"/> "/>

Газар өмчлөлийн харилцааг төгөлдөршүүлнэ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, Г.Баярсайхан, С.Одонтуяа нар УИХ-д өргөн мэдүүлсэн байсныг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр хэлэлцлээ.

Гэхдээ хэлэлцэх эсэх асуудал дээр УИХ нэгдсэн шийдвэрээ хараахан гаргаж амжаагүй тул  ирэх долоо хоногийн пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэх болж байна. Хуульд шигтгэсэн гол үзэл баримтлал бол Монгол Улсын иргэн бүрт газар өмчилсөн эрхийг нь баталгаажуулсан сертификат олгоно гэж буй. Тодруулж хэлбэл, иргэн та, таны гэр бүлийн гишүүн бүр өөр, өөрийн газартай болж, түүнийгээ сертификатаар баталгаажуулж авна гэсэн үг. Таныг хашаа хатгаж дотор нь амьдраагүй тул газрыг тань хурааж авна гэж төр сүрдүүлэхгүй. Бас таны газар бусдын эзэмшсэн газартай давхацжээ гэх маргаан ч эцэслэгдэнэ.  Ингэснээр өмчилсөн газраа хэдэн арван жил тэр байтугай зуун жилээр өмчилж, үед дамжуулан өвлөх бололцоо ч нээгдэх юм.

Төсөлд туссан хоёр дахь анхаарал татах заалт нь газар тариалан эрхлэгчид одоо эзэмшиж байгаа газраа өмчилж авах харилцаа ч энэхүү хуулийн төсөлд тусгагджээ. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд эл заалттай холбоотойгоор гарч байгаа нэг сануулга нь, Монгол Улс иргэндээ ижил тэгш хандах ёстой. Тухайн газрыг одоо эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгжид давуу эрх эдлүүлэн шууд өмчлөх эрхийг олгочихдог. Гэтэл үүний цаана газар эзэмшиж чадаагүй, газар тариалан эрхлэх хүсэлтэй олон иргэн, аж ахуйн нэгж бий. Тэдгээр нь газар эзэмших нөхцөлд дуудлага худалдаанд оролцох болж буй нь нэг талдаа ялгавартай хандсан хэрэг болох тул энэ асуудлыг эргэж харах шаардлага бий гэсэн санааг УИХ-ын гишүүн А.Бакей нар хөндөөд буй. Тиймээс ажлын хэсэг энэ асуудалд анхаарах болж байгаа билээ. Бас нэг чухал асуудал нь эцэг, эх хүүхдээ насанд хүртэл нь газрынх нь сертификатыг бусдад худалдахыг хориглоно. Мөн гадаадын иргэнд газрын сертификатыг худалдахыг хориглоод байна. Гэхдээ газраа тодорхой хугацаанд гэрээ байгуулан эзэмшүүлж ашиглах эрх тухайн өмчлөгчид нээлттэй байгаа юм. Энэ нь газар гэх баялгийг Монгол Улсын иргэн бүр эдийн засгийн эргэлтэд оруулах бололцоог нээж өгнө. Нөгөө талаас газрын харилцааг олон нийтэд нээлттэй болгох зорилгоор Газрын биржийг байгуулах болж байгаа юм.

Сануулахад, Монгол Улсад Газар өмчлөх тухай хууль анх 2002 онд батлагдаж, 2003 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөгджээ. Энэ хугацаанд газар өмчлөлийн хуулийн хугацааг хоёр удаа сунгасан байна. Хамгийн сүүлд өнгөрсөн онд УИХ-аас эл хуулийн төслийг баталснаар 2018 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл газар өмчлөх эрхийн хугацааг сунгажээ. 

Харин Газар өмчлөлийн тухай хууль хэрэгжсэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улсын нийт хүн амын 10 гаруйхан хувь буюу ердөө 302352 иргэн газраа өөрийн нэр дээр өмчилж авсан байна. Газар зүйн байршлаар нь хөөж үзвэл Улаанбаатар хотын иргэдээс 7.6 хувь буюу 91830 иргэн газраа өмчилж авсан тухай албан мэдээ байна.

Тиймээс эл хууль батлагдвал газар өмчлөхөд Газрын албанаас шаарддаг тодорхой нөхцөлүүд үгүй болох тул иргэн бүр газраа өмчлөх эрх зүйн харилцаанд нааштай үр дүн авчирах юм байна.

Эх сурвалж: www.news.mn

Г.ДАРЬ


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан