"/> "/>

Цахилгаан халаагуур авах, байшингаа дулаалах иргэдэд ХасБанк 8%-ийн хүүтэй зээл олгож байна

ХасБанк НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын ногоон сан, МУ-ын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамтай хамтран “Ногоон санхүүжилтийн чуулган”-ыг 2019 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдөр Туушин зочид буудалд 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

“Эко дулааны шийдлийг Бид дэмжинэ” уриатай энэ удаагийн чуулганы гол зорилго нь эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур худалдан авах, байшингаа технологийн дагуу дулаалахаар сонирхож буй иргэдийг дээрх төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэгчидтэй холбож өгөх, аль аль талын санхүүгийн асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар мэдээлэл өгөхөд оршиж байсан бөгөөд эцсийн дүндээ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах нэгдмэл зорилгод чиглэж байв.

ХасБанкны зүгээс БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэмжлэгтэйгээр иргэдэд олгож буй Эко хэрэглээний зээлээ танилцуулсан. Тус зээлд хамрагдсанаар та эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур худалдан авч, суурьлуулах эсвэл байшингаа дулаалахад зориулж 20 сая хүртэлх төгрөгийг жилийн 8%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай авах боломжтой.

Мөн Чуулганд БОАЖЯ, Эрчим хүчний зохицуулах хорооноос төлөөлөгчид оролцож төрөөс үзүүлж буй дэмжлэг, татвар болон тарифын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар илтгэл тавьсан бол ЖЭРЭС олон улсын ТББ-аас байшингаа дулаалах иргэд болон дулаалгын материал нийлүүлэгчид, барилгын мэргэжлийн бригад, санхүүгийн шийдлийг холбох зорилготой “Дулаан шийдэл төсөл”-ийн талаар танилцууллаа.

ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав чуулганыг хааж хэлсэн үгэндээ

“Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор бидний эхлүүлсэн Эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээний зээлийн хөтөлбөрийг дэмжин гэр хорооллын айл өрхүүдэд зориулан олгох халаагуур, дулаалгын зээлийн хүүгийн зардлыг татаасаар хөнгөлж хамтрн ажиллаж буй Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яаманд талархлаа илэрхийлье. Цаашлаад ХасБанкаас аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад  олгох ногоон зээлийн хүүг хөнгөлж хамтран ажиллах болсныг энэ ташрамд дуулгахад таатай байна. Цаашид ч бид олон төсөл, хөтөлбөр дээр хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.” хэмээн онцолсон юм.

Энэ удаагийн чуулганы үеэр үзэсгэлэн худалдаа давхар зохион байгуулагдсанаараа онцлог бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуурын худалдаа эрхлэгчид болон эко дулаалгын материал үйлдвэрлэгч, нийлүүлэгч 30 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцон, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хоёр өдрийн турш танилцуулсан юм.

 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан