"/> "/>

ОРОН СУУЦНЫ ҮНЭ НЭМЭГДЭХ ГЭНЭ.

Барилгын салбарынхан “Ирэх онд орон сууцны үнэ 20-50 хувиар нэмэгдэж болзошгүй” хэмээн анхааруулах болов. Ингэж хэлэх шалтгаан ч бий.
 
Шалтгаан 1. Нийслэлийн ИТХ-ын 2012 оны сонгуульд Ардчилсан нам ялж, Улаанбаатар хотыг удирдах эрх тэдний мэдэлд шилжсэн. Харин үүний дараахан хотын шинэ удирдлагууд “Улаанбаатар хотын төвийн 1300 га талбайд газар олгохгүй” хэмээн шийдвэрлэсэн. Энэ бол цаг үеэ олсон шийдвэр. Хүүхэд, хөгшид тоглох, нарлах талбайгүй болж, нийслэлчүүд нар харах эрхгүй хоцорцгоосон нь мөнөөх л хууль бусаар газар олголтын сөрөг үр дагавар юм. Тиймээс хотын удирдлагуудын зүгээс гаргасан шийдвэрийг хүмүүс алга ташиж хүлээн авсан нь тодорхой. Гэвч энэ нь газрын үнэ өсөх маш том шалтгаан болов. Барилгын салбарынханд ихээхэн хүнд ачаа нэмэх нь тэр. Газрын үнэ нэмэгдэж байгаа учраас тэд үнээ өсгөхөөс аргагүй шүү дээ. 
 
Шалтгаан 2. “Зөвшөөрөлгүйгээр барилга барьж буй компаниудын үйл ажиллагааг зогсооно. Тэдэнтэй хатуу тэмцэнэ”. Хотын удирдлагуудын зүгээс хэлсэн энэ үг иргэдэд бас л таатай сонсогдов. Чанаргүй барилгууд, түүнтэй холбоотой муу мэдээнүүд нийслэлчүүдийг түгшээх болсон учраас тэд ийн баярлах нь аргагүй. Гэхдээ нийслэл хотод 2008-2012 онд барьж эхэлсэн 100 гаруй барилгын ажил дуусаагүй байна. Үндэсний бүтээн байгуулагчид маань үүнд 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ч тэр нь салхинд хийсэж мэдэхээр байна. Тиймээс тэд алдагдлаа нөхөхийн тулд үнээ нэмэхээс өөр гарцгүй болжээ. Маш энгийн жишээ дурьдъя. Хамгийн хямдхан буюу хуучин нэг өрөө байр энэ оны нэгдүгээр сард 45 сая төгрөгийн үнэтэй байсан бол одоо 58 сая хүртлээ өсчээ. Тэгвэл шинэ орон сууцны үнэ 2012 оны эхний сард нэг метр квадрат нь 1,3-1.5 сая төгрөгийн үнэтэй байсан бол оны сүүлчээр буюу арваннэгдүгээр сарын байдлаар 1.5-2.7 сая болтлоо өсөөд байна. Харин энэ тоо ирэх онд хэд болж нэмэгдэх бол!

Шалтгаан 3. Ингэхэд барилгын компаниуд барилга, орон сууцаа улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд хэдэн хүнээр гарын үсэг зуруулдаг бол. Зарим эх сурвалжийн өгүүлснээр, тэд 100 гарын үсэг цуглуулдаг гэсэн. Тиймээс төрийн албан хаагчдын хаалгыг өглөө, үдэшгүй сахих нь ердийн үзэгдэл аж. Гэхдээ “Хэрэв зохих зөвшөөрлийг олгох эсэхээ шийдэж, гарын үсэг зурах учиртай хүн нь тухайн компанид хариуг нь өгөлгүй хоёр хоновол “Зөвшөөрөл олгосон” гэж автоматаар тооцно” гэх заалт холбогдох дүрэм журамд бий. Хамгийн сонирхолтой нь барилгын салбарт “Барилга хоорондын зай 60 метр байх ёстой” гэсэн стандартыг одоо болтол мөрддөг. Нэг ёсондоо хуучнаар ЗХУ-ын үед тогтоосон стандартыг шүү дээ. Тиймээс тэр үеийн стандарт одоогийн нөхцөл байдалтай яагаад ч нийцэхгүй нь тодорхой. Тэр тусмаа манай улсад барилгын “бум” болж байгаа үед дулаан, цэвэр усны ачаалал дийлдэхээ больсон. Өдрөөс өдөрт өртөг нь нэмэгдэж байгаа. Тийм учраас бүтээн байгуулагчид үнээ нэмэх нь бас л тодорхой.
   
Шалтгаан 4. Засгийн газраас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Иргэдэд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгохоор болсон нь ч саяхан. Харамсалтай нь өнөөдөр энэ хөтөлбөрийн үр дүнг үзсэн жирийн иргэн хэр олон байна вэ. Үнэнийг хэлэхэд, маш цөөхөн. Эх сурвалжийн мэдээлснээр, ОССК-д материалаа бүрдүүлж өгсөн 3000 иргэн бий. Гэвч ОССК-ийнхан долоо хоногт ердөө л хоёрхон хүнд зээл олгох эсэхээ хэлэлцэж байгаа гэнэ. Яагаад тэр вэ. Энэ асуултад мэргэжилтнүүд “Засгийн газар санхүүжилтийг нь шийдэж өгөхгүй байна. Мөн Хөгжлийн банкнаас мөнгө гаргахгүй байгаа” гэж хариулсан юм. Эл байдлаас дүгнэвэл, хүссэн хүн бүр жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах нь юу л бол.
    Барилгын салбарынхны хувьд, үнээ өсгөх шалтгаан энэмэтчилэн олон байна. Тиймээс тэд “Ирэх оноос өмнө орон сууцаа амжиж захиалаарай. Гэхдээ одоо баригдаж буй, бас ашиглалтад орсон барилгуудаас захиалах нь зөв шүү” хэмээн зөвлөж байна. Өөр нэгэн зүйлийг онцлоход, Монгол Улсад уул уурхайн салбар моодонд орлоо. Тиймээс импортоор оруулж ирж буй түүхий эдийн дийлэнх нь уул уурхайн зориулалттай аж. Гэвч барилгын салбарт энэ үзүүлэлт яагаад буурах болов. Энэ бас бодох л асуудал! Ямартай ч бүтээн байгуулагчид маань ирэх онд барилгын салбарт үнийн өсөлт нүүрлэхийг урьдчилан анхаарууллаа. Эрхэм та орон сууц захиалах гэж байгаа бол тэдний зөвлөгөөг дагаарай.     

Ж.САРУУЛ                              
Эх сурвалж www.info.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан