"/> "/>

Барилгын салбарын 2022 оны төлөв байдал

Шинэ төслийн мэдээлэл     2022-01-24     1609
Сувд-Эрдэнэ     barilga.mn

Өнгөрсөн оны барилгын салбарын нөхцөл байдал, хийж хэрэгжүүлсэн ажлыг дүгнэн, энэ онд макро эдийн засаг болон салбарын эдийн засгийн нөхцөл байдал ямар байх, ипотекийн зээлийн мэдээлэл, барилгын материалын үнийн өсөлтөд авч хэрэгжүүлэх арга хэмжээ мөн улсын төсвийн хөрөнгөөр баригдах барилга байгууламжийн талаарх тойм мэдээлэл, салбарын төлөөллүүдийн тодруулгыг хүргэж байна. 

Улсын төсвөөр хийгдэх бүтээн байгуулалт

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг цахим систем, аргачлалын дагуу боловсруулж, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, бэлтгэл ажил бүрэн хангагдсан төслүүдийг төсвийн төсөлд тусгасан. Ингэснээр үрэлгэн хөрөнгө оруулалтаас ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ руу шилжих зорилт тавин ажиллаж байна. 

2022 онд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр нийт 1335 төсөл хөтөлбөр, арга хэмжээ, барилга байгууламжийг 2,137.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр батлагдсан байна. 

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг байршлаар харуулбал:

 ORONSUUTS.COM

 

Эдийн засгийн төлөв байдал 

2021 онд эдийн засгийн нөхцөл байдал 2022 онд хэрхэн өөрчлөгдөх төлөвтэй байгаа талаар Шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.

Монгол Улсын эдийн засгийн төлөв макро төвшинд байдал ямар байв? 

2021 онд эдийн засгийн өсөлт салбар тус бүрээр алаг цоог буюу зарим салбар уналттай байж, цөөн хэдэн салбар өсөлттэй үзүүлэлттэй байлаа. Аялал жуулчлал түүнийг дагасан зочид буудал, үйлчилгээний байгууллагууд илүү уналттай байсан. 

Эдийн засгийн өсөлт 2021 оны 9-р сарын байдлаар 3.6% өсөлттэй гарсан. Оны сүүлээр инфляц 10,1% болж хоёр оронтой тоонд шилжлээ. 

Эдийн засгийг бүрдүүлэгч хоёрдогч салбар болох барилгын салбарын эдийн засаг 2021 онд ямархуу байв? 

Хил хаасантай холбоотойгоор барилгын материалын үнэ өссөн. Иймээс барилга, орон сууцны үнэ өсөж байна. Хөрөнгийн нийт хуримтлал 39,5% болж байгаа нь дээрхийн илрэл юм. Барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого үүрэг гүйцэтгэнэ. Сүүлийн үеийн ажиглалтаар барилгын материалын нэгдсэн дэд бүтцийн хөгжилд ахиц гарч байна. Барилгын салбарын хөгжлийг “сааль бэлтгэхээр саваа бэлтгэх” гэдэг үгтэй зүйрлэж үнэлэх хэрэгтэй юм.  

2022 оны барилгын салбарын эдийн засгийн төлөвийг та юу гэж харж байна? 

Засгийн газраас 2022 онд эдийн засгийн сэргэлтийн бодлого явуулахаар хэрэгжүүлэх механизм нь одоо яригдаж байна. Ипотекийн зээлээр барилгын салбар тэр дундаа орон сууцны эрэлт тодорхойлогддог. 

Эдийн засаг хэцүү энэ цаг үед ямар арга авч ажиллах нь нөхцөл байдал улам хүндрэхээс сэргийлэх бол? 

Эдийн засгийг сэргээхийн тулд, цаашлаад өсөлтийг нь хангахын тулд эдийн засагт мөнгөний нийлүүлэлт хийх шаардлагатай. Мөнгийг нийлүүлэх гол сувгууд нь аж ахуйн нэгжүүдэд зээл олгох, мөн цалин орлого нэмэгдүүлэх байдаг. Үнийн өсөлттэй индексжүүлсэн орлогын өсөлт их чухал. Гэтэл энэ тал дээр тодорхой бодлого харагдахгүй байна.   

Нөгөө талаар аж ахуйн нэгжүүдэд, ялангуяа уналттай байгаа салбаруудад онцгой нөхцөлтэй зээл өгвөл үйл ажиллагааг нь дэмжих болно. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлтөд мөнгө ихээхэн үүрэгтэй. 

Барилгын материалын үнийн өсөлтийн төлөв байдал

БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзоригоос тодрууллаа. 

Барилгын материалын үйлдвэрлэл, импортын өнөөгийн нөхцөл байдал хэр байна вэ? 2021 онд барилгын материалын зах зээл дээр хичнээн төгрөгийн бараа материал эргэлдэв? 

Өнөөдрийн байдлаар барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 424, барилгын материал үйлдвэрлэх тохирлын гэрчилгээтэй 318 ААНБ-ууд үйл ажиллагаа явуулж байна.  Манай улс дэлхийн 152 орноос гарал үүсэлтэй бараа импортолдог бол Барилгын материалыг ОХУ, БНХАУ болон бусад улсаас голчлон оруулж ирдэг.

Судалгаа хийж үзэхэд 2020 онд 671 иргэн, 2021 оны 10 дугаар сарын байдлаар 821 иргэн барилгын материал импортоор оруулж ирсэн байна. Харин 2020 онд 3915 ААНБ, 2021 онд 4190 ААНБ-ууд барилгын материал импортоор оруулж ирээд байна.

2020 онд 567,3 тэрбум төгрөгийн барилгын материал импортоор авсан бол 2021 оны 11 сарын байдлаар 787,5 тэрбум төгрөгийн материал оруулж ирсэн тоон үзүүлэлт байна. 

2021 онд барилгын материалын үнэ нэлээд өсөлттэй байсан. Үнэ өссөн гол шалтгаан юу байв? Одоогийн нөхцөл байдал ямар байна? 

Дэлхий нийтэд тархаад буй Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын дараах эдийн засгийн өсөлтөөс шалтгаалан бүтээн байгуулалтын ажлууд идэвхжиж барилгын зарим нэр төрлийн материалын түүхий эдийн үнэ огцом өсөлт, Эрээн замын-Үүд хоорондох тээврийн үнийн өсөлт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эд тасалдах, хил удаан хугацаагаар хаагдаж байгаа  зэрэг шалтгаануудаас барилгын материалын үнэ огцом өсөөд байна. 

Өнөөдрийн байдлаар хил хаалттай олон ААНБ-уудын захиалсан материал, тоног төхөөрөмжүүд гацсан нөхцөл байдалтай байна. 

Энэ онд үнийн өсөлтийг тогтвортой барих тал дээр яамнаас ямар арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байна?  

Эх орны эрдэс түүхий эдээрээ дотооддоо үйлдвэрлэгч байхын давуу талыг сүүлийн жилүүдэд ихээхэн харуулж байна. Монгол Улс дотооддоо барилгын материалын хэрэгцээнийхээ 38 орчим хувийг хангаж байгаа ч зарим бүтээгдэхүүний түүхий эдээ импортоор авсаар л байна. 2022 оны бүтээн байгуулалтад шаардагдах барилгын материалаар хэрхэн хангах, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломжийн талаар Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форумыг өнгөрсөн оны 11 дүгээр сард зохион байгуулан ажиллаж байна.

Манай яамнаас Гадаад хэргийн яам /ГХЯ/, Зам тээвэр хөгжлийн яам /ЗТХЯ/-уудтай хамтран ажиллаж 2021 оны 12 дугаар сараас эхлэн барилгын материалын тээвэрлэлтэд вагоны хүртээмжийг нэмэгдүүлэх  чиглэлд хамтран ажиллаж байна.  

Үнийн өсөлтийг тогтвортой байлгах, ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, чанар стандартыг хангуулах гэх мэт асуудлууд барилгын материалын үйлдвэрлэл, импортод тулгарч байдаг. Үнийн өсөлтийг тогтвортой барихад хамгийн чухал нь авто болон төмөр замын тээвэрлэлт, ханган нийлүүлэлт тасалдахгүй байх нь хамгийн чухал байна. 

Барилгын үйлдвэрлэлд хэрэглэх Барилгын материалын ханган нийлүүлэлтийн чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.7.13-д “Барилгын үйлдвэрлэлд хэрэглэгдэх цемент, арматур, хавтгай шил зэрэг үндсэн нэр төрлийн материалыг эх орны эрдэс, түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэх замаар импортыг бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ” гэж, мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 70 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого” /2019-2029/-ын хүрээнд Барилга, хот байгуулалтын сайдын мөн оны 67 дугаар тушаалаар баталсан “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 5.1-д “Барилгын материалын үйлдвэрлэлийн жилийн дундаж өсөлтийг нэмэгдүүлж, үндсэн нэр төрлийн материалаар дотоодын хэрэгцээг хангах” гэж тус тус заасны дагуу зорилтуудыг тавин ажиллаж байна. 

Орон сууцны ипотекийн зээлийн төлөв байдал 

Орон сууцны ипотекийн зээл 2013 оноос эхэлснээс хойш 5.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж 100 мянган айл орон сууцтай болсон. Зээлийн хүүг наймаас зургаан хувь болгосноор өрхийн орлого нь 1.1 сая төгрөгтэй хүн ипотект хамрагдах боломж бүрдсэн.

Өнгөрсөн онд эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас Ипотекийн зээлийн санг нэг дахин нэмэгдүүлж өгсөн ба өнгөрөгч онд нийт 982.2 тэрбум төгрөгөөр 12.938 зээлдэгчид зээл олгосон байна. Үүнд, 9,731 зээлдэгч нь Улаанбаатар хотоос, үлдсэн 3,207 зээлдэгч нь орон нутгаас хамрагдсан байна. 

Ипотекийн зээлд банк үл хөдлөх хөрөнгийг барьцаалаад эрсдэлээ тооцон 70 хувьд нь зээл гаргах боломжтой гэдэг. Үлдсэн 30 хувийн төлбөрийг иргэн өөрөө бүрдүүлж өгөх ёстой ба 30 хувиа бүрдүүлж өгч чадахгүй байгаа учраас 10 хувьд нь батлан даалт гаргах тухай ажил яригдаж байгаа аж. Энэ нь тухайн зээлдэгчийн 70 хувийн зээл дээр 10 хувь нэмэгдэж байна л гэсэн үг бөгөөд хууль эрхзүйн орчныг бүрдүүлсэн ба одоо холбогдох дүрэм, журмыг боловсруулах шаардлагатай байгаа аж. 

Амины орон сууцны ипотекийн зээл

Иргэн өөрийн болон гэр бүлийн хамтын эзэмшлийн газартаа эрүүл, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлсэн инженерийн дэд бүтцээр хангагдсан амины орон сууцтай болоход нь төрөөс бодлогын дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны зүгээс 2021 онд ажлын хэсэг байгуулж, “Амины орон сууцны барилгын ажилд захиалагчийн техникийн хяналтын үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг боловсруулж, “Барилгын хөгжлийн төв”-ийн захирлын тушаалыг батлуулсан. 

Тус тушаал батлагдсанаар “Барилгын хөгжлийн төв”-өөс амины орон сууцыг барих гэж буй иргэнд барилгын инженер томилж өгч, барилгын ажлын гүйцэтгэлийн явцад дүгнэлт гаргаж, баталгаажуулж өгнө. Энэ дүгнэлтийг үндэслэн арилжааны банкууд тус иргэнийг амины орон сууцаа барьж дуусах хүртэл нь арилжааны зээлийг олгох боломжтой болох юм. Ингээд иргэд мэргэжлийн байгууллагын шаардлага, зөвлөмжийн дагуу амины орон сууцаа барьж дууссаны дараа зээлийг нь ипотекийн хөнгөлөлттэй зээлрүү шилжүүлэх боломж бүрдэх юм. 

БХБЯ энэ асуудлаар аравдугаар сард арилжааны есөн банкны төлөөлөлтэй уулзаж, урьдчилсан байдлаар “Боломжтой” гэх хариуг авсан. Үүн дээр ажлын хэсэг зарим нэг нөхцөлүүдийг тохирно.

Тухайлбал, урьдчилгаа төлбөрийн доод хэмжээг 50 хувь байхаар тооцож, үлдэгдэл 50 хувьд нь барилгын ажил дуусгах зээл олгох нь илүү эрсдэл багатай байх юм байна гэх зэрэг байдлаар урьдчилсан байдлаар Монголбанк, арилжааны банкуудтайгаа ярилцаад явж байна. Гэхдээ энэ нь эцэслэгдэж шийдэгдээгүй, хэлэлцээрийн түвшинд байгаа гэдгийг онцолъё. 

Мөн Барилгын хөгжлийн төвөөс барилгын норм, дүрм стандартын дагуу хийгдсэн 20 жишиг зураг төслийг үнэ төлбөргүйгээс авах боломжийг иргэдэд олгож байгаа бөгөөд тухай байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн зураг төслөө сонгож зардал, чирэгдэл багатайгаар амины орон сууцаа барих боломжтой болох юм.

Сэтгүүлч: Сувд-Эрдэнэ

Эх сурвалж: barilga.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан