"/> "/>

ЦУВРАЛ-5 l ҮХХ зуучлалын үйлчилгээний шимтгэлийн маргаан

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР

2020 оны 06 сарын 02 өдөр   Дугаар 183/ШШ2020/01524         Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: М  ХХК-т холбогдох

Газрын эзэмших, ашиглах эрх шилжүүлэхэд зуучлах энгийн эрхийг гэрээний үүрэгт 136 842 750 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв. Нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ремакс реалти үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбар брокер оффис Э ХХК нь М  ХХК-тай 2019 оны 06 сарын 27-ны өдөр 190362 дугаар Газрын эзэмших, ашиглах эрх шилжүүлэхэд зуучлах энгийн эрхийн гэрээ байгуулсан. Гэрээгээр зуучлуулагч М  ХХК-ийн аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 0000000 дугаартай, Т аймгийн Б сумын нутаг дэвсгэрт байрлах 15000 м.кв үйлдвэр үйлчилгээний зориулалттай газар болон газар дээрх 1746 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах худалдан авагчтай холбоход зуучлалын үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон юм. Гэрээний дагуу Э ХХК-ийн зуучлагч Ц.А  нь зуучлалын зүйл болох газар, үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Б.Л д худалдан борлуулахаар зуучлалын үйл ажиллагаа явуулж, улмаар худалдан авах саналын хуудас 2019.07.20-ны өдөр бөглүүлэн баталгаажуулан зуучлуулагчтай холбож өгч 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр зуучлуулагч худалдан авагч Б.Л тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан зуучлалын зүйл болох Т аймгийн Б сумын нутаг дэвсгэрт байрлах 15 000 мкв үйлдвэр үйлчилгээний зориулалттай газар болон газар дээрх 1746 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 658 700 000 төгрөгөөр худалдсан юм. Зуучлалын гэрээний 4.1-т зуучлуулагч нь зуучлагчид 5.5 хувь буюу 91 228 500 төгрөгийн зуучлалын хөлс төлөхөөр тохиролцсон. Уг төлбөрийг гэрээний 4.3-т зааснаар урьдчилгаа төлбөр зуучлуулагчийн дансанд шилжсэн өдөртөө багтаан төлөхөөр үүрэг болгож заасан юм. Тус Э ХХК-ийн зуучлагч агент Ц.А гийн тусламжтайгаар зуучлалын ажиллагаа явуулж иргэн Б.Л  газар, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн байхад зуучлуулагч Матергрийн ХХК нь зуучлалын хөлс төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Зуучлалын гэрээний 8.3-т төлбөр төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр заасан бөгөөд нэг хоногт 456 142.5 алданги төлөх ба нийт өнөөдрийг хүртэл үүрэг гүйцэтгэж төлбөр төлөх өдөр болох 2019.08.01-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 244 хоног хэтэрсэн тул 111 298 770 төгрөг болж байна. Алданги гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул хуульд нийцүүлэн алданги 45 614 250 төгрөгөөр тооцов. Иймд зуучлуулагч М  ХХК-иас зуучлалын хөлс 91 228 500 төгрөг, алданги 45 614 250 төгрөг нийт 136 842 750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

Хариуцагч М  ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани үл хөдлөх хөрөнгө зуучилдаг Э ХХК-тай 2019 оны 06 сарын 27-ны өдөр 190362 дугаар Газрын эзэмших, ашиглах эрх шилжүүлэхэд зуучлах энгийн эрхийн гэрээ байгуулсан. Манай компанийн эзэмших эрхийн 000000 гэрчилгээтэй, нэгж талбарын 000000000 дугаартай, Т аймгийн Б сумын нутаг дэвсгэрт байрлах 15000 м.кв үйлдвэр үйлчилгээний зориулалттай газар болон газар дээрх 1746 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах худалдан авагчтай холбож, зуучлалын үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон нь үнэн. Гэрээг Б.Л гийн эхнэр Ч.О-тэй байгуулсан боловч худалдан авсан тал гэрээнд заасан үүргээ биелүүлж мөнгөө төлөхгүй байсан тул бид 2019.11.25-ны өдрийн Эд хөрөнгө харилцан шилжүүлэх актаар өгсөн авсан зүйлээ буцааж, гэрээ цуцлагдсан. Бид тухайн үед банкны барьцаанд байгаа, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй талаар агент Ц.А д хэлж байсан бөгөөд мэдэж байсан. Үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулсан зүйл байхгүй тул биднээс зуучлалын хөлс нэхэж байгааг зөвшөөрөхгүй байна. Бид дахин зуучлалын компанид хандаж гэрээ байгуулсан байгаа гэв.

Шүүх гэрч Ц.А гийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,             

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК хариуцагч М  ХХК-д холбогдуулан газрын эзэмших, ашиглах эрх шилжүүлэхэд зуучлах энгийн эрхийн гэрээний үүрэгт зуучлалын хөлс 91 228 500 төгрөг, алданги 45 614 250 төгрөг, нийт 136 842 750 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ ...зуучлагч Ц.А  нь зуучлалын зүйл болох газар, үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Б.Л д худалдан борлуулахаар зуучлалын үйл ажиллагаа явуулж, улмаар худалдан авах саналын хуудас 2019.07.20-ны өдөр бөглүүлэн баталгаажуулан зуучлуулагчтай холбож өгч 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр зуучлуулагч нь худалдан авагч Ч.О-тэй /Б.Л гийн эхнэр/ худалдах, худалдан авах гэрээ байгуулан зуучлалын зүйл болох Т аймгийн Б сумын нутаг дэвсгэрт байрлах 15 000 мкв үйлдвэр үйлчилгээний зориулалттай газар болон газар дээрх 1746 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 658 700 000 төгрөгөөр худалдсан юм... гэх тайлбарыг гаргаж, зуучлах энгийн эрхийн гэрээ болон гэрчээр Ц.А г оролцуулсан байна.

Хариуцагч тал ...Үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулсан зүйл байхгүй тул биднээс зуучлалын хөлс нэхэж байгааг зөвшөөрөхгүй байна. гэх тайлбарыг гаргаж, хавтаст хэрэгт холбогдох баримтуудыг гаргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 Талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Газрын эзэмших, ашиглах эрх шилжүүлэхэд зуучлах энгийн эрхийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр эрхийн бүртгэлийн 000309662 гэрчилгээтэй, Т аймгийн Б сумын нутаг дэвсгэрт байрлах 15 000 мкв үйлдвэр үйлчилгээний зориулалттай газар болон газар дээрх 1 746 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах худалдан авагчтай холбоход зуучлалын үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 7-9/

Дээрх гэрээний дагуу зуучлагч агент Ц.А гаар зуучлуулж, 2019.08.01-ний өдөр Мастер грийн ХХК-ийн захирал С.Э нь иргэн Ч.О-тэй Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан болох нь зохигч талуудын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан 001/19 дугаар гэрээ зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн дээрх гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2019.11.25-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний тал болох Мастер грийн ХХК болон Ч.О нарын хооронд Эд хөрөнгө харилцан шилжүүлэх акт нэртэй гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр 2019.08.01-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ бодит байдал дээр хэрэгжих үндэслэлгүй, эрхийн болон хуулийн зүйн талаас доголдолтой, хуулийн хүчинтөгөлдөр шийдвэр гарсан байсныг нуусан, мэдээлээгүй, мөн хэвийн ашиглах боломжгүй болсон үндэслэлээр гэрээнээс татгалзаж, талууд өгсөн авсан зүйлээ харилцан буцаасан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Эд хөрөнгө харилцан шилжүүлэх акт болон гэрч Ц.А гийн ...7.20-нд банкны барьцаанд байгааг нь мэдсэн, шүүхийн шийдвэртэй талаар мэдээгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан Б.Л ах худалдаж аваад 2 сар үйл ажиллагаа явуулсан, үүний дараа надруу шүүхийн шийдвэртэй юм байна гэж хэлж байсан...гэх мэдүүлэг зэргээр мөн тогтоогдож байх ба талууд дээрх асуудлаар маргаагүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр зуучлуулагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг хүлээнэ. гэж заасан байх ба зуучлалын гэрээ нь зуучлагч ба зуучлуулагч нарын хооронд байгуулагдах бөгөөд зуучлагч нь гуравдагч этгээдтэй хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл байгуулахад зуучилж, холбож өгөх, түүнчлэн уг гэрээ хэрэгжих боломжтой хүчинтөгөлдөр байдлаар байгуулагдсан байхыг шаардна.

Талууд дээрх гэрээ байгуулагдсан эсэх асуудлаар маргаагүй хэдий ч, зуучлуулагч М  ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгөө зарах гэсэн хүсэл зориг дээрх гэрээгээр хангагдсан гэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, зуучлуулагч М  ХХК-ийн гуравдагч этгээд Ч.О-тэй байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-ний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн зөрчилтэй улмаас гэрээ хэрэгжих боломжгүй, түүнчлэн талууд гэрээнээс татгалзаж, гэрээ цуцлагдсан нөхцөл байдал тогтоогдож байх ба энэ нь зуучлалын гэрээгээр тохирсон хүсэл зориг биелэгдсэн гэх үндэслэлгүй тул зуучлалын гэрээгээр тохирсон хөлс шаардах үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 842 170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон                         

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М  ХХК-иас зуучлалын хөлс 136 842 750 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 842 170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ

 

Эх сурвалж: www.shuukh.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан