#2 Орон сууцны түрээсийн маргаан: ҮХХ зуучлалын компанийг шүүхэд өгсөн нь

"БЗД-ийн 26-р хорооны иргэн Э.З ийн нэхэмжлэлтэй Үл хөдлөх хөрөнгө зуучлалын "Б "  ХХК-д холбогдох 1,100,000 төгрөг гаргуулах иргэний хэрэг"

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан тайлбартаа БЗД дахь Энканто тауны 4 өрөө байрыг бусдад 12 сараас дээш удаан хугацаагаар түрээслэх сонирхолтой Б  компанитай зуучлалын гэрээ байгуулсан.  Тус үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани нь “нэг хүн дагуулж ирээд гэрээ хийчих, одоо зун болсон тул хүн сайн олдохгүй байна. Намраас байр хөлслөх хүн сайжирдаг тул энэ хүнд 3 сараар түр хугацаагаар түрээслүүлж байсан нь дээр” гэж зөвлөсний дагуу уг хүнд 3 сараар орон сууцаа хөлслүүлэх гэрээ байгуулан 1 сарын түрээсийн төлбөрийн талыг зуучилсны хөлс гэж тус компанийн ажилтан Ч.З  авсан.  Э.З нь гадаад улсад амьдардаг тул уг 3 сараар суух хүний хугацаа дуусахад дахин гэрээ хийж урт хугацаанд суух хүн олуулах шаардлагатай байсан тул өөрийн ээж болох Д.Б т итгэмжлэл хийж өгсөн. Уг итгэмжлэлийн дагуу Д.Б нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Б  компанитай  үл хөдлөх хөрөнгө зуучлалын  017/390 тоот гэрээг байгуулсан.

Дээрхи гэрээний дагуу тус компанийн ажилтан Ч.З  2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр З.Н гэх хүнийг дагуулан ирж “энэ хүн 1 жилийн хугацаанд танай байрыг хөлсөлнө” гэж хэлж гэрээ байгуулсан. Гэтэл уг хүн 1 жил биш 6 сараар байрыг хөлсөлсөн бөгөөд 6 сарын түрээсийн төлбөрийг түрээслүүлэгч нь авсан. Зуучлагч “Б” ХХК-тай байгуулсан зуучлалын гэрээний 4.1-т “1 жил хүртэл хугацаагаар түрээслэх бол сарын түрээсийн төлбөрийн 50 хувь, 1 жил болон түүнээс дээш хугацаагаар түрээслэх бол сарын түрээсийн төлбөрийн 80 хувийг зуучлалын хөлсөнд авна” гэж заасан.  Зуучлагч “БЭБ” ХХК нь 1 жилээс дээш хугацаагаар түрээслэх түрээслэгч олж өгсөн гэж түрээсийн төлбөрийн 80 хувь болох 2.200.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр түрээслүүлэгчээс авсан.

Гэтэл түрээслэгч З.Н нь тухайн байрыг 6 сар түрээслэж суугаад гарсан тул илүү төлсөн зуучлалын төлбөрөө авах талаарх хүсэлтийг “Б” ХХК-д 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр гаргасан. Тус компанийн захирал Б.Б болон зуучлагч Ч.З  нар өөр хөлслөх хүн үнэгүй олж өгье гэж амаар хэлсэн боловч энэ амлалтаа биелүүлээгүй тул зуучлалын төлбөрт илүү төлсөн төлбөрөө авахаар 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин хүсэлт гаргахад хариу өгөөгүй тул шүүхэд хандсан. Иймд зуучлалын хөлсөнд илүү төлсөн 1.100.000 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

“Б” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 017/390 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн зуучлал”-ын гэрээг иргэн Э.З тай байгуулсан. Зуучлалын гэрээний 1.1-т заасны дагуу “Иргэн Э.З-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Энканто таун, 2 дугаар ээлж, 207 дугаар байр, 2 дугаар орц, 42 тоотын 106.37 м.кв, 4 өрөө орон сууцыг хөлслөх этгээдтэй холбож өгөх, өөрөөр хэлбэл хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, хариуд нь зуучлуулагч нь гэрээний 4.1-т заасан хөлс төлөх үүрэг тус тус хүлээсэн. Уг үүргийн дагуу зуучлалын зүйл болох орон сууцыг хөлслүүлэх талаар манай байгууллага, зуучлагч Ч.З  дотоод сүлжээ бүхий сайтад зар байршуулах, бусад зар мэдээллийн хэрэгслээр зар байршуулах, байгууллагад байр хөлслөхөөр захиалга өгсөн иргэдэд мэдээлэл хүргэх зэргээр шуурхай ажилласаны үр дүнд зуучлалын гэрээ байгуулсан өдрөөс хойш 4 хоногийн дараа буюу 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хөлслөгч З.Н байрыг үзээд 1 жилийн хугацаагаар хөлслөх санал гаргасан.

Хөлслөх сонирхол бүхий З.Н саналыг зуучлуулагч талд танилцуулж холбож өгсөн бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр З.Н, Э.З нар нь орон сууц хөлслүүлэх гэрээг 1 жилийн хугацаатайгаар, 1 сарын 2.200.000 төгрөгөөр харилцан тохиролцож байгуулсан. Ингэснээр зуучлагч талын зуучлалын үүрэг дуусгавар болж зуучлуулагч Э.Зжаргал гэрээний 4.1-д заасан үүргийн дагуу 12 сар /334 хоног/-аас дээш хугацаагаар орон сууцаа хөлслүүлсэн тул 1 сарын төлбөр 2.200.000 төгрөгийн 80 хувь болох 2.000.000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 200.000 төгрөг, нийт 2.200.000 төгрөгийг зуучлалын хөлс болгож төлсөн.

Хэрэв 12 сар /334 хоног/ хүртэл хугацаанд буюу 11 сар /334 хоног/-аас доогуур хугацаанд орон сууцыг хөлслүүлэх гэрээ байгуулсан байсан бол 1 сарын төлбөрийн 50 хувь болох 1.250.000 төгрөгийг төлөх учиртай юм. Гэтэл 1 жил /365 хоног/-ийн хугацаагаар хөлслүүлэхээр хөлслөгч, хөлслүүлэгч нар гэрээ байгуулсан нь 12 сар /334 хоног/-оос дээш хугацаа байх тул манай байгууллагын нэхэмжилж авсан үйлчилгээний хөлс үндэслэлтэй, хууль ёсны юм. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” хэмээн заасны дагуу З.Н , Э.Зжаргал нар нь орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулсанаар зуучлалын үүрэг дуусгавар болсон юм.

Улмаар З.Н, Э.Зжаргал нарын хооронд үүссэн орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний үүрэг биелүүлээгүй буюу гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгож, орон сууцыг хөлслөхийг больсон гэх асуудал нь орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний 2 тал З.Н, Э.З  нарын хооронд шийдэгдэх асуудал юм. Энэ гэрээнд манай зуучлалын байгууллага, зуучлагч ямар нэгэн хариуцлага хүлээхээр оролцоогүй, хөлслөгч З.Н 1 жилийн хугацаанд тасралтгүй байлгах үүрэг хүлээгээгүй байтал манай буруутай үйлдлээс орон сууц хөлслөх, хөлслүүлэх харилцаа дуусгавар болсон мэт буруутган зуучлалын хөлсөнд илүү төлсөн гэж 1.100.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч  Э.З нь хариуцагч “Б ” ХХК-д холбогдуулан зуучлалын хөлсөнд илүү төлсөн 1.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

...Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болгон гарын үсгээ зурж, байгууллагын тамга даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн болно.

... Э.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь иргэн З.Н тэй 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг мөн өдрөөс нь 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар, 1 сарын 2.750.000 төгрөгөөр хөлслүүлэх гэрээг байгуулан гэрээнд хөлслүүлэгч Д.Б, хөлслөгч З.Н нар хэн аль нь гарын үсгээ зуран баталгаажуулсан ба уг гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болгон гарын үсгээ зурж баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

... Э.З болон зуучлагч компанийн хооронд байгуулагдсан гэрээний 8 дугаар зүйлийн 8 8.3-т “энэхүү зуучлалын гэрээ нь зуучлуулагч, түрээслэгч талуудын хооронд түрээслэх, түрээслүүлэх гэрээ хийгдсэнээр зуучлагчийн зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэнд тооцож, дуусгавар болно” гэж заасны дагуу зуучлалын компанийн зуучлалын үүрэг дуусгавар болсон байна.

 З.Н нь Э.З- ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 Их Монгол Улсын гудамж, 207 дугаар байр, 42 тоот хаягт байршилтай, 106.37 м.кв талбайтай, 4 өрөө бүхий, эрхийн улсын бүртгэлийн Y-..............  дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд хөлслөн, орон сууцыг хөлслүүлэгч талд хүлээлгэн өгчээ.

Э.З-ийн өмчлөлийн орон сууцыг иргэн З.Н 1 жилийн хугацаатай хөлслөх гэрээг байгуулсан нь Э.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б тай түүний байгуулсан орон сууц хөлслөх гэрээгээр тогтоогдсон ба тэрээр орон сууцыг 1 жилийн хугацаатай хөлслөх гэрээг байгуулсан талаараа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрчийн мэдүүлэгтээ мэдүүлсэнээс гадна гэрч Б.Эийн мэдүүлгээр энэ байдал мөн тогтоогдсон болно.  Нэгэнт зуучлагч компанийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон тул мөн гэрээний 4.1-т “Зуучлагч нар нь зуучлуулагчийг зуучлуулагчийн үл хөдлөх эд хөрөнгийг, 12 сар /334 хоног/, хүртэл хугацаанд түрээслэх, түрээслэгчтэй холбон зуучилж өгсөн бол 1 сарын түрээсийн төлбөрийн үнийн дүнгээс  50 хувь болох 1.250.000 төгрөг, 12 /334 хоног/ сараас дээш хугацаанд түрээслэх, түрээслэгчтэй холбон зуучилж өгсөн бол 1 сарын түрээсийн төлбөрийн үнийн дүнгээс 80 хувь болох 2.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцов” гэж заасны дагуу зуучлуулагч нь зуучлалын хөлс 2.200.000 төгрөгийг төлсөн талаар талууд хэн аль нь маргахгүй байна.  Тухайн орон сууцыг хөлслөх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан этгээд дурьдсан хугацаанаас өмнө орон сууцыг хүлээлгэн өгсөн нь зуучлалын компанийг зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээгээ зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд хариуцагч “Б ” ХХК-д холбогдох 1.100.000 төгрөг гаргуулах тухай Э.З-ийн хуулбар хувь 2019-12-28 -нд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв гэжээ

Эх сурвалж: shuukh.mn

 

naranmandakh.purev
Сэтгүүлч: П.НАРАНМАНДАХ


Сэтгэгдэл бичих

Илгээх
Бусад
Их уншсан