ЦУВРАЛ-3 l ҮХХ зуучлалын үйлчилгээний шимтгэлийн маргаан

Хууль, эрх зүй     2020-12-26     211
www.shuukh.mn

 

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР

2019 оны 09 сарын 24 өдөр   Дугаар 1858          

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ү  Х Х Н Ү  ХХК -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.Т -д  холбогдох

Зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,360,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:       

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Иргэн С.Т  нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тус компанитай үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах онцгой эрхийн гэрээ байгуулсан. Энэ үед Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, бэлхийн 31 гудамж, 610 тоотод оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбарт бичигдсэн байна.

Миний бие Даш овогтой Дашдорж нь тус компанид агентаар ажилладаг бөгөөд тус гэрээг хийсэн. Уг гэрээний дагуу худалдан борлуулах ажлын маркетингийн төлөвлөгөө гаргаж, ажил үйлчилгээ явуулж эхэлсэн. Тухайн үед банкны 8 хувийн зээл зогссон, зуучлуулагч нь хувь лизингээр өгөхгүй, үнийн дүнг буулгахгүй гэх мэт үндэслэл шалтгаантай байсан.

Гэтэл С.Т  нь уг орон сууцыг хувь лизингээр өөрөө худалдсан. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах онцгой эрхийн гэрээний 6.8-д хэрэв зуучлуулагч нь гэрээний хугацаанд зуучлагчийн тусламжгүйгээр өөрөө худалдан авагчийг олсон, түүнтэй гэрээ байгуулсан бол зуучлагчид гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувийг шагнал болгон өгнө.

Би үүнийг орхичихсон байсан. Энэ бол аль 11 сард байр нь зарагдаад болоод өнгөрсөн зүйл. Байраа зарчхаад надад утсаар хэлэхээр нь би салбарын захиралдаа энэ хүн өөрөө байраа худалдчихжээ гэж танилцуулаад архивлах гэж байсан чинь манай ажил дээр хуулийн багийн шалгалт ирээд бүх хэргийг үзээд тус гэрээ яаж хаагдсан, ажлын үр дүн нь яаж шийдэгдсэн гээд шалгахад энэ гэрээ гараад ирсэн. Тэгээд та энэ гэрээг яагаад ингээд орхисон юм. Энэ гэрээний ажил чинь дутуу хийгдсэн байна гэрээгээ гүйцээж хий гэсэн шаардлага тавьсан.

Мөн гэрээний 9.2-д Зуучлуулагч нь зуучлагчийн тусламжгүйгээр гуравдагч этгээдтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхтэй бөгөөд ийнхүү зуучлуулагчийн оролцоогүйгээр гэрээ байгуулагдсан нь зуучлагчийн энэхүү гэрээний 6.7-д заасан шагнал өгөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иргэн С.Т  нь ҮХХ-ийн гэрээний 6.8-р зүйлд заасны дагуу одоог хүртэл хугацаанд үүргээ биелүүлэхгүй байна. Иймд С.Т аас 2,360,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сүхбаатар овогтой Туул миний бие “Үл хөдлөх эд хөрөнгө нэгдсэн үйлчилгээ” ХХК-ийн Ремакстай 2018 оны намар байр заруулахаар хүсэлт гаргасан боловч надад нэг ч үйлчилгээ үзүүлээгүй. Би арга тасрахдаа найзынхаа хүү Ганболдын Хангал гэдэг хүүд тохиролцон миний бие өөрөө  борлуулсан болно. Тухайн үед тусгай гэрээ хийгээд надад онцгой гэрээ хийж байна гээд тайлбар хийгээгүй. Намайг их завгүй ажил ихтэй явж байхад олон удаа араас утасдаж хөөцөлдөн дагаж банкинд гүйлгээ хийлгэлгүй, дараа нь зайсанд Номун виллаж хотхонд араас хөөцөлдөж очин намайг залхаан байж гэрээнд гарын үсэг зуруулсан. Яарч байсан  их ажилтай үед гэрээнд гарын үсэг зуруулж, онцгой гэрээг тохиролцоогүй. Илтэд хохиролтой хүчин төгөлдөр бус гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ажил үйлчилгээ үзүүлээгүй, байр зарж өгөөгүй байж мөнгө нэхэмжлэх явдлыг ойлгохгүй байна” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

ҮНДЭСЛЭХ НЬ:

 Нэхэмжлэгч Ү Х Х Н Ү  ХХК нь хариуцагч С.Т д холбогдуулан зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С.Т  нь Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах онцгой эрхийн гэрээ байгуулсан боловч ямар нэгэн үйлчилгээ үзүүлээгүй, би өөрөө байраа бусдад худалдсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

            Шүүх дараах  үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэв.

Талуудын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 21-ний ОХ/18/076 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах онцгой эрхийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 29/3 байрны 35 тоот, Улсын бүртэглийн Ү-2205066355 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг 180,000,000 төгрөгөөс 120,000,000 төгрөгийн хооронд бусдад зуучлан борлуулах, С.Т  нь 2,653,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээж гэрээ байгуулсан гэрээ байгуулжээ.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “...хариуцагч С.Т  нь манай байгууллатай гэрээ байгуулсан боловч өөрөө худалдан авагч олж, бартераар байраа худалдаж байгаа тухай мэдэгдсэн. 2018 оны 9 дүгээр сарын 21-ний ОХ/18/076 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах онцгой эрхийн гэрээ” байгуулсан ба уг гэрээний 6.8-д хэрэв зуучлуулагч нь гэрээний хугацаанд зуучлагчийн тусламжгүйгээр өөрөө худалдан авагч олсон, түүнтэй гэрээ байгуулсан бол зуучлагчид гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувийг шагнал болгон өгнө гэж заасны дагуу 2,360,000 төгрөгийн шаардлага гаргасан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч нь “...2018 оны намар байр заруулахаар хүсэлт гаргасан боловч надад нэг ч үйлчилгээ үзүүлээгүй, Би арга тасрахдаа найзынхаа хүү Г.Хангал гэдэг хүүд тохиролцон миний бие өөрөө борлуулсан болно., ...Ажил үйлчилгээ үзүүлээгүй, байр зарж өгөхгүй байж мөнгө нэхэмжилдэг явдлыг ойлгохгүй байна” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 29/3 байрны 35 тоот, Улсын бүртэглийн Ү-2205066355 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг зуучлалын гэрээний дагуу нэхэмжлэгч Ү Х Х Н Ү  ХХК нь худалдан борлуулаагүй, харин хариуцагч өөрөө худалдан борлуулсан үйл баримтад талууд маргаагүй болно.

 Талуудын Зуучлалын гэрээ байгуулах хүсэл зориг нь гуравдагч этгээд буюу хэлцэл хийх этгээдтэй холбох замаар орон сууцыг бусдад худалдахад чиглэж байсан ба нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 29/3 байрны 35 тоот, Улсын бүртэглийн Ү-2205066355 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг худалдан авах этгээдтэй хариуцагчийг холбож өгсөн тохиолдолд гэрээний хүсэл зориг хэрэгжиж, зуучлагч нь төлбөр шаардах эрх үүсэх онцлогтой.

Зуучлах онцгой эрхийн гэрээний 5.1-д заасан хугацаанд нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үүргээ гүйцэтгээгүй, мөн зуучлалын ямар үйлчилгээ үзүүлсэн байдлыг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.3-д заасан зуучлуулагч нь зуучлагчийн тусламжгүйгээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсны шагнал шаардах эрхгүй байна. 

Зуучлагч үүргээ гүйцэтгэж байх хугацаанд зуучлуулагч нь гуравдагч этгээдэд худалдсан тохиолдолд зуучлагчид учирсан хохирлыг арилгах асуудлыг гэрээгээр тохиролцоогүй тохиолдолд шагнал  шаардах эрх үүсэх юм.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Би үүнийг орхичихсон байсан. Энэ бол аль 11 сард байр нь зарагдаад болоод өнгөрсөн зүйл. Байраа зарчихаад надад утсаар хэлэхээр нь би салбарын захиралдаа энэ хүн өөрөө байраа худалдчихжээ гэж танилцуулаад архивлах гэж байсан чинь манай ажил дээр хуулийн багийн шалгалт ирээд бүх хэргийг үзээд тус гэрээ яаж хаагдсан, ажлын үр дүн нь яаж шийдэгдсэн гээд шалгахад энэ гэрээ гараад ирсэн. Тэгээд та энэ гэрээг яагаад ингээд орхисон юм. Энэ гэрээний ажил чинь дутуу хийгдсэн байна гэрээгээ гүйцээж хий гэсэн шаардлага тавьсан.” гэх тайбараас үзэхэд зуучлагч Д.Дашдорж нь бодит байдалд   С.Т аас онцгой гэрээний шагнал шаардахгүй гэх хүсэл зоригийг илэрхийлж байсан гэж үзэхээр байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 9.1, 9.2-д гэрээний улмаас учирсан хохирлыг шаардах үндэслэлийг хангалттай тохиролцсон байхад давхар шагнал олгохоор гэрээнд заасан үндэслэл муутай байна.

Иймд хариуцагч С.Т аас зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,653,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ү Х Х Н Ү  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь шударга ёсонд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хариуцагч С.Т д 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутанд зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч С.Т ын 9191-3393 дугаартай утсаар мэдэгдэж,  Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, бэлхийн 31 гудамж, 610 тоот хаягаар Монгол шуудан ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Гэтэл,  хариуцагч С.Т  нь тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэж мэдэгдэх хуудсыг буцаасан байна.

Хариуцагч С.Т ыг нэхэмжлэлийн хувь гардуулахаар тус хаягаар дуудан ирүүлж байсан, мөн нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа өөрийн оршин суух хаягаар дээрх хаягийг мэдүүлсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул түүнийг утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн болно.

Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар хариуцагч С.Т аас зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,653,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ү Х Х Н Ү  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                       

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               С.ЭНХБАЯР

 

 

 

 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан