"/> "/>

Ядрахдаа тулдаг мод буюу “G” хорооллыг онилсон жижиг улс төр

МУУ СОНГОЛТ, БУРУУ ДАЙРАЛТ

Хүн ядрахдаа арга буюу мод тулан зогсдог. Яг үүнтэй ижил улс төрд ч гэсэн амь тавихын даваан дээр түрхэн зуур “дэрлэж” хэвтдэг сэдэв гэж бий. Бий ч гэж дээ, бий болгодог юм. 2012 онд бүрдсэн парламентын бүрэн эрхийн хугацаа хууль ёсоор дуусахад сар гаруйхны хугацаа үлдлээ. Энэ үед аргаа барж, тартагтаа тулсан улстөрчдын нуруугаар хүйт оргиж эхэлсэн учир “дэрлэж” хэвтэх сэдвийн эрэлд гарсан юм. Ингэсний хүчинд тэрхүү сэдвээ тэд олжээ. Олсон гэдгээ өнгөрсөн долоо хоногт телевизийн нэвтрүүлэг, хэвлэлийн бага хурлаар зарлав. Харамсалтай нь онилсон тэр сэдэв нь дэндүү буруу сегмент болсон гэж үзэгч түмэн дүгнэлээ. Хөлбөмбөгөөр яривал 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэхдээ тамирчин нь хаалга руу бус тэнгэр өөд “шувуу буудсан” гэсэн үг. Намын жагсаалтаар дахин дөрвөн жил намирч, дулаан байшинд халуун кофе шимихээр төлөвлөж байсныг нь хэдхэн хоногийн дотор “бусниулж” орхисон учир арга ч үгүй биз. Яарвал даарна гэдэг шиг сандарч тэвдсэн тэдгээр улстөрчдийг богино хугацаанд буруу сэдэв сонгосныг нь ч буруутгах аргагүй.

Барьж авч баруун, зүүнээс нь хэмхэлж буй тэр сэдэв нь “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төсөл. Нөгөө л “G” хороолол. Замын бүтээн байгуулалтыг сонгож чадаагүй. Яагаад гэвэл энэ дөрвөн жилийн хугацаанд хамгийн сайн хийсэн ажил учраас. Эрчим хүчний салбарыг мөн оролдож чадсангүй. Бүтээн байгуулалт хангалттай сайн хийгдсэн гэж дүгнэдэг. Харин орон сууцандаа орж чадаагүй иргэдийн бухимдал дээр гал асаах нь тэдний хувьд хамгийн амархан зүйл байлаа. Ингээд эргэлт буцалтгүй дайрч эхлэв.

Хамгийн увайгүй шүүмжлэл бол доромжлол. Харин хамгийн ядарсан улс төр бол хэрэгтэй зүйл хийснийг эрс буруушаах юм. Цаг үе нь сонгуулийн жил учраас энэ удаагийн ээлжит “давшилт” нь маш сайн редакторлуулагдсан олон үзэгдэлт бүжгэн жүжиг шиг эхэллээ.

Гэхдэ том сэдэв барьсан жижиг улс төр чанарын болоод зөрчлийн хувьд асар зөрүүтэй. Нэгдүгээр үзэгдэлд, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төслийн үнийг онцолж, түүн дээр тоглолт хийхийг оролдлоо. Дуусдаггүй ярианых нь сэдэв энэ. Нэвтрүүлгийн зохиол бэлдэж, нэг талын горилогчдыг оролцуулав. Тэдний хувьд ямар ч эсрэг үзэл бодол хэрэггүй. Харин ямагт муулах нь гол зорилго байлаа. Нөгөө талд төрийн ордонд мөн л зохион байгуулалттай хэвлэлийн хурлыг УИХ-ын хамгийн нэр хүндтэй, туршлагатай гэгдэх хэд хэдэн хуульч гишүүн хийж, “G” хорооллын эсрэг хөдлөв. Товчхондоо тэдний хэлснээр бол гэр хорооллын иргэд хэзээ ч байртай болохгүй гэх. Олон жил төр барилцсан тэдний хийж чадаагүйг, олоогүй асуултын хариултыг хэдхэн жилд олчихсон болохоор бухимдах нь аргагүй биз ээ. Нэрийг нь харвал тэд бүгд УИХ-ын сонгуульд нийслэлд нэр дэвшихээр болсон хүмүүс. Тэгэхээр Улаанбаатар хотод хамгийн өндөр рейтингтэй, хамгийн их ажил хийсээр яваа хүнийг цохиж унагаах гэж оролдох нь лав. Үүнийг улс төрийн хүрээнд “тойрог хамгаалах” арга гэж нэрлэдэг. Нэг ёсондоо сайн зүйл хийсэн ч, үгүй ч нүдээ аниад, чихээ дараад түүн рүү дайрна. “Гэр хорооллын дахин төлөвлөл” төслийг мэрж, нийслэлд хамгийн нэр хүндтэй байгаа Хотын дарга Э.Бат-Үүл рүү дайрна гэсэн үг. Хуучин цагт энэ арга амжилттай хэрэгжиж байсан байж мэдэх. Гэхдээ “хар пиар”-ын арга хэрэгсэл нь хуучирч, ард түмэн аливаа зүйлийг ялгаж, салгаж, өөрөөр хардаг болжээ. Тэгэхээр шуудхан хэлэхэд МАН-ынхны “дайрах” арга буруудаад байна.

ҮНЭ ТОЙРСОН УЛС ТӨР

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хашааны эзэн, компани хоёрын харилцаа хамгийн чухал. Итгэлцэл болоод харилцан ашигтай ажиллах тохиролцооны үндсэн дээр дундын үнэ гарч ирдэг. Энэ бол араасаа хэл ам, хэрүүл тэмцэл дагуулахгүй хамгийн зөв, хамгийн сонгодог жишээ юм. Байршил, дэд бүтэц зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж үнэ өөр байна. Тэгвэл үүнийг өөрчлөх хэрэгтэй гэж “нөгөөдүүл” улайрч байна. Хамгийн гол нь гаргаж байгаа санал, бодож олсон шийдэл нь маш буруу гэдгийг тайлбарлая. Үгүйсгэгчдийнхээр бол компани иргэн хоёр бус төр үнэ тогтоох гэнэ. Өөрөөр хэлбэл, Үнэ стандартын улсын хороо гэх байгууллага бий болгож, хашааны газрын м2-ын үнийг тогтоох ажээ. “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө хашааны газрын м2-ын үнийг 89 мянган төгрөгөөр үнэлсэн байдаг. Одоо харин томоохон хэмжээний нэг айлын хашаа хоёр өрөө, хоёр өөр байраар үнэлэгдэх дээрээ тулсан байна.

Нөгөө талдаа төр хашааны газрын үнийг тогтоох нь ард түмнээрээ тэмцэж ядаж байгаа авлигыг бүр дэмжиж байгаа хэлбэр болно. Иргэн хашааны газрынхаа үнийг өндөр болгох гэж, эсрэгээрээ компаниуд бага байлгах гэж “ширээн доогуур” мөнгө өгч эхэлнэ. Эцсийн дүндээ хэн ч хожихгүй. Шүүх, цагдаа дээрээ тулах нь дамжиггүй.

Энэ мэт жижиг улс төр томорвол хүчтэй урагшилж байгаа ажил таг гацах аюултай байдаг. Байртай болох гэсэн хүн болгоны мөрөөдлийг үгүй хийнэ гэсэн үг. Ганцхан жишээ л дурдахад энэ мэт явуургүй улс төрөөс болж өнгөрсөн жилд 5000 айл өрх орон сууцтай болох боломжтой байсан ч ердөө түүний 10 хувь нь л зорьсондоо хүрсэн. Үлдсэн 4500 айл энэ жилдээ багтан дулаан, тохилог орон сууцандаа орох боломжтой. Ингэхийн тулд харин “Гэр хорооллын дахин төлөвлөлт” гэх сэдвийг сонгуулиас, бүр улс төрөөс тэр чигт нь татаж гаргах ёстой юм. Дээрээс нь хамгийн гол хүчин зүйл болох мөнгөн дээр тулгуурласан гацааг улс төржүүлэхгүйгээр гаргах хэрэгтэй. Ингэж байж ажил урагшилна. Угаас дэд бүтэц болоод аливаа томоохон бүтээн байгуулалтын ажлын амин сүнс нь хөрөнгө оруулалт, санхүүжилт дээр тогтдог. Түүний нэгэн адил “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төсөл хурдтай урагшлах ёстой юм. Төлөвлөгөөний дагуу санхүүжилт, хөрөнгө оруулалт нь хийгдээд явбал 2020 гэхэд бид проблемоосоо бүрэн салах боломжтой. Харин түүний дараа хөрөнгө оруулалтаасаа утаанаас эхлээд хэд дахин илүү үр өгөөж өгөх нь дамжиггүй. 

Эцэст нь хэлэхэд Нийслэлийн Засаг даргын төсөв нэмэгдсэн учраас ийм их ажил хийсэн гэх утгатай зүйлийг хэлж байна. Хүнийг уйлуулахын тулд биш, инээлгэхийн тулд гижигддэг гэдэг шиг бүр ч буруу дүгнэлт болов. Хотын дарга Э.Бат-Үүлийн төсөв нэмэгдээгүй. Харин хуучнаар Улаанбаатар сонины хэвлэх үйлдвэрийн газрыг хувьчилсан зэрэг хуулийн хүрээнд мөнгө босгож бүтээн байгуулалт явуулж буй.   

Х.ГАРЬД

Эх сурвалж: www.news.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан