"/> "/>

ЦУВРАЛ -1 l ҮХХ зуучлалын үйлчилгээний шимтгэлийн маргаан

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 20 өдөр            Дугаар 02164             Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС         

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,           

Нэхэмжлэгч: Р П ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.А-д холбогдох, 

4,976,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Санчиндорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Р П ХХК-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Санчиндорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санхүүгийн зохицуулах хорооноос олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын тусгай зөвшөөрөл бүхий Р П ХХК нь иргэн Г А-тай 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ЭХ/19/089 дугаартай Үл хөдлөх хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ байгуулсан. Зуучлалын гэрээнд заасны дагуу Г.А-ийнөмчлөлийн Ү-2205055874 дугаартай Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн бүс энгельс гудамж ,7 дугаар байрны 181 тоот орон сууцыг худалдан авагчтай зуучилж, холбож өгөхөөр тохиролцсон. Улмаар худалдан авагч О.Дөлгөөнийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Г А-тай зуучилсан. Үүнийг худалдан авах саналын хуудсаар баталгаажуулж 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Г.Амгалан, О.Дөлгөөн нар Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж  170,000,000 төгрөгөөр тус орон сууцыг худалдсан. Талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээний 4 дэх хэсгийн 4.1-д заасны дагуу зуучлуулагч нь зуучлуулагчид үл хөдлөх эд хөрөнгө худалдсан үнийн дүнгийн 2,2 хувиар зуучлалын хөлс төлөхөөр тохиролцсон. Уг төлбөрийг мөн гэрээний 4 дэх хэсгийн 4.3-д заасны дагуу зуучлуулагч нь зуучлагчид урьдчилгаа төлбөр авсан даруйдаа төлөхөөр тохирсон. Орон сууцыг 170,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан тул 2,2 хувьд ногдох хэсэг 3,740,000 төгрөг, мөн зуучлалын гэрээний 8 дах хэсгийн 8.3-д гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож 2019 оны 09 дүгээр 25-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 66 хоног, нэг хоногийн алданги 18,700 төгрөг,  нийт алданги 1,234,200 төгрөг, нийт 4,974,200 төгрөгийг хариуцагч Г.Амгалангаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г А миний бие энэ жил 70 настай, ахмад хүн байгаа юм. Би энэ байр шилжүүлэх, худалдах талаар төдийлөн сайн ойлголтгүй хүн. Миний үед байраа хоорондоо солилцоод явдаг байсан болохоос ингэж мөнгө төгрөгөөр наймаалцаж байгаагүй. Миний иргэний үнэмлэх дээрх Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, нарны үйлдвэрийн төвийн бүс энгельс гудамж, 7 байр, 181 тоот хаягт байрлах Ү-2205055874 тоот байрын өмчлөхэрх миний нэр дээр улсад бүртгүүлэхдээ байсан  болохоос биш энэхүү эд хөрөнгийн жинхэнэ эзэн нь миний охин Ч.Цэцэгсүрэн юм. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхдээ миний нэр дээр бүртгүүлсэн болохоос биш анхнаасаа энэ байрны мөнгийг барилгын компанид төлсөн хүн нь миний охин Ч.Цэцэгсүрэн юм. Охин Ч.Цэцэгсүрэн 2019 оны 05 дугаар сард зуучлалын компанийн Б.Эрдэнэтуяа гэх охинтой намайг уулзаад орхи, нөгөө байрыг зарахаар боллоо гэсэн. Удалгүй хүргэн нь зуучлагч гэх н.Эрдэнэтуяаг манайд дагуулж ирсэн юм. н.Эрдэнэтуяа манайд ирээд надад Зуучлалын гэрээг огт танилцуулаагүй бөгөөд танд дараа нь компанийн тамга даруулаад авчирч өгнө гээд бүх гэрээгээ аваад явсан. Дараа нь би хүүхдүүдээсээ нөгөө гэрээ яасан юм бол гээд хэд хэд асуусан боловч зуучлалын компаниас өгөөгүй гэсэн. Гэтэл надад холбогдуулан нэхэмжлэл гаргасны дараа тэр гарын үсэг зурсан гэрээгээ би олж харлаа. Тэр үедээ зуучлал энэ тэр нь больчихсон юм байлгүй, хүүхдүүд мэдэж байгаа байх гэж бодсон. Гэтэл одоо ингээд энэ Р П ХХК гээд компани надаас 5,000,000 орчим төгрөг нэхэж байгаад би үнэн голоосоо гомдолтой байна. Миний хувьд тэрхүү байрыг зараад надад эдийн засгийн хувьд мөнгө төгрөг олоод, түүнийгээ захиран зарцуулаад байсан юм байхгүй. Охин Ч.Цэцэгсүрэн тэр мөнгийг надаас авч өөрөө өөртөө л зарцуулсан. Миний бодлоор энэхүү зуучлалын гэрээ гэдэг бол нэг талдаа зуучлагч тус эд хөрөнгийг зарахад бүх хүч чадлаа дайчлан, өөрийн мөнгө төгрөгөө гаргаад сурталчилж, хүн амьтанд хөрөнгийг үзүүлэн, зуучлуулагч талыг худалдан авагч талтай уулзуулж эд хөрөнгийг борлуулахад чухал хувь нэмэр оруулсан байх ёстой. Нөгөө талаас зуучлуулагч надад эдийн засгийн хувьд бодит ашиг гарч, би тэрхүү зуучлуулан байж худалдсан ажиллагааны үр шимийг хүртсэн байхыг ёстой гэж би ойлгож байна. Гэтэл зуучлагч гэх н.Эрдэнэтуяа болон түүний Р П ХХК тус байрыг зарахад ямар хувь нэмэр оруулсан эсэх, зуучлал гэрээ нь ч надад байхгүй, тус байрыг зарснаар надад эдийн засгийн ямар ч ашиг гараагүй, надад огт хүртээлгүй байхад би яагаад энэхүү зуучлалын гэрээний үүргийг биелүүлж, өөртөө хэрэглээгүй мөнгөний төлбөрийг төлөх шаардлагатай болоод байгааг ойлгохгүй байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ намайг миний өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, нарны үйлдвэрийн төвийн бүс энгельс гудамж, 7 байр, 181 тоот хаягт байрлах Ү-2205055874 тоот орон сууцыг худалдах авах иргэн О.Дөлгөөнтэй 2019 оны 09 сарын 10 өдөр худалдан авах саналын хуудсаар баталгаажуулан холбож өгсөн гэжээ. Гэтэл тэр байрыг үзүүлэхэд би огт байгаагүй бөгөөд миний хувьд охин Ч.Цэцэгсүрэнг тийм юм хийж явааг тэр үед би мэдээгүй. Надтай гэрээ байгуулсан компани, надад зуучлалын үйлчилгээ үзүүлсэн гэх Б.Эрдэнэтуяа гэдэг эмэгтэй нар яасан муухай худлаа зүйл зохиож энэхүү нэхэмжлэлийг гаргаж тэтгэврийн хөгшнөөс мөнгө салгах гэж улайрч байгааг хараад надад шударга бус санагдаж байна. Надтай гэрээ байгуулснаас хойш дахиж нэг ч удаа энэ зуучийн компаниас хүн ирж уулзаагүй, би таны энэ байрыг тэдэн төгрөгөөр ийм хүнд зарах санал өглөө, ийм хүнд үзүүлсэн гэж нэг ч удаа надад хэлээгүй. Би охин Ч.Цэцэгсүрэнтэй тэр байрны тухай болон үнэ мөнгө төгрөгийг ярилцаагүй бөгөөд, тухайн байрыг хэнд зарах гэж байгаа, хэнд үзүүлж байсныг ч тухайн үед мэдээгүй. Охин Ч.Цэцэгсүрэнд тэр байрыг чи зараарай, миний өмнөөс очоод хүмүүстэй уулзаарай гэж хэлсэн удаа байхгүй. Охин Ч.Цэцэгсүрэн маань өөрөө хөөцөлдөж байгаад зарахаар болонгуут би очиж гарын үсэг зурсан төдий гэж өнөөдрийг хүртэл ойлгосоор ирсэн. Иймд нэхэмжлэгч Р. Д ХХК-аас надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г А -ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Р П ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орон сууцыг 170,000,000 төгрөгөөр худалдан авах саналын хуудсаар баталгаажуулж, талуудыг холбож өгсөн гэж тайлбарладаг. Зуучлалын үйл ажиллагааг гардан зохион байгуулж явуулсан гэх Б.Эрдэнэтуяа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн. Орон сууцны өмчлөгч Г.Амгалангаар саналын хуудсанд санал бичүүлж, гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Г.А-ийнохин Ч.Цэцэгсүрэн тухайн үед завтай таарч, орон сууцыг үзүүлсэн байх. Худалдан авагч болон зуучлагч тал эд хөрөнгийн өмчлөгч биш хүүхэдтэй нь харьцаж байгаад худалдан авахаар тохирсны дараа орон сууцны жинхэнэ өмчлөгч мөн эсэхийг сүүлд нь шалгадаг нийтлэг алдаа байна. Үүнээс болж асуудалд ордог. Энэ тохиолдлын жишээ нь энэ маргаан юм. Б.Эрдэнэтуяа гэрчийн мэдүүлэгтээ Г А-тай анх очиж уулзаж, Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ байгуулахад ...Г А цаашид орон сууцтай холбоотой асуудлаар н.Ядмаатай харьцаарай... гэж хэлсэн талаар хэлдэг. Гэрч Ч.Цэцэгсүрэн тус байрыг зарж, хүүхдээ Япон улс руу явуулах гэж байгаа талаараа удаа дараа ярьсан байдаг. Орон сууцыг худалдан авсан гэх эхнэр О.Дөлгөөн нөхөр У.Дөлгөөн нар гэрчийн мэдүүлэг өгсөн. Нөхөр У.Дөлгөөн нь Г.Амгалан, Ч.Цэцэгсүрэн нартай холбогдсон байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Юнител ХХК-иас О.Дөлгөөн, Б.Эрдэнэтуяа нар хоорондоо харьцаж байсан лавлагаа ирсэн. Харин Мобиком ХХК нь хэрэглэгчдийнхээ хооронд харьцсан дуудлага, зурвасыг хадгалах боломжгүй байдаг юм байна. Үүнээс шалтгаалж У.Дөлгөөн, Ч.Цэцэгсүрэн нарыг анх орон сууцны асуудлаар холбоо барьж, харьцсан гэдгийг нотолж чадаагүй. О.Дөлгөөн, У.Дөлгөөн, Ч.Цэцэгсүрэн нар гэрчээр мэдүүлэг өгөхдөө Р П ХХК-ийнагент Б.Эрдэнэтуяагаас өмнө  У.Дөлгөөн нь Ч.Цэцэгсүрэн Г А нартай уулзаж, байр үзэж байсан тухайгаа хэлсэн. Гэр бүл хамтарч хөрөнгө худалдаж авч, захиран зарцуулахдаа хамтарч шийдвэр гаргадаг. Р П ХХК зөвхөн О.Дөлгөөнийг худалдан авах шийдвэр гаргасан гэх ядмаг байдлаар тайлбарлаж болохгүй. Орон сууц худалдан авах нь дэлгүүрээс талх худалдаж авахаас өөр асуудал юм. Эхнэр, нөхөр хамтдаа зөвлөлдөж байж шийдвэр гаргасан. Хавтас хэрэгт Р. Д ХХК, Б.Эрдэнэтуяа нар хөрөнгө мөнгө гаргаж сурталчилсан зарын самбар байршуулсан зэрэг баримт авагдаагүй. Худалдан авагч болон худалдагч тал хичээл зүтгэл гаргасан. Р П ХХК-ийнагент Б.Эрдэнэтуяа орон сууц худалдан авахаар сонирхож байгаа хүмүүст тус орон сууцыг үзүүлсэн гэдэг боловч тэр талаар баримт мөн хэрэгт авагдаагүй. Б.Эрдэнэтуяагийн утсан дээр дуудлага, зурвасууд байдаг шүүхийн журмаар үзлэг хийсэн. Гэтэл бусад орон сууц худалдан авахаар сонирхож байгаа хүмүүст тус орон сууцыг үзүүлсэн талаарх баримтаа хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Зөвхөн Г.А-ийнохин Ч.Цэцэгсүрэн болон худалдан авагч О.Дөлгөөн нартай бичсэн зурвас зэргийг үзүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээний гол зорилго нь зуучлуулагч зуучлагчаас үйлчилгээ авах зорилготой. Ч.Цэцэгсүрэнг О.Дөлгөөнтэй уулзуулсан гэж тайлбарладаг. Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжоор жинхэнэ өмчлөгч нь Г А юм. Ч.Цэцэгсүрэн Р П ХХК агент Б.Эрдэнэтуяагаар зуучлуулж О.Дөлгөөнтэй эхэлж уулзсан эсвэл У.Дөлгөөн нь Ч.Цэцэгсүрэн, Г А нартай эхэлж уулзсан уу гэдгийг тогтооход хүндрэлтэй. Талуудын хооронд байгуулсан энгийн гэрээний хувьд худалдагч болон зуучагч нарын хэн ч тус орон сууцыг зарах боломжтой. Зөвхөн Р П ХХК зарах онцгой нөхцөлтэй гэрээ биш юм. Мөн Р П ХХК нь Г.А-дҮл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээний 1 хувийг өгөөгүй. Хэрэв гэрээг нь өгсөн гэж үзэж байвал шуудангийн баримт, гэрээ өгсөн авсан гэх баримт авагдаагүй. Ч.Цэцэгсүрэн Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээний 1 хувийг ээжид өгөөгүй гэж гэрчийн мэдүүлэгтээ гэрчилдэг. Мөн Г А хариу тайлбартаа Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээг аваагүй, хүүхдүүдээсээ тухайн гэрээг асууж байсан талаараа удаа дараа тайлбарладаг. Г.А-дгэрээний 1 хувь  байхгүй учир ямар үүрэг хүлээсэн болон хэдэн төгрөг төлөх ёстой талаараа ойлголтгүй байсан. Надаар дамжуулж нэхэмжлэлийн хувь гардаж авч, хэргийн материалтай танилцахдаа анх өөрийн гарын үсэгтэй Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээг харсан. Ремакс-н эрхийг Франчайзын гэрээгээр эзэмшиж байгаа Р П ХХК-ийнүйл ажиллагаа тодорхой байх ёстой. О.Дөлгөөн ямар нэгэн шимтгэл төлөхгүй талаараа хэлэхэд орон сууц үзсэн гэдгийг баталгаажуулж гарын үсэг зуруулж авах юм гэж тайлбарлаж гарын үсэг зуруулчихаад одоо мөнгө нэхэмжилж байгаа нь ёс зүйгүй байна. О.Дөлгөөн сонинд тавигдсан зарын дагуу анх очиж үзсэн талаар У.Дөлгөөн, Ч.Цэцэгсүрэн, О.Дөлгөөн нар тайлбарладаг. Г А ахмад настай хүн Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ байгуулахдаа Б.Эрдэнэтуяатай ганц удаа уулзсан. Орон сууц худалдан борлуулах үйл ажиллагаанд огт оролцоогүй. Тус орон сууцыг захиран зарцуулах эрхтэй этгээд нь Ч.Цэцэгсүрэн гэдгийг мэдэж байсан. Гэвч Г А орон сууцны өмчлөгчийн хувьд тус орон сууцыг захиран зарцуулах итгэмжлэл олгогдсон талаар баримт байхгүй. Орон сууц нь хэний хөрөнгөөр бий болсон нь хамаагүй гуравдагч этгээд бусдын эд хөрөнгөнд хуруу дүрэх эрхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээний нөхцөлийг Г А хүлээн зөвшөөрсөн гэж үзэхэд хэцүү Б.Эрдэнэтуяа тамга дараагүй байсан байх гэжээ. 

 Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Р П ХХК нь хариуцагч Г.А-дхолбогдуулан зуучлалын гэрээний дагуу хөлс 3,740,000 төгрөг, алданги 1,234,200 төгрөг нийт 4,976,200 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.           

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.             

Нэхэмжлэгч Р. Д ХХК, хариуцагч Г А нар 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах ЭХ/19/089 дугаартай гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна. 

Хариуцагч Г А нь Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамж, 7 дугаар байрны 181 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул түүнийг гэрээг байгуулах эрхгүй этгээд байгуулсан, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан. 

Гэрээний 1.1, 4.1-д Р. Д ХХК-ийг төлөөлөн зуучлагч Б.Эрдэнэтуяа нь Г.А-ийнөмчлөлийн Ү-2205055874 дугаартай, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамж, 7 дугаар байрны 181 тоот хаягт байршилтай орон сууцыг худалдах худалдан авах үндсэн гэрээ байгуулах боломжит худалдан авагчтай холбож өгөх, Г А нь гэрээгээр тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ. 

Р. Д ХХК-ийг төлөөлөн зуучлагч Б.Эрдэнэтуяа нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцыг худалдах-худалдан авах үндсэн гэрээ байгуулах боломжит худалдан авагчтай холбож өгсөн болох нь Худалдан авах санал /хх-10/, шүүхэд гэрч Ч.Цэцэгсүрэн Гарын үсэг зурдаг өдөр Remax-ийн ажилтан болон О.Дөлгөөн нартай анх удаа уулзсан. О.Дөлгөөн байр үзсэн гэж гарын үсэг зурж байна. Би орон сууцны төлбөрийг өгөхгүй гэж байсан. Би орон сууцаа 09 дүгээр сарын 11-ний өдөр зарсан. 09 сарын 10-ны өдөр анх уулзсан. Түүнээс өмнө нь нөхөртэй нь уулзаж байсан гэх мэдүүлэг, гэрч О.Дөлгөөний ...Зарын дагуу холбогдож байсан, Remax-ийн ажилтан байсан эсэхийг сайн мэдээгүй, зар дээр байсан дугаарт холбогдсон хүн, байрыг цаг тохирч үзүүлж, худалдан авах саналын хуудаст гарыг үсэг зуруулсан хүн нь Б.Эрдэнэтуяа байсныг гэрчилсэн мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэтуяагийн Хамгийн анх байр үзэхээр ирэхдээ эхнэр, нөхөр хоёр хамт ирэн, Яг хэзээ гэдгийг тодорхой санахгүй байна. 08 сарын 11-ний өдрөөс хойш надтай холбогдож, байр үзэх талаараа хэлсэн. Нэг удаа үзүүлэхээр тохирч очоод 2 цаг хүлээсэн боловч ирээгүй. Яагаад ирээгүй талаар асуухад завгүй болсон дараа үеье гэж хойшлуулж байсан. Дараа нь нөхөртэйгөө хамт үдээс хойш 17, 18 цагийн үед ирж хамгийн анх үзсэн, У.Дөлгөөнийг өмнө нь хараагүй учир мэдэхгүй байна. Тухайн үед эхнэр нөхөр 2 байсан. Таны хэлж байгаагаар У.Дөлгөөн байх гэж ойлгож байна, Надтай анх 08 сарын дундуур холбогдож байр үзэхдээ хоёулаа анх удаа тус байрыг үзэж байгаа хүмүүс шиг байсан. Тухайн үед тэр хоёр ярилцаж байгаад Зайсан Хийлд байр сонирхож байх шиг байсан... гэх мэдүүлэг, Юнител ХХК-иас авсан лавлагаагаар 2019 оны 08 дугаар сарын 01-ээс 09 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Б.Эрдэнэтуяагийн 80013377 дугаараас О.Дөлгөөний 91118080 дугаартай хийсэн дуудлага, мессежийн жагсаалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгээр 2019 оны 08 сарын 11 өдрөөс 2019 оны 09 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Б.Эрдэнэтуяагийн 80013377 дугаартай утаснаас О.Дөлгөөний 91118080 дугаартай утсаар харилцсан мессэж зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. 

Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамж, 7 дугаар байрны 181 тоот хаягт байршилтай орон сууцыг Г.Амгалан, О.Дөлгөөн нар 2019 оны 09 сарын 25-ны өдөр худалдах-худалдан авахаар гэрээ байгуулсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Гэрээнд орон сууцны үнийг 30,000,000 төгрөгөөр худалдахаар тусгасан ч бодитоор 167,000,000 төгрөгөөр худалдсан болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан, үүнийг нэхэмжлэгч тал үгүйсгэж мараагүй. 

Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах ЭХ/19/089 дугаартай гэрээний 4.3-т Зуучлуулагч. Худалдан авагч нарын хооронд үндсэн гэрээ байгуулагдсан тохиолдолд хөлсийг зуучлагид төлөхөөр, 8.3-т зуучлалын хөлс төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хохог тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг зуучлагчид төлөхөөр тохиролцсон байна. 

Г.Амгалан, О.Дөлгөөн нар 2019 оны 09 сарын 25-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байх тул гэрээний үнэ 167,000,000 төгрөгийн 2.2 хувь 3,696,000 төгрөг, 0.5 хувийн алданги 18,480 төгрөг, 2019 оны 09 сарын 25-ны өдрөөс 2019 оны 11 сарын 28-ны өдөр хүртэл 64 хоногийн алданги 1,182,720 төгрөг нийт 4,878,720 төгрөгийг хариуцагч Г А нь нэхэмжлэгч Р. Д ХХК-д төлөх үүрэг хүлээнэ. 

Иймд хариуцагч Г.А-с 4,878,720 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р. ПХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 95,480 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Г.А-аас 4,878,720 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р. Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 95,480 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Р. Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,538 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 95,010 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР

 

Эх сурвалж: www.shuukh.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан