"/> "/>

​Х.Баделхан: СӨХ-г татан буулгаж, орон сууцны хураамжийг бүх орон сууцанд ижил тогтооно

Засгийн газраас Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Тус хуулийн төслийг намрын чуулганы төгсгөлд Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэн дэмжсэн билээ. Тус хуулийн төсөлд СӨХ-г татан буулгах санал орсон билээ. Ингээд хуулийн төслийн талаар Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхантай ярилцлаа.

-Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас өргөн барьсан. Хуулийн төсөлд СӨХ-г татан буулгах заалт туссан. Яагаад СӨХ-г татан буулгах ёстой гэж үзэж байгаа юм бэ?

-Орон сууцны тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Энэ хуулийн төслийг миний өмнөх сайд Мөнхбаяр боловсруулаад, хэлэлцүүлэг явуулаад, ард иргэдээс санал авсан байсан. Ингээд бид Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд өргөн барьсан. Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ төрийн бус байгууллага. Орон сууц ашиглалтын контортой гэрээ байгуулаад, тохижилт, харуул хамгаалалт, цэвэрлэгээний асуудлыг хариуцаад хийнэ. Одоо СӨХ-ны хийж байгаа ажил бол тохижилт, цэвэрлэгээ, харуул хамгаалалтаа хариуцдаг. Хуулийн төсөлд СӨХ гэрээгээр эдгээр ажлаа хариуцна гэж оруулсан байгаа. Иргэдийг орон сууцтай болгохын тулд төрийн байгууллагууд юуг нь хариуцах вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Тухайлбал, Их хурал орон сууцны хөрөнгийг шийдэх, Засгийн газар орон сууцны бодлого хэрэгжүүлэх, Барилга хот байгуулалтын яам бодлогоо боловсруулаад түүнийг хэрэгжүүлэх асуудлыг хариуцна гээд үүргийг нь тодорхой болгож өгсөн. Манайд орон сууцыг хариуцах агентлаг гэж байхгүй. Манай яамны хоёрхон хүн үүнийг хариуцдаг. Тиймээс тусдаа орон сууцны бодлогыг хэрэгжүүлэх тусдаа агентлаг байгуулах ёстой гэж хуулийн төсөлд тусгасан. Мөн орон сууцны сан бүрдүүлнэ. Одоо бол улсын төсөвт жил бүр тодорхой хэмжээгээр орон сууцны зорилтот бүлгийн санг бүрдүүлэхээр заасан боловч хасагдсан. Мөн Орон сууцны засвар арчлалтын санг орон сууц болгон дээр байгуулахаар хуулийн төсөлд оруулсан. Иргэдээс хоёр хураамж авах юм байна гэсэн буруу ойлголт төрүүлээд байгаа. Хоёр хураамж авахгүй.

-СӨХ-г татан буулгаснаар иргэдийн авч байгаа үйлчилгээнд, төлж байгаа мөнгөнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэж ойлгож болох уу?

-Ямар ч өөрчлөлт орохгүй. Харин ч одоо төлдөг мөнгө нь багасна. Өндөр зэрэглэлтэй хорооллуудын СӨХ гэж их мөнгө авдаг. Тэд нэг талаараа бизнес хийж байгаа. Орон сууц бариад л СӨХ байгуулаад иргэдээс хураамж аваад иргэдийн мөнгөөр бизнес хийж байна гэсэн үг. Шинээр ашиглалтад орсон орон сууцанд засвар үйлчилгээ нээх  их шаардлагагүй. Тиймээс зохицуулах зөвлөл СӨХ-ны хураамжийг жигд тогтоохоор оруулсан.

-СӨХ одоо хийж байгаа ажлаа гэрээ байгуулж цааш үргэлжлүүлэн хийх юм байна. Тэгэхээр СӨХ-г татан буулгахын үр дүн юу байх вэ?

-Судалгаа явуулахад манай улсад 1056 СӨХ байдаг юм байна. Үүнээс 20-иодхон СӨХ л ажиллаж байна. Сүүлийн үед шинэ орон сууцны хорооллууд бариад өөрсдөө СӨХ байгуулаад дахиад ашиг олж, бизнес хийж байгаа. Мөн ШӨХТГ-т ирсэн өргөдлийн гуравны нэг нь СӨХ-той холбоотой гомдол байна. Тиймээс ШӨХТГ-аас СӨХ-ны асуудлыг эргэж харах хүсэлт тавьсан. Тиймээс энэ үндсэн дээр бид хуулийн төсөлд СӨХ-г татан буулгах санал оруулсан. Мөн СӨХ-ноос авсан хураамжийг СӨХ-ны удирдлага, хяналтгүй зарцуулж байгаа. Зардлын 30 орчим хувь нь зөвхөн удирдлагын зардалд явдаг юм билээ. СӨХ-ны Удирдах зөвлөл гэж байдаг юм байна. Тэнд хураамж төлдөг юм байна. Дээр нь СӨХ дундын өмчлөлийн өмчийг засдаггүй. Гэхдээ СӨХ яг одоо хийж байгаа гурван төрлийн ажлаа хийнэ. Гэхдээ илүү зардлыг санд төвлөрүүлье гэж байгаа юм.

-1056 СӨХ-д хэдэн хүн ажиллаж байна вэ. Эдгээр хүний ажлын байрыг яах вэ?

-Миний өргөн барьсан хуулийн төсөлд одоо СӨХ-нд ажиллаж байгаа бүх хүн ажиллана. Цэвэрлэгч нь цэвэрлэгээгээ, харуулна харуулаа хийнэ. СӨХ-ны харуул хамгаалалт мэргэжлийн байгууллага болсон.

-Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Тэгэхээр хаврын чуулганаар хэлэлцэн батлах уу?

-Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэн. Гэхдээ энэ хаврын чуулганаар хэлэлцэх эсэхийн дараалалд ороогүй. Яагаад гэвэл хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хуулиудыг хэлэлцэн батална. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын сүүлээр хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотой маш олон хууль батлах шаардлагатай байгаа учраас энэ хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй. Дараагийн  парламент хэлэлцэн батална.

 

Эх сурвалж: http://itoim.mn/


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (2)

2020-04-10 12:08   Dorj
Suuh yu ch hiideggui sar bur uchnuun tulbur avch , demjij bna yaraltai bol buur sain bna ,
2020-03-14 18:55   Zochin
SUUHIIG TATAN buulgah heregtei, zuv zuitei shiidver bn demjij bn
Шинэ мэдээ
Их уншсан