"/> "/>

Барилгын үйлдвэрлэлтэй холбоотой 15 мянга гаруй зөрчил илрүүлэв.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.
Өнгөрсөн намар нийслэлд баригдаж байсан хэд хэдэн барилга дээр осол гарч эрдэнэт хүний амь үрэгдсэнтэй холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгээс дээрх тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцүүлэхээр оруулж иржээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан тус ажлын хэсгийг ахалж өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллага, нийслэлд баригдаж буй барилга байгууламжид шалгалт хийж, барилгын үйлдвэрлэлтэй холбоотой 15 мянга гаруй зөрчил илрүүлсэн байна.
Тогтоолын төсөлд барилгын болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг цөөрүүлэх, шат дамжлагыг багасгах, хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт шалгалтыг чангатгах, үйлдвэрлэлийн осол, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянаж, зөрчсөн этгээдтэй хариуцлага тооцохоор тусгажээ. Тогтоолын төсөлд барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд иж бүрэн шалгалт хийж цэгцлэх ажлыг энэ онд багтаан хэрэгжүүлэхээр тусгажээ.
Гэхдээ зарим гишүүн үүний хугацааг нааш татаж, барилгын ажил эхлэх цаг үетэй давхцуулахгүй байх хэрэгтэй гэсэн санал гаргав. Мөн барилга байгууламж барих ерөнхий төлөвлөгөөг баталсны дараа барилга барих зөвшөөрөл олгох саналтай байгаагаа хэлэв.
Харин УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн хувьд уг тогтоолын төслийг хэзээ ч дэмжихгүй гэв. Тэрбээр ажлын хэсгийг барилгын болон хөдөлмөрийн салбарын асуудлуудыг хооронд нь хольж, ойлгомжгүй тогтоолын төсөл оруулж ирсэн хэмээн шүүмжиллээ. Түүнчлэн барилга, байгууламж барихад бүх нийтээс санал авна гэдэг хүндрэлтэй, аж ахуйн нэгжид бус зөвшөөрөл олгосон албан тушаалтанд хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн байр суурийг гишүүд илэрхийллээ. Ажлын хэсгийн ахлагчийн тайлбарласнаар тогтоолын төслийн “холбогдох этгээдүүд” гэдэгт албан тушаалтнууыг ч бас хамруулжээ.

Эх сурвалж: www.unen.mn

Ц.ЖАРГАЛ


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан