"/> "/>

Барилгын компаниудтай гэрээ байгуулахад анхаарах зүйлс

Монгол улсад Барилгын салбарын үйл ажиллагаа эрчимжиж, хувийн болон нийтийн зориулалттай орон сууцны барилга, байгууламж  ихээр баригдан ашиглалтанд орж байгаатай холбоотойгоор сүүлийн үед барилгын компани болон иргэд, захиалагчийн хооронд маргаан гарах болсон.

Тухайлбал барилгын компаниуд иргэдтэй орон сууц захиалгаар барих гэрээ байгуулахдаа байрны метр квадратыг бичихгүйгээр, эсвэл жинхэнэ хэмжээнээс нь их болгож бичиж, гэрээнд бичигдсэн талбайн хэмжээгээрээ мөнгөө авснаас үүдэн иргэд хожим нь дутуу метр квадратад илүү төлсөн мөнгөө эргүүлэн нэхэмжлэх маргаан ихээр гарч байна.

Захиалсан байрандаа орсны дараа танд энэ мэтчилэн асуудал үүсэхгүй байх үүднээс дараах зүйлсийг зөвлөе.

  • Иргэн та өөрийн сонгосон барилгын компанитай уулзаж, ярилцаж, байраа үзчихээд, бүх юм таны нөхцөл боломжинд таарч, гэрээ байгуулахаар шийдвэл та эхлээд дараах зүйлсийг анхаараарай.

1. Тухайн байр баригдаж эхлэх гэж байгаа, баригдаж байгаа, эсвэл баригдаад дуусчихсан байхаас шалтгаалаад ямар төрлийн гэрээ байгуулах нь тодорхой болдог. Өөрөөр хэлбэл таны сонгосон байр баригдаж дуусаагүй, ашиглалтанд ороогүй байгаа бол Орон сууц захиалгаар барих гэрээ, харин баригдаад дуусчихсан, ашиглалтанд орчихсон байр бол Худалдах, худалдан авах гэрээ байгуулна. Ямар төрлийн гэрээ байгуулах нь тийм ач холбогдолтой гэж үү? Аливаа гэрээ хэлцэл гэдэг нь талуудын хооронд үүсч байгаа, ирээдүйд үүсч болох харилцааг зохицуулах эрх зүйн акт байдаг учир мэдээж ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл энэхүү байртай холбоотой аливаа асуудал гарахад Орон сууц захиалгаар барих гэрээний заалт уу? Худалдах худалдан авах гэрээний заалтыг баримтлах уу? гэдэг асуудал үүснэ. Аль гэрээний заалтыг баримтлахаас шалтгаалж хэрэг шийдвэрлэх нөхцөл байдал өөр өөр байдаг.

2. Манай иргэд гэнэн, эсвэл яаруу, хайнга, хууль эрх зүйн мэдлэг дутмагаасаа болоод барилгын компаниудад хууртагдаж мэхлэгдэх асуудал гардаг. Тухайлбал та сонирхсон байраа үзчихээд, байгуулах гэрээнийхээ заалт бүртэй нэг бүрчлэн танилцаж, тайлбарлуулж, ойлгож байж дараа нь гэрээндээ гарын үсгээ зурах хэрэгтэй. Мөн таны худалдан авах гэж буй байрны план зураг байгаа эсэх, өрөөний зохион байгуулалт, талбайн хэмжээг хэрхэн тооцсон талаар тайлбарлуулж авах хэрэгтэй. Иргэд байраа үзчихээд, за болж байна, гэрээгээ байгуулъя гэхээр зарим барилгын компаниуд төлбөрөө хийчихээд баримтаа аваад ир, тэгээд гэрээгээ байгуулна гэдэг. Тэгэхээр нь иргэд төлбөрөө хийчихээд ирснийхээ дараа гэрээгээ үзэнгүүт ойлгомжгүй, эсвэл өөрийнх нь бодсон, ойлгосон шиг биш байх тохиолдол байдаг. Би гэрээ байгуулахаа болилоо, мөнгөө авая гэхээр нөгөө компани нь та манай байгууллагын дансанд хийсэн мөнгөө эргүүлж авах юм бол 10%-ийн шимтгэл тооцно гэдэг. Ингээд л нөгөө иргэн маань зүгээр байж байгаад хэдэн зуун мянган төгрөг өгч байснаас гэрээ байгуулахаас өөр аргагүй болдог байна. Иймд асуудалд орохгүйн тулд та эхлээд гэрээтэйгээ танилцаж, зүйл заалт бүрийг тохиролцсоны дараа төлбөр мөнгөө шилжүүлэх ёстой гэдгийг анхаараарай.

3. Мөн гэрээ байгуулахдаа сайн уншдаггүй, ойлгомжгүй байгаа заалтаа асуудаггүй, өөрийн санал бодлоо хэлдэггүй, зүгээр л гэрээ гээд нэг цаас өгөнгүүт ард нь гарын үсгээ шууд зурчихдаг. Харин дараа нь асуудал үүсэхэд  гэрээн дээр ийм заалт байсныг би мэдээгүй, би энэ заалтыг ингэж ойлгоогүй гэж хэлдэг. Таны энэ тайлбар шүүхэд ямар ч нотлох баримт болохгүй, та тэр гэрээн дээр гарын үсгээ зурсан л бол гэрээний зүйл заалт бүрийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм.

Дахин хэлэхэд Гэрээ гэдэг бол талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулагддаг эрх зүйн акт бөгөөд та тэр гэрээний нэг тал учир өөрийн саналыг гэрээнд тусгуулах эрхтэй этгээд юм.

4. Барилгын компанитай гэрээ байгуулахдаа таны нөгөө талд сууж буй хүн хэн гэгч вэ? Энэ компанийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурах эрхтэй хүн мөн үү? гэдгийг шалгах хэрэгтэй. Гэрээн дээр гарын үсэг зурсан хүн тухайн компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш байвал таны байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус болох эрсдэлтэй байдаг.

  • Сүүлийн үед иргэд өөрсдийн худалдаж авсан байрныхаа талбайн хэмжээ нь гэрээнд заасан талбайн хэмжээтэйгээ адил байгаа эсэхэд эргэлзэж, хувийн компаниудаар байрны талбайн хэмжилт хийлгэх нь ихсэж байгаа. Энэ нь нэг талаар зөв алхам ч нөгөө талаар дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

1. Та өөрийн байранд хэмжилт хийлгэхдээ Барилга хот байгуулалтын яамнаас олгодог Орон сууцны талбайн хэмжилт хийх тусгай зөвшөөрөлтэй компанийг сонгох ёстой. Тусгай зөвшөөрөлгүй компаниар хэмжилт хийлгэсэн бол энэ нь шүүхэд нотлох баримт болж чадахгүйд хүрнэ.

2. Таны байр хэдэн онд ашиглалтанд орж, улсын комисс хүлээж авснаас хамаараад талбайн хэмжилт хийлгэхдээ баримтлах стандарт, норм дүрэм нь тодорхой болдог. Буруу стандартыг баримталж хийсэн хэмжилтийн дүгнэлт нь  бас л шүүхэд нотлох баримт болохгүй юм. Иймд та эхлээд хэмжилт хийх гэж байгаа компанидаа байр чинь хэдэн онд улсын комисс хүлээн авч ашиглалтанд орсон талаар хэлж өгөөрэй.

3. Байрны хэмжилтийг заавал 2 удаа хийж гүйцэтгэн, түүний дунджаар дүгнэлтийг гаргадаг журамтай. Иймд та хэмжилт хийж байгаа компаниасаа 2 удаа хэмжилт хийж баталгаажуулахыг шаардах эрхтэй юм.

Эцэст нь хэлэхэд Иргэд та бүхэн ирээдүйд үүсэх эрсдлээс болгоомжлох үүднээсаливаа гэрээ хэлэлцээр байгуулахдаа өөрийгөө эрх зүйн этгээд мөн, гэрээний нэг тал мөн гэдгийг санаж байгаарай.

Мөн та Заяа энд Золоо хуулийн фирмийн www.zuvulguu.mn болон зөвлөгөө.мон вэб сайтнаас гэрээний загвар болон зөвлөгөөг үнэгүй авч болно. 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан