"/> "/>

Б.Сүхбаатар: Энгийн түрээсийн орон сууцын метр квадратын үнэ 6,000 орчим төгрөг байна

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журмыг хэлэлцүүлж баталсан юм. Тус журмыг батлахдаа “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журам” болгож нэрийг нь өөрчлөв.

Энэ талаар нийслэлийн Орон сууцны корпорацын захирал Б.Сүхбаатараас тодрууллаа.

-Хотын дарга Э.Бат-Үүлийн баталсан “Төрийн өмчийн түрээсийн орон сууцад иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг яагаад өөрчилсөн юм бэ?

-Түрээсийн орон сууцыг өмнө нь өмчилж авах боломжгүй байсан бол одоо өмчилж авах боломжтой болсон гэх мэтээр түрээсийн орон сууц нь одоо арай олон хэлбэртэй болж байна.

Үүнтэй холбоотойгоор журмыг арай өөр болгох шаардлагатай болсон. Нөгөө талаар өмнөх журамд агаар, хөрсний бохидлыг бууруулах чиглэлд огт заалт байгаагүй. Энэ асуудалд өмнөх Засгийн шийдвэрийг өөрчиллөө гэж ойлгож болохгүй. Дараа дараачийнх нь ажиллах хүмүүс ч тухайн үеийн нөхцөл байдалдаа тааруулаад энэ журмыг сайжруулаад өөрчилж явах байх гэж бодож байна.

-Түрээсийн орон сууцад бүртгүүлэх иргэдийн материалыг энэ сарын 22-нд хүлээж авна гэсэн шүү дээ. Тэгвэл тухайн орон сууцын халаалт, дулааны асуудал шийдэгдсэн байгаа юу?

-Одоогоор улсын комисс хараахан хүлээж аваагүй байна. Барилга хот байгуулалтын яам удахгүй шийдэх байх. Бидэнд халаалтын асуудал шийдэгдэж байгаа гэсэн мэдээлэл ирсэн.

-Түрээсийн орон сууцын хүүг бууруулах тал дээр Монгол Улсын хөгжлийн банканд санал хүргүүлсэн гэж та өмнө хэлж байсан. Энэ асуудал шийдэгдсэн үү?

-Монгол Улсын Хөгжлийн банк Зээлийн хороогоороо хэлэлцэж хүүгийн асуудлыг шийддэг. Тус хорооны хурал ойрын хугацаанд болно гэсэн мэдээлэл өгсөн.

-Өнөөдөр батлагдсан журам дээр энэ тухай тодорхой заасан. Өрх толгойлсон эцэг, эх гэхэд хамгийн олон хүүхэдтэй өрхийг хамруулна. Хэрвээ адилхан тооны олон хүүхэдтэй айл байвал хүүхдүүдийн нас, амьдарч байгаа бүс, нийгмийн даатгалын төлөлтийг нь харгалзаж үзэх маягаар олон шалгуурууд тавигдсан.

-Тэгвэл журмаа хэзээ иргэдэд танилцуулах вэ?

-Удахгүй танилцуулаад эхэлнэ. Иргэдийн ямар материал бүрдүүлэх, бүртгэл хэд хоног, хэрхэн явагдах талаар удахгүй тодорхой мэдээлэл өгнө. Бид одоохондоо хүүгээ тохироогүй, эргэн төлөлтийн хуваариа тодорхой болгоогүй байна.

Өнөөдөр НИТХ-ээр батлагдсан энэ журам маань одоо нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд шилжчихлээ. Дараа нь албан ёсоор гэрээгээ хийж шилжүүлээд авах ёстой. Үүний дараа энэ талаарх мэдээллийг олон нийтэд зарлана.

-Үнийн хувьд ямар байх вэ?

- Квадрат метрээсээ шалтгаалаад янз бүр. Барилга хот байгуулалтын яамны батласан журмын дагуу өнөөдрийн байдлаар энгийн түрээсийн орон сууцын метр квадратын үнэ 6,000 орчим төгрөг байна.

Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцын түрээсийн төлбөр хамгийн доод тал нь 130- 380 мянга орчим төгрөгийн үнэтэй байгаа байх. Ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд арай үнэ нь бага байх хэрэгтэй гэж үзэж байна. Бид үнийг нь бууруулах тал дээр яаманд санал хүргүүлсэн.

-Өмчлөх хүсэлтэй иргэд яг таван жилийнхээ хугацаанд орон сууцаа өмчлөөд авч чадах уу?

-Бүрэн дүүрэн боломжтой. Ялангуяа түрээсийн орон сууцыг өмчлөх хэлбэр нь иргэдийн дунд нэлээд эрэлт хэрэгцээтэй байна.

Учир нь ипотекийн зээлийг бол иргэд урт хугацаанд төлдөг. Эргээд харахад төлсөн мөнгө нь нэлээд өндөр байдаг.

Харин түрээсийн орон сууцыг таван жилийн дотор өмчлөх хэлбэр нь энэ байдлыг арай хөнгөвчилж, богино хугацаанд бага хүү төлөөд өмчлөх бололцоотой юм.

-Ингэхээр түрээсийн орон сууцыг өмчилж авах хүсэлтэй зорилтот бүлгийн иргэд сард сая гаруй төгрөг төлөх шаардлагатай болж байна гэсэн үг үү?

-Өмчилж авах хүсэлтэй иргэдийн хувьд бол тийм. Гэхдээ урьдчилгаа хэдэн төгрөг төлснөөс шалтгаалан сард төлөх төлбөр нь янз бүр болно гэсэн үг.

Мэдээж метр квадратаа 6,000 төгрөгөөр түрээслээд тухайн орон сууцыг өмчлөх боломжгүйшүү дээ. Тиймээс бид эхнээс нь энэ системийг зөв болгож өгөх ёстой.

-Журамд зорилтот бүлгийн, гачигдалт бүлгийн иргэд хамруулна гэж заасан байсан. Тухайн иргэд өмчилж авах тохиолдолд төлбөрийн асуудал хүндрэлтэй юм биш үү?

-Бүх юмыг үнэгүй өгөх юм бол энэ улс, эх орон цаашдаа хөгжихгүй шүү дээ. Энгийн хоёр өрөө байрыг зах зээлд 500-700 мянган төгрөгөөр түрээсэлж байна. Харин тухайн иргэд маань түрээсийн орон сууцад хамрагдсанаар зах зээлийн орон сууц түрээсийн үнийн бараг тал үнээр нь л тухайн түрээслэн амьдрах боломжтой гэсэн үг.

Байр худалдаж авах сонирхолгүй, бага өртгөөр орон сууц түрээсэлж амьдрах сонирхолтой иргэд олон байна. Тэд нарт л зориулж түрээслэх хэлбэрээр явуулж байна.

Зах зээлийн үнээс хамаагүй багаар түрээслэнэ гэдэг нь иргэдэд халамжийн үйлчилгээг үзүүлж буй нэг хэлбэр гэж ойлгож болно.

-Тэгвэл өмчилж авахгүй, түрээсэлж амьдрах хүсэлтэй иргэд түрээсийн мөнгөө өгч л байвал цаашдаа хүссэн хугацаагаараа түрээслээд амьдрах боломжтой юм уу?

- Найман төрлийн иргэдийг хамруулна гэж журамд заасан. Харин өмчлөхгүй, түрээслэх гэрээ гурван жил тутам шинэчлэгдэнэ. Тиймээс цаашид түрээсэлж амьдрах сонирхолтой иргэд журмынхаа дагуу л гэрээгээ сунгаад явж болно гэсэн үг.

- Яг одоо багш нар гадаа түрээсийн орон сууцнаас 300 квот гаргаж өгөхийг шаардан жагсаж байна. Өмнө нь ч бас энэ шаардлагын улмаас жагссан. Тэгвэл багш нарт түрээсийн орон сууцнаас хүссэнээр нь гаргаж өгөх боломжтой юу. Энэ тал дээр та мэдээлэл өгөхгүй юу?

-  Зөвхөн багш нар эсвэл ямар нэг мэргэжлийн хүмүүс арай давуу эрхтэй гэсэн зүйл байхгүй. Иргэд маш олон төрлөөр түрээсийн орон сууцад хамрагдах боломж нь нээлттэй.

Тухайлбал, залуу гэр бүл багш байвал журмын дагуу залуу "Гэр бүл" гэсэн заалтад орно. Эсвэл өрх толгойлсон багш, эсвэл тухайн багшийн гэр бүл хувиараа бизнес эрхэлдэг бол "Хувиараа бизнес эрхлэгчид" гэсэн заалтад бас л орох боломжтой.

"Төрийн балбан хаагч" гэсэн заалт дотор ч багш нар орж байгаа шүү дээ. Ийм байхад багш нар шууд л 300 орон сууцыг гаргаж өг гэх нь буруу үйлдэл гэж харж байна.

Хэрвээ багш нарт гаргаад өгчих юм бол маргааш эмч, цагдаа эсвэл сэтгүүлч гээд өөр бусад ч бас жагсах эрхтэй биз дээ.

Тийм учраас л бид журамд найман төрлийн иргэд гэж тодорхой зааж, бүх бололцоо нөхцөлөөр хангасан. Магадгүй багш хэрнээ хөгжлийн бэрхшээлтэй иргэн байвал орох магадлал нь асар өндөр болж ирнэ.

Тэрнээс багш нарыг оруулахгүй гэж хэн ч хэлээгүй. Багш нар орох бүрэн боломжтой.

-Сая хурлаар 300-аад айлын газрыг чөлөөлөх асуудлыг ярилаа. Байршлын хувьд хаана юм бэ?

- Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх нь нэгдүгээрт биш, харин Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг л нэн тэргүүнд бууруулах шаардлагатай.

Бид газар чөлөөлөлтөөр агаар хөрсний бохирдлыг бууруулж, эргүүлээд энэ орон сууцынхаа хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор ажиллах ёстой. Тийм учраас 972 айлын орон сууцын 40 хувийг нь газар чөлөөлөлөх хэлбэрээр олгоно.  

Баянхошуу, Сэлбэ, Толгойт, Шар хад, Дэнжийн 1000 гэх мэт Улаанбаатар хотод баригдаж буй зургаан дэд төвийн хүрээнд “Орлогод нийцэх ногоон орон сууц”-ын төсөл хэрэгжихээр болсон. Энэ төслийн хүрээнд чөлөөлөлт хийх бүрэн боломжтой.

Мэдээж газар чөлөөлөлт рүү орохыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар зөвшөөрч буй тохиолдолд нийслэлийн Засаг даргаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдаж, магадгүй энэ асуудалд чиглэл өгөх байх. Ингэхдээ нэг хоёроор, энд тэнд биш, доод тал нь 50-100 өрхийн газрыг нэг дор чөлөөлнө. Харин тэр газраа хороолол, хотхоны зохион байгуулалтаар байгуулж, орон сууцын хөтөлбөрт багтаах ёстой. Ингэхдээ сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж гэх мэтийг цогцоор нь төлөвлөж байж зөв шийдэл болно гэж харж байгаа.

972 айлын орон сууцыг зорилтот бүлгийн иргэдэд түрээслэхэд 30%, түрээслээд өмчлөхөд 30%, газар чөлөөлөлтөд 40 хувийг тус тус олгохооор төлөвлөжээ.

“Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журам”-д зааснаар иргэдийг дараах ангиллын дагуу сонгон шалгаруулж, хуваарилах аж.

  1. Залуу гэр бүл буюу гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөр- 20%
  2. Төрийн албан хаагч- 25 %
  3. Хувийн байгууллагад ажиллагч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч- 20%
  4. 18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл- 5%
  5. Өрх толгойлсон эцэг, эх- 5%
  6. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан- 15%
  7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл- 5%
  8. Гамшигт, аюулт үзэгдлийг улмаас орон гэргүй болсон иргэн- 5%

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох түрээсийн орон сууцуудыг дараах байдлаар хуваарилна.

  1. Харааны бэрхшээлтэй-1%
  2. Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй-1%
  3. Хөдлөх, тулах эрхтний бэрхшээлтэй-1%
  4. Оюун сэтгэцийн бэрхшээлтэй-1%
  5. Бусад-1%

 

Эх сурвалж: www.ikon.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (2)

2019-07-20 00:50   purebsuren
sain bna uu.bi 2 tulguur.nuruunii hogjiliin berhsheeltei ouytan huuhedtei ahmad nastan hun bnaa. yaj burtguuleh talaar todorhoi medeelel ogooch. odoo tureesiin bair holslon suudag. ouytanii dotuur bairand suuhad mash ih berhsheeltei baidag umaa.
2019-07-04 23:13   otgonbayar
hel yrianii berhsheeltei hunii halamjlagch ni bn aa burtgvvlwel ymar matrial burduuleh be
Шинэ мэдээ
Их уншсан