"/> "/>

70 СӨХ-ны газар ашиглах гэрээг баталгаажууллаа

Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж гаргаж байсан билээ.

Ингэснээр нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг орон сууцны хороолол дунд барих боломж нээгдсэн юм. Гэвч орон сууцны ойр орчмын газар тодорхой эзэнгүй, харьяалах этгээдгүй байгаагаас үүдэн бодит хөрөнгө оруулах боломж хаагдмал, дахин төлөвлөх боломж хязгаарлагдмал байсан. Үүнтэй холбогдуулан Хотын дарга “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг 2018 оны 3 дугаар сард эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт хүн амын 43.8 хувь буюу 621,637 иргэн орон сууцанд амьдарч байгаа ба 1,034 СӨХ ажиллаж байна. 1,034 СӨХ-оос орчны газраа баталгаажуулсан 499 СӨХ байгаа бол орчны газраа баталгаажуулаагүй 535 СӨХ байна. Аяны хүрээнд орчны нийтийн эдэлбэрийн газар ашиглалттай холбоотой санал ирүүлсэн 6, газар ашиглах гэрээний хугацаа сунгуулах хүсэлт 101, орчны газар ашиглах эрх баталгаажуулах 183, нийт 290 СӨХ хүсэлт, санал ирүүлжээ.

Хотын дарга энэхүү аянд хамрагдахаар Нийслэлийн газрын албанд хүсэлтээ ирүүлсэн эхний 70 СӨХ-ийн төлөөлөлд Газар ашиглах гэрээг нь баталгаажуулан гардуулан өглөө. Энэ үеэрээ Засаг дарга, ашиглах эрх нь баталгаажсан энэхүү газар дээрээ СӨХ-дууд оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөл, хамгийн гол нь хүүхдүүдийн аялгүй байдлыг дээд зэргээр хангасан орчин үеийн тохижилттой спорт, амралт, авто машины зогсоол бүхий цогцолбор байгууламжийг бүтээн байгуулахыг хүсч байгаагаа хэллээ.

Өнөр-19 СӨХ-ны захирал О.Чанцал “Албан ёсоор оршин суугчдын газрын баталгаажуулж өгч байгаад баяртай байна. Хотын сайн сайхан байдал, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад СӨХ-нууд хамгийн анхан шатны нэгж байдаг. Өмнө газрын маргаан гарч байсан. Үүнийг хүчингүй болгож, СӨХ-нд нь газар эзэмших эрхийг нь өгч байгаа хотын удирдлагууддаа баярлалаа” гэв.

“Дэвшил-8” СӨХ-ны захирал Д.Ядгайчойдон “СӨХ-нд энэ эрхийг олгож багаа явдал нь оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлээд зогсохгүй өөрсдийн эзэмшлийн газраа зөв зохистой ашиглах нөхцөл бүрдэж байна. Бид гадаад орчоо тохижуулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх болно. Энэ шийдвэрийг гаргасан хотын удирдлагууддаа талархаж байгаагаа илэрхийлмээр байна” хэмээлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан