Б.Бүжинлхам: Танд БОЛОМЖ олгосон бол атгах асгах нь танаас л хамаарна

Оронсууц комын ОНЦЛОХ     2020-09-30     683
П.НАРАНМАНДАХ    

TEDxUlaanbaatarSalon “One Solution” арга хэмжээ энэ сарын 26-нд амжилттай зохион байгуулагдсан билээ. Үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж байгаа залуучуудад зориулж  тавьсан “Нано Интернэшнл" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, RE/MAX Mongolia Бүсийн эзэмшигч Б.Бүжинлхамын "БОЛОМЖ" нэртэй илтгэлийг хүргэж байна.

Та бүхэнтэй энэ ТED-ийн тайзан дээрээс мэндчилж байгаад баяртай байна. Намайг Бүжинлхам гэдэг. Би Налайх дүүрэгт өссөн. Манай аав физикийн багш, ээж маань эмч мэргэжилтэй. Тэр хоёр маань тухайн үед томилолт аваад Налайхад очиж ажилласан. Тиймээс бидний амьдралын нэгээхэн хэсэг тэнд өнгөрсөн. Миний хувьд Налайх бол жижигхэн ертөнц юм шиг санагддаг. Тэр жижигхэн ертөнцөөс гараад илүү том ертөнцөд өөрийгөө сорих хүсэлтэй тийм охин байлаа. Би Налайхаасаа гараад TED-ийн тайз хүртэл маш олон боломжуудыг амьдралдаа олж авсан хүн юм билээ. Тиймээс би өнөөдөр та бүхэндээ БОЛОМЖ гэдэг сэдвээр өөрт тохиолдсон зүйлийн талаар хуваалцахыг хүслээ.

Хамгийн түрүүнд надад олдсон боловсролын боломжуудыг хуваалцъя. Би одоо эргээд бодоход жолооны курст мөнгө төлж сурсан юм байна лээ. Олон сургуулиудыг төгсөхдөө надад олгосон бусдын боломжуудыг ашиглан сурсан. Хамгийн эхний боломж нь МУИС-ийн цөмийн физикийн анги төгссөн явдал. Тэр үед яасан бэ гэхээр аав ээж хоёр маань хоёулаа төсвийн байгууллагын ажилтан байсан учраас нэг хүүхдийг нь сургуульд үнэ төлбөргүй сургадаг байсан. Тэр боломжийг нь ашигласан. Аав маань физикийн багш байсан учраас аавын нөлөөлөл маш их байсан. Би өөрөө байгаль ертөнцийн тухай нэлээн их юм уншиж судалдаг хүүхэд байсан учраас физикийн ангийг сонгосон. Нэг сонин зүйл тохилддог нь яг сурах болохоор л хүүхэдтэй болчихдог. Хамгийн анхныхаа хүүхдийг физикийн анги төгсөхдөө гаргасан. Зургаан сард сургуулиа төгсөөд 9 сард хүү маань төрсөн. Намайг физикийн 3 курст сурч байхад нэг ах маань Менежментийн ангид давхар сурчих ах нь төлбөрийг нь даая гэсэн. Ингээд би давхар оройн ангид сурч эхэлсэн. Өглөө 08:20-оос 15:10 хүртэл физикийн ангидаа суугаад, тэндээсээ их сургуулийн 4-р байранд очиж 20:20 хүртэл оройн ангидаа суудаг байсан. Өглөөний 08-аас оройн 20 хүртэл их ачаалалтай сурч их сургуулийнхаа менежментийн ангийг төгсчихлөө.

Манай гэр бүлийн хүнийг Батбаатар гэдэг. Бид хоёр их сургуулийн нэг ангийн хүүхдүүд. Их сургуулиа төгсөөд бид хоёр Таван богд группээс анхныхаа ажлын гараагаа эхэлсэн. Миний хувьд маркетингийн албанд орж ажиллаад тэндээ өсөж дэвжээд албаны дарга болтол нь ажилласан бол манай нөхөр борлуулалтын албанд нь борлуулагчаас авхуулаад гүйцэтгэх захирал болтол дэвшин ажилласан. Энэ хугацаанд бид хоёр бас хувийн бизнес эрхлээд удаагүй байж байтал Австралийн засгийн газрын тэтгэлгээр тэнд магистрт  суралцах боломж гарсан. Тэтгэлгээр  24 хүүхдийг магистрт  явуулдаг байсан. Хоёр жилийн хугацаанд бүх зүйлийг нь 100% төлдөг тэтгэлэгт хөтөлбөр Australia Awards гэдгийг та бүхэн мэдэх байх. Энэ тэтгэлэгт хөтөлбөр нь 2 төрөл байдаг. Категори 1 нь төрийн байгууллага, категори 2 нь хувийн хэвшил, төрийн бус байгууллагаас хамрагддаг бөгөөд тус бүрдээ 12/12 авч сонгон шалгаруулдаг. Миний хувьд категори 2-оос шалгараад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг авч байсан. Хэдийгээр тэтгэлэгт хөтөлбөрийг авсан ч гэлээ яг Австралид очоод  магистр хамгаалах хүртэл 2 том давааг давах хэрэгтэй болсон.

Эхний даваа юу байсан вэ гэхээр би түрүүн хэлсэн. Яг сурах болсон үед жирэмсэн болчихдог. Австрали явахаас өмнө Англи хэлний бэлтгэлийг Монголд хийлгэдэг. Миний хувьд англи хэлийг багаасаа сураагүй математикийн чиглэлээр явчихсан болохоор англи хэл маань тийм ч сайн байгаагүй. IELTS-ийн 6.5 оноотой байх ёстойгоос би 5 оноотой байв. 1.5 оноогоор ахихын тулд 9 сарын бүтэн цагийн бэлтгэл хэрэгтэй болов.  Энэ тэтгэлэгт хөтөлбөр чинь өөрөө өндөр өртөгтэй 1 хүнд 100 мянган доллар зарцуулагддаг. Австраличуудын татвар төлөгчдийн мөнгө болохоор гэрээ нь маш хатуу. Би гэрээн дээр гарын үсэг зурсан чинь та 9 сарын хугацаанд өөрийнхөө оноог авах ёстой, сургуульдаа заавал амжилттай тэнцэх ёстой. Энэ хугацаанд ердөө 3-хан хоногийн чөлөө авна гэсэн байсан.  Харж үзэх юу ч байхгүй. Би 3 хоногоо гэж бодсон ч яалт ч үгүй дундуур нь төрж таарах гээд байдаг. За ингээд суралцаад явж байтал Пүрэв гариг, 4 дахь өдөр хичээл дээр сууж байтал өвдөж хэлэв. Тэр үед би ямар ч гэсэн хичээлээ дуусгана шүү гэж гүрийсэн. Энэ төрөлт миний 2 дахь учраас арай жаахан туршлагатай ээж байв. Хичээлд 8:30-аас 15 цаг хүртэл суудаг байсан. Хичээлээ тараад шууд эмнэлэг дээр очоод 19:20-оос хүүгээ өлгийдөн авч байлаа. Тэр өдөр 4 дахь өдөр байсан учраас маргааш нь 5 дахь өдөр тэгээд амралтын өдөр таарч 1 дэх өдөр нь хичээлдээ очиж сууж байлаа. Австрали багш нар маань монгол эмэгтэйчүүд ямар хүчирхэг мундаг юм бэ гэж гайхаж бахархаж байсан. Миний өөрийн амьдралдаа баримталдаг  зарчим маань болохгүй зүйл гэж байхгүй болгоно л боддог. За ингээд эхний даваа оноогоо авчихлаа, хүүгээ төрүүлчихлээ. 

Хоёр дахь даваа нь юу байсан вэ гэхээр... миний хувьд Нано технологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар явах гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь сургууль маань намайг авдаггүй ээ. Сургууль маань ямар шаардлага тавьсан вэ гэхээр нано технологи гэдэг хими, физик гэсэн 2 том шинжлэх ухаан нь өөрөө өндөр мэдлэг шаардсан салбар. Чамд 8 хичээлийн кредит дутаж байна. Хагас жилийн дотор сураад авах юм бол чамайг авъя гэсэн. Миний хувьд физикийн ангид сурч байсан учраас химийн хичээлийг бага үзсэн. Төрөөд удаагүй арай гэж англи хэлний шалгалтын ард гарсан надад ахиад шалгалтын ард гарах шаардлага гарлаа. Их сургуулийн химийн магистрын бэлтгэл курс, биологийн бэлтгэл курст зэрэг элсээд химийн 6 хичээл, физикийн 2 хичээл нийт 8 хичээлийг өглөөнөөс авхуулаад орой хүртэл сууж үзэв. Ингээд нялх хүүхэдтэй би шөнө орой сууж хичээл үзсэний хүчинд шалгалтдаа тэнцэж  Австрали очиж суралцсан түүхтэй. Одоо эргээд бодоход Австрали манай гэр бүлд нөлөөгөө үзүүлж манай нөхөр ч гэсэн надтай цуг бас суралцсан. Хүүхдүүдэд маань тэнд байх нь байх маш их таалагдсан. Миний 19 настайдаа гаргасан  том хүү маань одоо тэнд дэлхийд чансаагаар дээгүүр жагсдаг Мельбурны их сургуульд суралцаж байна. Би тэнд Flinders University -ийг нано чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Боловсролын хувьд ийм боломжуудыг олж авсан байна.

Үүний дараа та бүхэндээ бизнест тохиолдсон боломжуудыг хуваалцъя. Манай нөхрийг Батбаатар гэдэг гэж дээр би хэлсэн. Би Батууш гэж дууддаг. Бид хоёр бизнес хийх гэж маш олон  зүйлийг туршиж үзсэн. Оюутан байхдаа хүүхэдтэй болсон учраас мөнгө хэрэгтэй. Хамгийн анхны бизнес маань ТҮЦ байсан. Уг нь их боломжийн ажиллаж байсан газрынхаа эргэлтийн мөнгөөр нь гутал аваад өмсчихсөн чинь удалгүй дампуурсан. Ер нь би гангалах дуртай хүн л дээ. Бид франчайз бизнесүүдийг хэд хэдийг Монголд оруулж ирж хийж байсан. Тэдний нэг нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын Ремакс дэлхийн брэндийг Монголд оруулж ирсэн явдал. Австралид сурч байхдаа тэнд юуг олж харсан вэ гэхээр гаднын оронтой харьцуулахад манай монголд ҮХХ зуучлалын бизнесийн зах зээл байгаа юм шиг санагдсан. Гэхдээ бид хоёрт энэ салбарын ямар ч туршлага мэдлэг байхгүй байсан. Гэсэн ч дэлхийн том компаниуд руу франчайз бизнес авъя гэсэн хүсэлтээ явуулсан.

Ремаксын хэд хэдэн шаардлага шалгалтыг давсны дараа бидний анхны уулзалт Бээжинд болсон. Манай нөхөр, одоо манай Ремакст гүйцэтгэх захирал хийж байгаа Тэмүүлэн бид гурав очиж уулзсан. Тэнд уулзсан хүмүүс маань уулзсан цагаас эхлээд л бусдад олгох боломж, боломж, боломж гээд л яриад байсан. Биеэ даасан бизнес модель ашигласнаар хамтын гүйлгээ гаргаж, багаар ажиллах чадварыг нь сайжруулж, бүтээлч сэтгэлгээг дэмжин бусдад өсөж дэвших боломж олгож байгаагаар сайн талтай гэх мэт их чухал чухал зүйл ярьсан. Би ҮХХ зуучлал гэдэг бол зөвхөн арилжаа наймаа бусдад хөрөнгө зардаг бизнес гэж өнгөцхөн ойлголтой явж байсан чинь хамаагүй өргөн сэдвийн талаар яриад байсан. Тэгээд энэ бизнесийг зүтгэн байж монголд оруулж ирсэн. ҮХХ салбар өөрийн гэсэн онцлогтой маш том салбар юм билээ. Бид 5 жилийн хугацаанд олууллаа боллоо. Азийн бүсдээ улсаараа сүүлийн 3 жил дараалан шалгарав. 

Манай брэнд  дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг. Бид хэдэн нөхдийн хамт Лас-Вегаст болсон том арга хэмжээнд оролцохоор явлаа. Бид чинь Азидаа 3 дараалан шилдэг болсон монгол хүний сэтгэхүйгээр дээшээ суу гэх нь холгүй хүндлэгдэнэ гэсэн бодолтой очсон. Манай брэндийг үүсгэн байгуулсан хүмүүс нь эхнэр нөхөр хоёр байдаг. Тэр үе, цаг хугацааны хувьд нөхөр Dave Liniger нь онгоцны осолд орсон бие нь сайнгүй таяг тулж явж байсан. Бид нартай маш богино хугацаанд уулзсан. Бид нар өөрсдийгөө түүнд танилцуулаад л... биднийг ёстой мундаг залуучууд шүү гэж хэлэх байх гэсэн хүлээлттэй уулзсан чинь одоо бодоод байхад бид нар луу сайн эгцэлж харсан уу, мэдэхгүй. Мэндийн зөрүү хэлээд - Би удаан зогсож чадахгүй нь уучлаарай гээд яваад өгсөн. Цуг явж байгаа хүн нь санаа зовоод өмнөөс нь бид нараас уучлалт гуйж биеийн байдал нь тааруу байгааг хэлсэн. Тухай үед ёстой шоконд орсон. Гэхдээ одоо эргүүлээд бодоход тэр хүн бид нартай заавал уулзах шаардлага байхгүй байсан байхгүй юу. Яагаад гэвэл тэр бидэнд боломж олгосон. Тэгээд л гүйцээ. Бизнесийн ертөнцөд хэдхэн дүрэм үйлчилдэг. Та бизнес хийж эхэлсэн өдрөөс эхлээд хэнд ч гомдохоо болих хэрэгтэй. Хэнээс юу ч хүлээсний хэрэггүй. Танд боломж олгосон. Атгах асгах нь танаас л хамаарна. Боломжийг бий болгохын тулд танаас хүч хөдөлмөр шаардагдана. Одоо би 4 хүүгийн ээж, саяхан эхийн одон авсан. Ингээд миний итгэлийг хүлээн авч сонссонд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (2)

2020-10-26 10:02   Ganaa
Saikhan engiin yariltslaga bn. Mash ih yram avlaa.
2020-10-21 22:17   Ариунаа
Маш хүчирхэг, үлгэр дуурайлал авмаар эмэгтэй, эрч хүчтэй сайхан гэр бүл шүү
Шинэ мэдээ
Их уншсан