байсан захиалагч “Мүди, гүйцэтгэгч “Төгс гүрэн” компанийн эзэд  ард нь сугарч хоцрох уу.
Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн газарт газрын гэрчилгээ авч, түүн дээрээ хууль бусаар барилга бариулсан эрх дархтанд ямар замаар газрын гэрчилгээ олгож, барилгаа эхлүүлсэн болохыг эргэн сөхье.

Газрын гэрчилгээг 2006 онд авчээ

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2006 ны арваннэгдүгээр сарын 15-нд  тухайн үед Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан П.Цогтбаатарын   316 тоот захирамжаар иргэн Б.Батболдод эмнэлгийн зориулалтаар тус дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр,  гуравдугаар эмнэлгийн хашаанд газар эзэмших гэрчилгээг  таван жилийн хугацаатай олгож байж.  Улмаар таван жилийн  хугацаагаа дуусахаас өмнө  эмнэлгийн барилга барина гэх нэрийдлээр  Нийслэлийн газрын албанд  2011 онд   арваннэгдүгээр сарын 9-нд  “Мүди” компанийг үүсгэн байгуулагч Б.Батболд газар эзэмших дүүргийн зөвшөөрлийг нийслэлийн захирамж бүхий газрын эрх болгон өөрчилж өгөх хүсэлт  гаргасан байна. Түүний  хүсэлтийг Нийслэлийн газрын алба сар гаруйхан хугацааны дотор шийдвэрлэж,  2011 оны арванхоёрдугаар сарын 22-нд нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаярын 940 дүгээр  захирамжаар газар эзэмших, ашиглуулах эрхийг баталгаажуулжээ. Ингэж анх эмнэлгийн зориулалтаар гуравдугаар эмнэлгийн газраас хумсалж   авсан газар үйлчилгээ, орон сууцны барилга болж хувирсан нь энэ.

“Мүди” компани барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй

Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажсан газартаа  “Тоёокиро студио” компаниар  барилгын зураг гаргуулж, Улаанбаатар хотын захиргаанд уламжилжээ. Хэдийгээр хуулийн дагуу газрын захирамжаа авч, зураг төслөө гаргасан мэт харагдавч  зургийг мэргэжлийн комиссоор батлуулаагүй, ерөнхий архитектороор албан ёсоор батлагдаагүй байжээ. Түүнчлэн   Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх  зөвшөөрөл өгөөгүй байсан байна. Осол гарсны дараа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтэд “Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох” журмын 3.1-д заасан  бүрдүүлбэл зохих материалын иж бүрдэлт хангагдаагүй, зураг төслийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор батлаагүй, барилга угсралтын ажил гүйцэтгэх ажлын зураг төсөлд улсын магадлан шалгалт хийж баталгаажуулаагүй зэрэг зөрчилтэй байх тул барилга угсралтын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоогүй, зөвшөөрөлгүйгээр барьж байсан”  тухай дурджээ. Гэтэл  гүйцэтгэгч “Мүди” компани “Төгс гүрэн”  компаниар дур мэдэн барилгын ажил гүйцэтгүүлсэн байна.

“Төгс гүрэн” ХХК зөвшөөрөл аваагүй байхад барилгын ажил гүйцэтгэсэн

Барилга угсралтын “Төгсгүрэн”  компани нь  захиалагч “MUDI” компанитай 2010 оны зургадугаар сарын 21-нд барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ  хийжээ. Хэдийгээр захиалагч хууль зөрчин гүйцэтгэгч компанитай гэрээ хийсэн ч барилга угсралтын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй байхад ажлаа эхэлсэн  учраас “Барилгын тухай” хуулийн тодорхой заалтыг зөрчсөн байна.

Тус компаниас ослын  дараа мэдээлэл хийж, барилгыг зураг төслийн дагуу барьж байсан,  бетон  зуурмаг  нийлүүлэх  гэрээг захиалагч өөр компанитай хийсэн учраас бидэнд хамааралгүй гэж тайлбарласан. Гэхдээ “Мүди” компанитай гэрээ хийхдээ барилгын талбайд гарсан ослыг 100  хувь хариуцахаар заажээ. Мөн барилгын талбайн зохион байгуулалт, бараа хураах овор хэмжээ, хоорондын зай, үйлдвэрлэлийг аюулгүй явуулах арга хэмжээ, технологийн карт, ачаа өргөх бүдүүвч зэргийг тусгасан ажил гүйцэтгэх төсөлгүй, краны газардуулгыг  хийлгээгүй, краны аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтны ажлын үнэмлэхийг шалгалгүй цамхагт краныг ашиглаж байсан нь холбогдох хууль,  дүрмийг ноцтой зөрчсөн болохын  мэргэжлийн  хяналтын байгууллагаас тогтоосон. Тэгэхээр  гүйцэтгэгч бетон  шахах үйлчилгээ тусдаа учир өөрсдөд нь хамааралгүй мэтээр асуудалд хандсан байна.

Үнэхээр ч  бетон зуурмаг нийлүүлэх “Премиум конкрит” компани нь  энэ оны зургадугаар сард захиалагч  “Мүди”  компанитай бетон зуурмаг нийлүүлэхээр байгуулсан гэрээгээр захиалагч нь барилгын талбай дээрх зам талбайн чөлөөлөлт, нээлттэй байдал,  бетон  шахагч машин аюулгүй ажиллах нөхцлийг бүрэн хангана гэжээ. Тус компанийн захирал О.Батмөнх “Зуурмаг нийлүүлэх, зуурмагийг шахах үйлчилгээ хоёр тусдаа. Зуурмаг шахагч помп нь өндөр үнэтэй учир энэ төрлийн үйлчилгээ явуулдаг компаниудаас аль  байгааг нь  барилгын компаниуд  булаацалдаад авдаг. Тухайн үед манай компанийн шахагч өөр газар луу явсан  учраас энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг “Консалтинг” компанийн  шахагч барилгын талбайд очуулахаар болсон юм. Харин “Консалтинг” компанийнхан “Буян трак”  компанийн бетон  шахагч барилгын талбайд оруулсан юм шиг  байна” гэх тайлбар өгсөн. Түүний хэлснээр энэ тохиолдолд ч бетон зуурмагийг шахах үйлчилгээ үзүүлж буй компани операторын мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн хариуцах ёстой гэсэн юм.

“Мүди” компанийн захирал Б.Батболд гэж хэн бэ?

 Захиалагч компанийн гэх хүмүүс охины аминд хүрсэн ослын дараа мэдээлэл хийж,  барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан “Төгс гүрэн” компани  хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой гэх байдлаар мөн л өөрсдийгөө өмгөөлөх тайлбарыг өгсөн. Харин компанийг үүсгэн байгуулагч, газар эзэмших эрхтэй Б.Батболд гэгч олны өмнө ил гараагүй. Тус  компанийн албан ёсны вэб сайтад бичсэнээр захирал Б.Батболд нь АНУ,  Японы сургуулиудад мастер,  "Скандинавийн орнуудын хот төлөвлөлт" сэдвээр техникийн ухааны докторын зэргийг хамгаалж, Японы "Никкен Секкей" компанид хот төлөвлөлтийн мэргэжилтнээр тодорхой хугацаанд ажиллаж байсан нэгэн гэнэ.   Түүнээс гадна Монголын төр, засгийн байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай  гэсэн байв. Өдгөө  Монголын хот байгуулалтын холбооны ерөнхийлөгч, “Мүди” компанийн  үүсгэн байгуулагч тэрээр 2004-2007 онд  Барилга хот байгуулалтын яамны Хот байгуулалтын бодлого зохицуулалтын газрын даргын албан тушаал хашиж байж.  Өндөр боловсролтой, барилгын салбарт олон жил ажилласан туршлагатай гэх энэ эрхэм хууль дүрмээ сахин биелүүлдэгсэн бол өнөөдөр Б.Есүгэн охин амьд мэнд  байх байсан. Харамсалтай нь, түүнд хууль үйлчилсэнгүй.

Энэ бүхэн баримтуудыг дурдахын хэрээр Монголд өнөөдөр иргэнээ, хүнээ хамгаалдаг төр, тийм тогтолцоо, хөрсөндөө буусан хууль дүрэм үгүйлэгдэж буй нь харагдаж байгаа байх. Ганцхан жишээ дурдая.  Барилга барьж байсан ажилтан ажлын байрандаа амь эрсдэх, гэмтэж бэртэх тохиолдолд захиалагч хариуцлага хүлээнэ. Харин ойролцоо явж байсан хэн нэгэн амь насаа алдахад компанийн нэг ажилтан ял авахаас хэтрэхгүй.  Ийм л хууль үйлчилж байна. Энэ ослоос үүссэн эрүүгийн хэрэг хуулийнхаа хүрээнд шийдэгдэх нь гарцаагүй. Харин  эмнэлгийн  газарт газар эзэмших эрх олгосон  асуудлаас эхлээд барилгын ажил эхлэх зөвшөөрөлгүй, зураг төслөө батлуулаагүй байхдаа барилгаа барьж хүний аминд хүрсэн захиалагч компанийн эзэд, цаашлаад хяналтаа тавиагүй төр засагт хүлээлгэх хариуцлага  алга.

Хэзээ монгол хүн эх орондоо амьд явах баталгаатай болж, монгол хүний амь нас хэзээ үнэ цэнэтэй болох вэ...

Эх сурвалж:  www.news.mn

С.ОТГОНСҮРЭН


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан