"/> "/>

МАН: Мөрийн хөтөлбөрт банкны зээлийн хүүг бууруулах реформ, орон сууцжуулах хөтөлбөр багтсан

МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх бөгөөд банкны зээлийн хүүг бууруулах реформ, орон сууцжуулах хөтөлбөр багтсан гэдгийг мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.

МАН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулах Ажлын хэсгийг ахлан ажиллаж буй ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “МАН-ын энэ удаагийн мөрийн хөтөлбөр дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх бөгөөд банкны зээлийн хүүг бууруулах реформ, орон сууцжуулах хөтөлбөр багтсан. Орон сууцыг тасралтгүй барьсаар байгаа ч орон сууцны үнэ зорилтот бүлэг худалдан авах боломжтой түвшинд очихгүй байна. Тийм учраас Сингапурын хуримтлалын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгасан. 

Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцохоор байна. Тодруулбал, 50 м/кв байрыг залуу гэр бүл болон гэр хорооллоос орон сууцанд орох тохиолдолд цемент, арматурыг тэглээд, төрийн орон сууцны корпорацыг оролцуулаад, зах зээлийн үнэлгээг бууруулах том хөтөлбөр багтсан.  

МАН-ын хувьд эрүүл мэнд, боловсролын асуудал анхаарал татсан хоёр чухал багана гэж ойлгож болно. Эрүүл мэндийн салбарт оношилгоог нэгдсэн стандартад оруулах том зорилт дэвшүүлж байгаа. Тодруулбал, иргэн жилд нэг удаа заавал оношилгоо хийлгэж хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг болох гэх мэт. Боловсролын хувьд тогтолцооны реформууд хийхээр байна. Төвлөрлийг сааруулах том цогц бодлого орж байна” гэлээ.

Төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд мега төслүүдтэй холбоотой зорилтууд мөрийн хөтөлбөрт орсон. Төмөр замын төслүүдийг хэрэгжүүлнэ. Нүүрс болон зэсээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож экспортолно. Мөн Энэтхэг рүү нүүрс экспортолж, хоёр гарцтай болох зорилтуудыг багтаасан байна. 

Уул уурхай дээр нэмээд таван эдийн засгийн салбарыг дэмжинэ. Түүн дээрээ татвар болон нийгмийн даатгалын дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшил яаж орох уу, гаднын хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчидтэй холбоотой тодорхой зорилтууд дээр төр юу хийх вэ, хувийн хэвшил юу хийх вэ гэдгийг тодорхой заасан зорилтууд орсон болохыг тэрбээр тодотголоо. 

Тэрбээр энэ удаад ч өмнө ч мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт биш байх ёстойг давтан хэлсэн.

Өнөөдрийг хүртэл мөрийн хөтөлбөрт ач холбогдол өгөхгүйгээр нэр дэвшигч болон сонгуулийн компанит ажилд ач холбогдол өгөөд хэрэгждэггүй мөрийн хөтөлбөртэй Засгийн газрууд явж ирснийг таслан зогсоохын тулд өнгөрсөн нэг жилийн хугацаанд "Алсын хараа-2050" урт хугацааны хөтөлбөрийг боловсруулсан. Энэхүү хөтөлбөрийн төслийг урт хугацааны төслийг улс төрийн бүх намуудад хүргэсэн тул намууд судалгаан дээр үндэслэн мөрийн хөтөлбөрөө боловсруулах байх гэж найдаж байгаа аж.

 

 

 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан