"/> "/>

Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хугацааг дахин 3 сараар сунгаж, 6 сар болголоо

Цар тахалтай холбоотойгоор онцгой горимоор ажиллаж буй УИХ-ын гаргасан шийдвэрүүдээ өнөөдөр танилцуулах үеэр ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хугацааг дахин гурван сараар нэмсэн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ.

Тэрбээр "Ипотекийн зээл болон зээлийн хүүг бууруулах хүрээнд Монголбанкны бодлогын хүүг нэг нэгж хувиар дахин бууруулах ойлголтод хүрсэн. Валютын ханш бүх тооцоог хийсний үндсэн дээр ийнхүү шийдэхээр болсон. 

Ипотекийн зээлийн санхүүжилтийг энэ онцгой нөхцөлд Монголбанк зээлийн эргэн төлөлтөөс нь санхүүжүүлж, жилд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргах боломжтой гэж үзсэн. Тэр дундаа нойр хоолгүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, төрийн тусгай албан хаагчдыг дэмжих шаардлагатай гэж үзэж, тусгай зохицуулалтаар ипотекийн хөтөлбөрт хамруулна.

Нөгөө талаар эдийн засгийн эрэлтийг дэмжих, 100 мянган ажлын байр хадгалах салбар нь барилгын салбар болоод байна. Бусад бизнес хүндрэлтэй болсон. Улаанбаатарт орон байрны эрэлт хэрэгцээ байсаар байна. Тиймээс эрэлтийг нь дэмжих буюу санхүүжилтийг тусгай зөвшөөрөл өгөх гадаад дотоод эх үүсвэр татах замаар боломжийг нээж өгч байна. Борлогдоогүй 58 мянган орон сууц байна гэсэн судалгаа байна" гэсэн юм.  

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мөн энэ талаар тайлбар хийв. Тэрбээр "Ипотекийн зээлийн 5, 8 хувийн хүүтэй 65,000 иргэний зээл МИК-ын барьцаанд байдаг. Банкан дээр байхгүй гэсэн үг. Тиймээс зээл хойшлуулах асуудлаар банк иргэдийн хүсэлтийг авахгүй байсан байх. Бид энэ асуудлыг МИК-тай ярилцаад зөвшөөрсөн тул иргэд ямар нэг тайлбаргүйгээр хүсэлт гаргаад ипотекийн зээлээ хойшлуулах боломж бүрдсэн. Үүнийг 6 сар болгон сунгахаар болж байна. 

Одоогоор арилжааны банкуудын 5 их наяд төгрөгийн чөлөөт мөнгөн үлдэгдэл байна. Тиймээс эх үүсвэр хангалттай гэж үзэж байгаа. Нөгөө талаар Монголбанк бодлогын хүүн дээр нэмэх 1%-ийн хүүгээр банкуудад эх үүсвэр нийлүүлэх боломж нээлттэй" хэмээн хэллээ.

 

Эх сурвалж: www.ikon.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан