"/> "/>

"Хүнсний 20"-ын нүхэн гарц 31 жилийн дараа шинэчлэгдлээ

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, "Хүнсний 20"-ын урд талын нүхэн гарцыг шинэчлэх ажил 2019 оны дөрөвдүгээр сарын 25-наас эхэлсэн юм. Бүтээн байгуулалтын ажлыг “Элит констракшн” ХХК хийж гүйцэтгэн, өчигдөр дуусгасан байна.

Шатны орц гарцад шинэ бүхээг хийж, нүхэн гарцын дотоод хэсгийн ус зайлуулах шүүрт худаг, трапыг шинэчлэн, шахуурга суурилуулжээ. Мөн дээврийн ус нэвчилтийг зогсоон, цахилгааны монтажийг иж бүрэн шинэчлэн, дөрвөн камер байрлуулсан ба шат болон дотор ханыг иж бүрэн тохижуулсан байна. Энэхүү шинэчлэлийн ажилд 130 орчим сая төгрөг зарцуулжээ.

Цаашид камерийн хяналтыг 24 цагаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын зохицуулах төвөөс хянах аж.

Анх 1988 онд Авто замын ерөнхий газрын харьяа Гүүр барилгын контор энэхүү нүхэн гарцыг барьж байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл засвар үйлчилгээ огт хийгээгүй, таазнаас нь ус шүүрдэг, ус зайлуулах худгийн шахуурга ажиллагаагүй болсон, оройн цагаар зорчих хэсэг гэрэлтүүлэггүй байв.

 Улаанбаатар хотод зам дагуух нүхэн гарц гурав байдаг бөгөөд үлдсэн хоёрыг нь ч засварлах судалгаа хийнэ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр "2015 онд уг нүхэн гарцыг Сүхбаатар дүүргийн Тамгын газарт 870 гаруй мянган төгрөгийн өртөг бүхий үндсэн хөрөнгөөр шилжүүлсэн. Гэвч ашиг, орлого байхгүйн улмаас зардлаа дийлэхгүй байна гээд эзэнгүй хаясан. Үүнээс ч өмнө 1990-ээд оноос хувь хүмүүс энд ямар нэг зөвшөөрөлгүйгээр худалдаа үйлчилгээ явуулах болсон юм.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер, хөрөнгө оруулсан "Элит" констракшн гурвын гурвалсан гэрээний үндсэн дээр ашиглалт засвар үйлчилгээг нь хамтран хариуцна.

Гадна болон дотор талын зар сурталчилгааны орлогоор цэвэрлэгээ үйлчилгээг зохицуулна. Өмнөх шиг худалдаа үйлчилгээний мухлаг, хувь хүмүүсийн наймаа хийх газар байхгүй.  Зөвхөн хүн зорчих зориулалттай. Улаанбаатар хотод зам дагуух нүхэн гарц гурав байдаг бөгөөд үлдсэн хоёрыг нь ч мөн засварлах судалгаа хийнэ” гэлээ.

 


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (1)

2019-06-27 14:46   Иргэн
Гүйцэтгэл муу байна лээ. Хотын төвд гэхэд арай л уу
Шинэ мэдээ
Их уншсан