"/> "/>

ҮХХ ЗУУЧЛАЛЫН КОМПАНИТАЙ ҮР АШИГТАЙ АЖИЛЛАХ ЗӨВЛӨГӨӨ

Хамгийн чухал нь

Зуучлалын компаниа зөв сонгох. Сүүлийн үед зуучлалын компаниуд маш олноор байгуулагдаж байгаа. Зарим нь өөр төрлийн бизнес хийж байгаад үл хөдлөх хөрөнгө зуучлал ашигтай юм байна гээд сэтгэл хөдлөлөөр шахуу компани байгуулчихдаг. Мөн, зарим компаниуд нь хашаа байшинг зарахдаа сайн, зарим нь гадаад иргэдэд байр түрээслүүлэхдээ чадмаг гэх мэтээр төрөлжсөн байдаг. Тиймээс тодорхой хэмжээний судалгаа хийж байгаад компаниа сонгоорой.  Ихэнх нь өөрсдийн вэбсайттай ба тэндээс тодорхой мэдээлэл авч болно. Энэ сонголтыг зөв хийчихвэл та замынхаа талаас илүү туулчихлаа гэсэн үг.

Гэрээ байгуулах үед

Зуучлалын гэрээ байгуулахдаа зуучлагчаас (риалтор) зах зээлийн байдлын талаар сайн лавлаж, хөрөнгөө борлуулах үнээ сайн зөвлөлдөөрэй. Ингэхийн оронд би мэдэж байгаа, үнэ ийм тийм байна лээ гээд өөрийнхөөрөө зүтгээд байвал хөрөнгийн тань борлогдох магадлал л буурна.

Байнгын харилцаа/Эргэх холбоо

Хөрөнгөө сурталчлуулж эхэлсэн бол та явцын дунд риалтортайгаа байнга холбоотой байж, мэдээлэл авч, санал хүсэлтээ илэрхийлж байгаарай. Тантай холбогдон мэдээлж байх нь тэдний үүрэг боловч, дан үүнд найдалгүй өөрөө санаачлагатай байх нь, энэ үйлчлүүлэгч яарч байгаа, манайхыг хүлээгээд байгаа гэсэн сигнал өгөх нь хөрөнгийг тань бусад хөрөнгөөс онцлох, борлуулалтыг хурдасгах, сайн үйлчилгээ авахад нэмэртэй. Тэд ганцхан таныхыг биш өөр олон хөрөнгө борлуулдаг, бас зах зээлд ганцхан компани биш өөр олон компани зуу зуун хөрөнгө зуучилдаг гэдгийг санууштай.

Үйлчлүүлэгчийн соёл

Үр ашигтай хамтрах өөр нэг алхам  бол соёлтой үйлчлүүлэх явдал билээ. Үйлчилгээний соёл гэдэг ойлголт бизнесийн компаниудын өрсөлдөөний ачаар Монгол улсад маань бага багаар урган төлжиж буйг та бид мэднэ. Харин үүнд хамгийн саад болдог зүйл нь үйлчлүүлэгчийн соёл байдаг.  Соёлтой үйлчлүүлснээр та сайн үйлчилгээ авах болно гэдэгтээ бүү эргэлзээрэй.

Урамшуулал ба зэмлэл

Хэрвээ зуучлалын компани таны хөрөнгө борлуулан, сайн үйлчилгээ үзүүлсэн бол та түүнийг нь ойр тойрныхондоо дуулган урамшуулж, дараагийн удаа дахин үйлчлүүлээрэй. Харин үйлчилгээ муутай байсан бол өөрийн санал, зөвлөгөөгөө чөлөөтэй  илэрхийлж, магадгүй дараа өөр компани сонгож болно. Энэ нь Монголд үйлчилгээний соёлыг сайжруулахын төлөөх “үйлчлүүлэгчийн соёл” билээ.

www.besta.mn

Эх сурвалж: БЭСТА агентаг


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан