"/> "/>

ЦУВРАЛ-4 l ҮХХ зуучлалын үйлчилгээний шимтгэлийн маргаан

 

CҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2019 оны 12 сарын 06 өдөр          Дугаар 2525                       Улаанбаатар хот

                            181/ШШ2019/02525

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.С -ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х У  ХХК -д холбогдох

Зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,280,000 төгрөг хариуцагчаар буцаан төлүүлэх тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одонтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Н.Санчиндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.С   нь Хүрэл-Уулс ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхэд зуучлах гэрээ байгуулсан. Хүрэл-Уулс ХХК-ийн агент Б.Одонтуяатай Хан-Уул дүүргийн 11-р хороо Маршал хотхоны 105-р байрны 1 давхарын 160 м.кв талбайг түрээслүүлэх гэрээ байгуулсан. Хүрэл-Уулс ХХК нь “Japanese beauty salon”-ийн Б.Урантуул гэх хүнтэй зуучилж өгч, Хан-Уул дүүргийн 11-р хороо Маршал хотхоны 105-р байрны 1 давхарын 160 м.кв талбайг 2 жилийн хугацаатай түрээслэхээр болсон тул түрээсийн гэрээг та нар хоорондоо байгуулаарай гэрээний 3.2.1-т заасны дагуу 5,280,000 төгрөгийг шилжүүлээрэй гэж хэлээд тус мөнгийг авсан.

Гэтэл “Japanese beauty salon” нь түрээсийн гэрээг байгуулж, 24 хоногийн дараа түрээсийн гэрээг дур мэдэн цуцалж, нүүсэн. Тус байранд нүүж ороогүй зөвхөн түлхүүрээ авсан байсан. Гэхдээ “Japanese beauty salon” нь Хан-Уул дүүргийн 11-р хороо Маршал хотхоны байрын дотор талыг бүгдийг нь сүйтгэж, барилгыг хогоор дүүргэн, орхиж үлдээсэн байсан. Гэрээ цуцлах талаар мэдэгдээгүй, мөн актыг хүлээлгэж өгөөгүй зөвхөн байрны түлхүүрийг өгсөн.

Гэрээний 3.2.1-т зуучлуулагчийн үл хөдлөх эд хөрөнгийг 6 буюу түүнээс дээш хугацаагаар түрээслэх түрээслэгчдээ холбон зуучилж өгсөн бол 1 сарын түрээсийн төлбөрийн 80 хувьтай тэнцэх хэмжээний 5,632,000 төгрөгийг төлүүлнэ гэж заасан. Гэтэл Хүрэл-Уулс ХХК-ийн зуучилсан байгууллага нь тус байрыг түрээслээгүй. Харин түрээсийн гэрээний хугацаа хэрэгжиж эхлэхээс өмнө түрээсийн гэрээг цуцалж, байрыг орхиж явсан.

Гэрээний 3.2.1-т гэрээний 4 дүгээр зүйлд заасан үл хөдлөх хөрөнгийг түрээсэлсэн бол төлбөрийг үл маргах журмаар төлнө. Гэтэл гэрээний 4 дүгээр зүйлд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 11-р хороо Маршал хотхоны байрыг түрээсэлсэн бол талууд үл маргах журмаар төлбөрийг төлнө гэж тусгасан. Гэтэл “Japanese beauty salon” нэг сар ч байрыг түрээслээгүй байхад Хүрэл-Уулс ХХК нь зуучлалын хөлс авсан.

Иймд Үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхэд зуучлах гэрээ биелэгдээгүй тул Хүрэл-Уулс ХХК-иас зуучлалын төлбөр болох 5,280,000 төгрөгийг гаргуулан Б.С  гийн хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, гэрээ байгуулах этгээдтэй холбож, түүний дагуу хөлс авна гэж заасан. Зуучлуулагч түрээслэгч хоёрыг холбож өгснөөр зуучлалын үйл ажиллагаа дуусгавар болсон. Энэ нь гэрээ байгуулснаар илэрдэг. 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр түрээслэх түрээслүүлэх, түрээсийн гэрээг нотариат дээр очиж байгуулсан.

Түрээсийн гэрээг талууд сайн дурын үндсэн дээр байгуулсан. Үүний үндсэн дээр зуучлалын гэрээ дуусгавар болсон учраас гэрээний 3.2.1-т заасны дагуу 80 хувийн төлбөр болох 5,280,000 төгрөгийг авсан.

2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс түрээслэх түрээслүүлэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн. “Japanese beauty salon”-ийг 20 хоногийн дараа байраас гарсан гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан фото зураг нь  Хан-Уул дүүргийн 11-р хороо Маршал хотхоны зураг гэдэгт эргэлзэж байна. Иймд нэхэмжлэгч талын ярьж буй зүйлүүд нь үндэслэлгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хуулийн 410 дугаар зүйлд гэрээ байгуулах этгээдтэй холбож өгснөөр гэрээ дуусгавар болно гэж заасан. Үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхэд зуучлах гэрээний 1.1-т гэрээ байгуулах этгээдтэй холбож өгсөн бол түрээсийг авна гэж заасан. Гэрээнд зааснаар талуудыг хооронд нь холбож өгсөн. Холбож өгснөөр талууд хоорондоо түрээсийн гэрээ байгуулсан. Энэ нь гэрээний 3.2.1 дэх заалт биелэгдсэн гэж үзэж байна.

Б.С   нь Хан-Уул дүүргийн 11-р хороо Маршал хотхоны байрны нэг сарын төлбөр болох 6,000,000 төгрөгийг Б.Урантуулаас авсан учраас манай байгууллага шимтгэлийн мөнгийг авсан. Б.Урантуул түрээсийн төлбөр өгсөн учраас гэрээ хүчин төгөлдөр болсон. Мөн гэрээний 3.3 дахь биелэгдсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.С   нь хариуцагч Х У  ХХК-д холбогдуулан “Үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхэд зуучлах гэрээ”-ний дагуу төлсөн 5,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Х У  ХХК нь зуучлалын гэрээний дагуу гуравдагч этгээдтэй холбож, түрээсийн гэрээ байгуулсан тул зуучлалын хөлсийг төлөх боломжгүй гэж маргасан.  Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 2140 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхэд зуучлах гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал хотхон, 105 дугаар байр, 1 тоотод байрлах 160 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээсийн гэрээ байгуулах боломжит түрээслэгчтэй холбож өгөх, Б.С   нь зуучлалын хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцож байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал хотхон 105 дугаар байр 1 тоотод байрлах 160 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх зорилгоор Х У  ХХК-ийн Remax Elite үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын төвд хандаж, агент Б.Одонтуяатай гэрээ байгуулсан. Агент Б.Одонтуяа нь үл таних Б.Урантуултай холбон өгч, түрээсийн гэрээг байгуулан Х У  ХХК-д 5,280,000 төгрөгийг төлсөн. Гэтэл, Б.Урантуул нь өөр түрээслэгчид түрээслэх боломжгүй болгож хаяж явсан ба уг байрыг засварлахгүй бол өөр этгээдэд түрээслэх боломжгүй болсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.2-д зааснаар Б.Урантуул нь 6 сараас дээш хугацаагаар түрээслээгүй байх тул зуучлалын гэрээний хөлс 5,280,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Иймд зуучлалын гэрээний хөлс 5,280,000 төгрөгийг Х У  ХХК-иас гаргуулж өгнө үү ” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч Х У  ХХК нь “...Зуучлалын гэрээ байгуулсан эсэхэд маргахгүй. Гэрээний дагуу түрээслэгчтэй холбон өгч, түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан тул урьдчилгаа төлбөрийг буцаан өгөх боломжгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.

Зуучлалын гэрээний хууль зүйн агуулга нь зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч Б.С   нь иргэн Б.Урантуултай 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал хотхон, 105 дугаар байр, 1 тоотод байрлах 160 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай, нэг сарын 6,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож гэрээ байгуулсан ба Б.Урантуул нь түрээсийн гэрээний барьцаа төлбөрт 6,000,000 төгрөгийг Б.С  д төлсөн үйл баримтад талууд маргаагүй болно.

Талуудын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхэд зуучлах гэрээ”-ний 3.1.2-д зааснаар 6 сар буюу түүнээс дээш хугацаагаар түрээслэх түрээслэгчтэй холбон өгч, 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан цаг хугацаанаас зуучлалын гэрээний үүрэг дуусгавар болох ба зуучлалын гэрээний дагуу түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хяналт тавьж, гэрээний хэрэгжилтийг хангах үүрэг хүлээхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Түрээсийн гэрээнээс татгалзах, үүргийн зөрчил нь зуучлалын гэрээнээс тусдаа эрх зүйн харилцаа тул Б.Урантуултай байгуулсан түрээсийн гэрээтэй холбоотойгоор зуучлалын гэрээнээс татгалзаж, зуучлалын хөлс 5,280,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу учирсан хохирол гэж зуучлалын хөлсөнд төлсөн 5,280,000 төгрөгийг бусдаас шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй. Иймд хариуцагч Х У  ХХК-иас 5,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.С  гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х У  ХХК-иас 5,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.С  гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР

 

Эх сурвалж: www.shuukh.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан