"/> "/>

АНУ- ын үл хөдлөх хөрөнгийн салбарын тухай 32 сонирхолтой тойм баримт

1. АНУ-ын тусгай зөвшөөрөлтэй идэвхтэй борлуулагчдын 40 гаруй хувь нь Калифорниа, Флорида, Техас, Аризона мужуудад ажилладаг.

2. Флоридагийн насанд хүрсэн хүн амын бараг 2% нь үл хөдлөх хөрөнгийн идэвхтэй тусгай зөвшөөрөлтэй. Флоридачууд нэг нэгнийхээ үл хөдлөх хөрөнгийг борлуулаад өөр ажил хийдэггүй бололтой гэж бүү бодоорой.

3. Аризона муж дахь идэвхтэй борлуулагчдын тоо 2020-2021 он хүртэл бараг 10%-иар өссөн байна. Одоогоор АНУ- д үл хөдлөх хөрөнгийн 3,4 сая гаруй идэвхтэй тусгай зөвшөөрөл эзэмшигч байна. Энэ нь нийт хүн амын 1 хувь нь буюу Монгол Улсын хүн амын тоотой бараг тэнцэнэ.

4. 2021 оны 10 дугаар сарын байдлаар Үндэсний Реалторуудын Холбооны (NAR) 1.56 сая гишүүн байна. Энэ нь манай улсын нийт хүн амын бараг талтай нь тэнцэх тоо юм.

5. Идэвхтэй борлуулагчдын 65 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэйчүүд хаа ч, аль ч салбарт шилдэгүүд нь.

6. АНУ- ын бүх борлуулагчдын дундаж нас 52 байна. Ахмад настнууд, ахмад үеийнхэн хамгийн гайхалтай борлуулагчид байдаг.

7. Борлуулагчдын 45% орчим нь бакалавр, магистрын зэрэгтэй байгаа нь борлуулалт хийхэд боловсрол маш чухал болохын нотолгоо болно.

8. Борлуулагчдын 20% нь тусгай зөвшөөрлөө нэг жил хүртэлх хугацаанд авсан байдаг. Мэргэжлийн боловсролоо хурдан эзэмшээд, Улсын тусгай зөвшөөрлийн шалгалтаа хурдан өгөхгүй байх аваас сунжирч сурсан эрдэм мартагдах гээд байдаг.

9. Тусгай зөвшөөрөлтэй борлуулагчдын 82% нь өөрийн үндсэн оршин суух эзэмшил байшин өмчилдөг. Манайхаар хувийн байшин сууц буюу амины байшин гэсэн үг. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн борлуулагчдын дийлэнх нь санхүүгийн эрх чөлөөндөө хүрч чаддагийн илэрхийлэл нь болно.

10. Тусгай зөвшөөрөлтэй борлуулагчдын 37% нь дор хаяж хоёрдогч үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг. Энэ нь гол төлөв түрээсийн зориулалттай буюу орлого олох зориулалттай арилжааны үл хөдлөх эзэмшлүүд байдаг.  

11. АНУ- д орон нутгийн 1,100 гаруй борлуулалтын төлөөлөгчдийн мэргэжлийн холбоод байдаг. Үндэсний Реалторуудын Холбоо (NAR) цорын ганц нь биш байх нь.

12. АНУ- ын бүх үл хөдлөх хөрөнгийн тусгай зөвшөөрлийн 68% нь буюу 2/3 нь агент буюу борлуулалтын төлөөлөгчдөд, үлдсэн хэсэг нь брокеруудын мэдэлд байдаг байна.

13. Үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж байгаа тусгай зөвшөөрөлтэй мэргэжилтнүүдийн дундаж ажлын туршлага 5 жил орчим байна. Тэгэхээр энэ хугацаанд хүрээгүй бол “их замын аян” хүлээгдэж байгаа болох нь. Ирэх 5 жилд манай үл хөдлөх хөрөнгийн салбарт юу ч болоо билээ.

14. АНУ- д үл хөдлөх хөрөнгийн агентаар ажилладаг хүн жилд дунджаар $86,400 цалин авдаг нь $44,900- $132,000 долларын хооронд хэлбэлздэг гэсэн үг. Үл хөдлөх хөрөнгийн агентын цалин нь ажлын туршлага, ур чадвар, хүйс, үйлчилгээ эрхэлж байгаа байршил зэргээс шалтгаалж эрс өөр өөр байдаг. Энэ нь хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ биш, зөвхөн тухайн улсын өнцөг булан бүрээс олон мянган борлуулагчид, мэргэжилтнүүд оролцсон цалингийн судалгаанд мэдээлэгдсэн тоо юм.

15. Туршлагын түвшин нь цалинг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйл болдог. Олон жилийн туршлагатай байх тусам цалин өндөр байх болно. Хоёроос доош жил ажилласан туршлагатай агентууд жилд ойролцоогоор $51,100 долларын цалин авдаг бол 2- 5 жилийн туршлагатай нь жилд $68,500 долларын орлого олох төлөвтэй байгаа нь хоёр жилээс бага туршлагатай хүнээс 34 хувиар илүү байна. Тэгвэл 5-10 жилийн туршлага нь жилд $89,000 долларын цалин авдаг нь 2- 5 жилийн туршлагатай борлуулагчаас 30%- иар илүү байна.

16. Нэмж дурдахад, 10- 15 жилийн туршлагатай үл хөдлөх хөрөнгийн агент нь жилд $108,000 доллартай тэнцэх хэмжээний цалин авдаг нь 5- 10 жилийн туршлагатайчуудаас 21 хувиар илүү юм. Туршлагын түвшин 15- 20 жилийн хооронд байвал хүлээгдэж буй цалин нь жилд $118,000 доллар буюу 10- 15 жилийн туршлагатай борлуулагчаас 9 хувиар илүү. Эцэст нь, 20 ба түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай агентууд жилд $124,000 долларын цалин авдаг нь 15-20 жилийн туршлагатай хүмүүсээс 5%- иар илүү байдаг байна.

17. Дээд боловсрол илүү их цалинтай тэнцдэг гэдгийг бүгд мэднэ, гэхдээ мэргэжлийн Гэрчилгээ, Диплом нь борлуулагчийн орлогод хэр их мөнгө нэмж чадах вэ? Боловсролын түвшин ахлах сургууль бол жилд дунджаар $60,700 долларын цалин авдаг бол Гэрчилгээ, эсвэл Дипломтой нь жилд $86,800 ам.долларын цалин авдаг нь ахлах сургууль төгссөн агентаас 43 хувиар илүү байдаг байна.

18. Бакалаврын зэрэгтэй агентууд жилд дунджаар $120,000 долларын цалинтай байдаг нь Гэрчилгээ, Дипломтой агентуудаас 38 хувиар илүү байдаг.

19. Нөгөө талаар, хэдийгээр хүйс нь цалин хөлсөнд нөлөөлөх ёсгүй ч бодит байдал дээр нөлөөлдөг. Тэгэхээр аль хүйснийхэн илүү цалин авдаг вэ гэдэг асуулт гарч ирнэ, эрэгтэй юу эсвэл эмэгтэй нь үү? АНУ- д үл хөдлөх хөрөнгийн агентлагийн эрэгтэй борлуулагчид эмэгтэйгээсээ дунджаар 5%- иар илүү цалин авдаг.

20. АНУ- д ойролцоогоор 120 сая эзэмшил, орон сууц, байшин түрээслэгч болон өмчлөгчид амьдарч байна. Энэ нь нийт хүн амын 1/3 гэсэн үг болох нь.

21. 2021 онд АНУ- д худалдагдсан, эсвэл борлуулагдсон оршин суугчийн эзэмшлийн 92% нь үл хөдлөх хөрөнгийн борлуулагч төлөөлөгчдөөр төлөөлүүлэн борлуулагдсан байна. Харж байна уу... өөрсдийгөө зуучлагчид гэж нэрлээд, чэнжүүд мэтээр тайлбарлаад байгаа биш болохоор мэргэжлийн төлөөлөгчдөд үзүүлдэг худалдагчдын итгэл, сэтгэл энэ өндөр хэмжээнд байдаг байх нь.

22. АНУ- д оршин суугчийн зориулалттай эзэмшлийн дундаж үнэ 2020 оны 3 сараас хойш 32% - иар өсч, 2021 оны 6 сарын байдлаар 374,900 долларт хүрчээ. Тэгвэл Сан Франциско хотын дундаж нэг айлын байшингийн үнэ 2015 онд 640 орчим мянган доллар байсан бол 2020 онд 1 сая 40 орчим мянган доллар болсон байна. Хэдэн хувь өсснийг нь өөрсдөө тооцоолоорой!

23. 2021 онд АНУ- д оршин суугчийн эзэмшлийн борлуулалтын дундаж үнэ 1980 оноос хойш 416%- иар өссөн байна. Өссөөр ирсэн, хойшдоо ч өснө... үл хөдлөх хөрөнгийн үнэ өснө... буурдаггүй болохыг нь мэдэж авлаа.

24. 2022 оны 3 дугаар улиралд АНУ- д орон сууц өмчлөх түвшин 2 дугаар улиралд 65.80% байсан бол 66% болж өссөн. Шинжээчид дэлхийн макро загваруудын таамаглалд үндэслэн АНУ- д орон сууц өмчлөх түвшин 2023 оны эхний улирлын эцэс гэхэд 65.50%- д хүрэх төлөвтэй гэсэн байна.

25. АНУ- ын Хүн амын тооллогын товчооны мэдээлснээр нийт хүн амын 55- 64 насны хүмүүсийн 74.6%, 65- аас дээш насны хүмүүсийн 79.5% нь байшин, орон сууцны эзэд байна. 35- аас доош насны хүмүүсийн орон сууц өмчлөгчийн түвшин хамгийн бага буюу 39.3% болсон байна.

26. Үндэсний Реалторуудын Холбооны (NAR) тайланд үндэслэн 2022 онд анх удаа байшин, сууц худалдан авагчид үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн 26 хувийг эзэлж байгаа нь 2021 оны зах зээлийн 34 хувиас бага байна.

27. 2022 онд анх удаа худалдан авагчдын дундаж нас өмнөх оныхоос 33 байсан бол 36 болж өссөн бол давтан худалдан авагчдын дундаж нас 59 болж өссөн байна. Мөн анх удаа худалдан авагчдын дунд худалдан авагчдын 18% нь гэрлээгүй хосууд байжээ. Энэхүү холбогдох мэдээлэл нь залуу үеийнхэн анхны орон сууцаа хуримтлуулахад өмнөх үетэй харьцуулахад илүү хүндрэлтэй байгааг харуулж байна.

28. АНУ- д 2021 онд оршин суугчийн эзэмшил зах зээл дээр (days on market буюу DOM) дунджаар 31 хоног зарцуулсан нь сүүлийн 15 гаруй жилийн хугацаанд хамгийн бага борлуулалтын дундаж хугацаа юм. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгө жагсаалтын гэрээ хийгдснээс хойш хамгийн багадаа 31 хоногийн дараа борлогддог болохыг мэдлээ. Нөгөө талаар, үл хөдлөх хөрөнгийн “зах зээл дээрх хугацаа” (days on market) гэдэг нэр томьёо байдаг бөгөөд энэ нь бас их чухал үг, үйлийг илэрхийлдэг байх нь. Энэ нэр томьёогоор Докторын зэрэг хамгаалж ч болно.

29. АНУ- д жагсаалтын гэрээ байгуулахаас өмнөх боломжтой дундаж өдрүүдийн тоо 9 байсан нь мөн сүүлийн 15 гаруй жилийн хамгийн бага өдрөөр тооцогдсон байна. Гэрээ байгуулахын тулд худалдагч их зүйлийг судлах хэрэгтэй болдог ба агент төлөөлөгчид хэрэгтэй бүх мэдээлэл, тооцоолол зэргийг боловсруулж худалдагчийг борлуулалтанд бэлтгэдэг байх нь.

30. Үл хөдлөх хөрөнгийн зээлийн хүү хэзээ ч 2021 оныхоос илүү доогуур байгаагүй бөгөөд үндэсний дундаж үзүүлэлтээр нэг удаад зээлийн хүү 2.68% орчимд хэлбэлзэж байв. Зээлийн хүү бага байх тусам өрхөд ирэх санхүүгийн дарамт багасдаг тул өрхүүд өөр бусад зарддаараа чанартай худалдан авалт хийж чаддаг нь том, жижиг эдийн засагт эерэг нөлөөг авч ирдэг байна. Эдийн засгийн хөгжлийн чухал хэсэг нь чухамдаа гэвэл энэ юм.

31. Одоогийн байдлаар Гиннесийн дээд амжилтын эзэн, 2013 оноос хойш АНУ- д үл хөдлөх хөрөнгийн 1 дүгээр байранд бичигдэж байгаа Бен Кабалеро 2020 онд орон сууцны борлуулалтаараа шинэ дээд амжилт тогтоосон  нь $2.46 тэрбум доллараас дээш үнийн дүнтэй 6,438 байшинг борлуулжээ. Тэрээр Гиннесийн дээд амжилтыг хоёр дахь удаагаа эвдсэн. Борлуулах тал дээр хувь хүн үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын MLS буюу Олон  жагсаалтын Үйлчилгээ (ОЖҮ)- гээр (дашрамд Монголын үл хөдлөх хөрөнгийн дундын буюу ОЖҮ- гийн борлуулалт нь www.mongoloju.mn цахим дээр хийгддэг байна) дамжуулан жил бүр хийсэн оршин суугчийн үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын гүйлгээ нь 2018 онд 5,801 байсан нь Техас мужийн Даллас хотод Бен Кабалерогийн амжилт байж.

32. Эдийн засгийн олон салбарын нэгэн адил үл хөдлөх хөрөнгийн салбар тахлын нөлөөг даван туулж байна. Хамгийн хүнд цохилт арилжааны үл хөдлөх хөрөнгө, ялангуяа албан тасалгаа, жижиглэн худалдааныханд ирсэн. Оршин суугчийн үйл хөдлөх хөрөнгийн хувьд тахлын хамгийн тод нөлөөлөл нь худалдан авагчид тахал өвчнийн эрчимжилттэй холбоотойгоор хотын төвөөс хол захын дүүргүүдэд анхаарлаа хандуулах болсон байна.

Сэтгүүлч: О. Солонго


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан