"/> "/>

СӨХ-ийг чөдөрлөх хүсэл

Сүүлийн хорин жилд эрх зүйн ямар ч статусгүй, гэсэн атлаа зарим нэгнээс илүү эрх эдэлсээр ирсэн байгууллага бол СӨХ. Оршин суугчид уг нь тэднийг өөрсөддөө үйлчлэхийн тулд сонгосон байдаг. Үндсэн үүрэг нь ердөө л энэ. Гэтэл амьдрал дээр тэд үндсэн үүргээ биелүүлдэг үү гэвэл үгүй. Оршин суугчдаас сар бүр мөнгө хурааж, засварын мөнгө гэж нэмэн хэдэн төгрөг хураадаг авч чухам юунд зарцуулаад байгааг нь хэн ч үл мэдэх бөлгөө. Зүй нь бол оршин суугчиддаа нээлттэй байж, засах засвар, ашиглах хөрөнгө мөнгө, хураах төгрөгийн талаар нээлттэй байх учиртай.

СӨХ нээлттэй байгаа юу? Хариулт нь мэдээж тодорхой. Үгүй. СӨХ-ны дээд зөвлөл гэгч дээр иргэн та очоод үзээрэй. Жирийн иргэдийг хавьтуулна гэж үгүй. Эхлээд заавал даргатай нь ярьж, албан бичиг өгч байж иргэн та уулзаж, хэдхэн асуултдаа хариулт авах боломжтой. Та СӨХ-ны Дээд зөвлөл хэдэн төгрөгийг юунд зарцуулсныг мэдэх эрхтэй юу? Хариултыг нь уншигч авхай та бараг таасан байх. Хөрөнгө, мөнгө нь нууц тул оршин суугч танд мэдэх ямар үндэс байхгүй. Ямар ажил хийсэн бэ? бас л тодорхойгүй. СӨХ-ны дээд зөвлөл нь бүх СӨХ-үүдийн үйл ажиллагааг мэддэггүй, мэдэх гэсэн ч чаддаггүй тул ямар ажил хийснийг ерөнхийд нь мэдэхгүй. Хэрвээ дугаар хорооны иргэн Бат та СӨХ-гоо сонгосон бол хийсэн ажлыг нь тухайн байрны СӨХ-ноос асуусан нь дээр гэдэг хариултаар амыг чинь таглана. Угтаа яг ийм байдал тогтсоор уджээ. Гэтэл үүнийг хэн мэддэг вэ? Бас л тодорхой зүйл алга. Хот ч, төр ч, иргэн та ч үүнийг захирах ямар ч боломжгүй. Жил бүр харьяа 750 гаруй СӨХ-ноос нэг тэрбум гаруй төгрөгийн татаас авдаг СӨХ-ны Дээд зөвлөл энэ мөнгөө чухам юунд зарцуулдаг вэ гэдэг нь сонин.

Харин ШӨХТГ-аас СӨХ-ны Дээд зөвлөл гэгч байгууллагыг татан буулгах талаар саналыг оруулаад байгаа. Амьдрал дээр биелэгдэх эсэх нь мөн л эргэлзээтэй. СӨХ-ны дээд зөвлөлөөс ярьж байгаа нэгэн зүйл гэвэл сард 250 мянган төгрөгийн цалин аваад ажлаа хийдэг 10 гаруй хүнийг ажлын байргүй болгох гэж байгааг эсэргүүцэн, ажлаа илүү нээлттэй болгох талаар хийх зүйл байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа. Сүүлийн 20 жилийн хугацаанд хэн нэгний шалгалт, шахалтан дунд ажиллаж үзээгүй энэ байгууллага хэдхэн сарын дотор ёс горимоороо ажиллана гэдэг эргэлзээтэй.

Эрхэм уншигч та яг одоо гараад СӨХ-ныхоо даргаас хэдэн төгрөг зарцуулсан бэ гээд асуугаад нэг үзээрэй. Хариулт нь.....

Эх сурвалж: www.news.mn

Б.СҮХ


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан