"/> "/>

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци (МБҮА) ТББ-ын IV чуулган зохион байгуулагдаж байна

МБҮА ТББ нь 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эгнээндээ 160 гаруй гишүүн компанитай, барилга, хот байгуулалтын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ болон нийгэмд үйлчилдэг салбарын мэргэжлийн манлайлагч төрийн бус байгууллага юм.

Монгол Улсын барилга, бүтээн байгуулалтын салбарын ирээдүйн хөгжлийг дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийлүүлэн тодорхойлж, хамт олныхоо ашиг сонирхлын илэрхийлэл, дуу хоолой болж байгаа МБҮА-ийн гишүүн байгууллагууд нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд эв нэгдэл, нөөц бололцоогоо бүрэн дайчлан ажиллаж, эх орныхоо бүтээн байгуулалтын олон чухал томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн амжилтаар 10 жилийнхээ ойгоо 2019 оны 04-р сард салбарын шийдлийг эрэлхийлэх зорилгоор “МОНГОЛЫН БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ”-ыг амжилттай зохион байгууллаа. 

Мөн Оюутнуудыг дэмжих, барилгын салбарт нэвтрүүлэх шинэ санаа, дэвшилтэт технологийн шийдлийн төслүүдийг илрүүлж, тэдгээрт хөрөнгө оруулах, ажил олгогч, суралцагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор их, дээд сургуулийн оюутан залуусын дунд “ШИЙДЛИЙГ САНААЧЛАГЧИД” УРАЛДААН-ТЭМЦЭЭНИЙГ зохион байгуулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх шинэ санаа, шийдлийг шалгаруулан оюутан залууст урам хайрласан сайхан арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.    

Өнөөдөр 2019 оны 05-р сарын 29-ний энэ өдөр МБҮА ТББ нь IV Чуулганаа зохион байгуулж эрх барих дээд байгууллагын удирдлагуудаа сонгох гэж байна.

2016 онд хуралдсан МБҮА-ийн III чуулганаас МБҮА-ийн Ерөнхийлөгчөөр “Макс групп”-ийн Захирал Д.Цэрэнжигмэд, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр “Цаст групп”-ийн Захирал Н.Баярсайхан, Дэд ерөнхийлөгчөөр “Заг групп”-ийн Захирал Б.Нэмэхбаатар, “Эко констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал С.Нямдаваа, “Рояал  Нью Кэстл” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Өнөрболор, “Номин Констракшн Девелопмент групп”-ийн Гүйцэтгэх захирал Б.Хүрэлхүү нар сонгогдон ажилласан байна.

МБҮА ТББ нь IV Чуулганаараа 2016-2018 оны Стратеги төлөвлөгөөний гүйцэтгэл, 2019-2022 оны Стратеги төлөвлөгөөний төсөл, МБҮА-ийн Дүрмийн төсөл, ирэх 3 жилд Ассоциацийг удирдаж ажиллах эрх барих дээд байгууллагын удирдлагуудыг сонгох асуудлыг хэлэлцэнэ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд МБҮА-ийн гишүүн байгууллагууд өөрсдөө болон хамтран ажиллагч гэрээт, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч байгууллагуудтайгаа хамтран нийт 30 гаруй мянган  ажлын байрыг бий болгож, Монгол Улсад өнөөдөр хийгдэж байгаа нийт бүтээн байгуулалтын 80 орчим хувийг хийж гүйцэтгэж байгаад бид бахархаж байна.

МБҮА нь “Барилгын салбарт сайн засаглалыг бий болгоход төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг сайжруулж, хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийхэд нөлөөлж, гишүүдийн чадавхийг сайжруулж, барилгын зах зээлийн тогтвортой өсөлтийг хангахад хувь нэмрээ оруулах” эрхэм зорилгынхоо хүрээнд гадаад, дотоодод олон шинэлэг ажлуудыг хийж гүйцэтгэсний дотор Барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан гэрээний дагуу түншлэгч Төрийн бус байгууллагуудтайгаа хамтран “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох” урьдчилсан дүгнэлтийг гаргах ажлыг түргэн, шуурхай зохион байгуулж, цахим системийг нэвтрүүлэн амжилттай гүйцэтгэн ажиллаж байна.

Өнгөрсөн 3 жилд МБҮА-ийн бий болгосон ололт, амжилтуудын нэг бол гадаад харилцаагаа өргөжүүлж дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж чадсан явдал юм. Үүний тодорхой жишээ нь дэлхийн тавцанд нэр хүндтэй олон улсын байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдөж, хамтарч ажиллах гэрээ хэлцэл байгуулсан, олон улсын арга хэмжээнүүдэд хамтарч оролцож, хамтарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа явдал юм.

Ассоциацийн гадаад хамтын ажиллагаа өргөжиж БНСУ-ын Барилгын Ассоциацитай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулав. Ази ба Баруун Номхон Далайн Орнуудын Гэрээлэгчдийн Ассоциациудын Олон Улсын Нийгэмлэг (IFAWPCA), БНХАУ-ын Олон Улсын Гэрээлэгчдийн Холбоо (CHINCA)-той уламжлалт харилцаагаа өргөжүүлсний зэрэгцээ, АНУ, БНХАУ, БНСУ, Канад, Малайзи зэрэг орнуудад зохион байгуулагдсан олон улсын барилгын салбарын чуулга-уулзалт, үзэсгэлэн яармагт Монголын барилгын салбарыг төлөөлөн амжилттай оролцсон.

Европийн Сэргээн Босголт Хөгжлийн банкны хэрэгжүүлсэн “Монголд үр дүнтэй холбоодыг байгуулах - Гишүүдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах төсөл”, Европын Холбооны санхүүжилттэй “Улаанбаатар хотын төлөвлөгдөөгүй бүсэд эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барихад зөвлөгөө өгөх, санхүүгийн зуучлалын үйлчилгээг үзүүлэх” төслийг Франц Улсын ЖЭРЭС ТББ-тай хамтран хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан