"/> "/>

Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн 10 жилийн ой, “МОНГОЛЫН БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ” амжилттай болж өнгөрлөө

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци нь 2009 онд үүсгэн байгуулагдаж, барилгын салбарт сайн засаглалыг бий болгоход төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийхэд нөлөөлөх, гишүүдийн чадавхыг сайжруулж барилгын зах зээлийн тогтвортой өсөлтийг хангахад хувь нэмрээ оруулах эрхэм зорилготойгоор амжилттай ажилласан бөгөөд энэ жил 10 жилийн ойгоо барилга, хот байгуулалтын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 160 гаруй гишүүн компаниудын хамтаар угтаж байна.

Ассоциаци нь түүхт 10 жилийн ойн хүрээндээ “МОНГОЛЫН БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ”-ыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Шангри Ла зочид буудалд зохион байгууллаа

ORONSUUTS.COM

Монгол Улсын барилга, бүтээн байгуулалтын салбарын ирээдүйн хөгжлийг дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн тодорхойлох, сайн туршлагаа хуваалцах, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, шийдлийг эрэлхийлэх зорилго бүхий тус форумыг МБҮА-ийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд нээж хэлсэн үгэндээ:

“Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай МБҮА-ийн гишүүн байгууллагууд өөрсдөө болон хамтран ажиллагч гэрээт, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч байгууллагуудтайгаа хамтран нийт 30,000 гаруй ажлын байрыг бий болгож, Монгол Улсад өнөөдөр хийгдэж байгаа нийт бүтээн байгуулалтын 80 орчим хувийг хийж гүйцэтгэж байгаад бид бахархаж байна.

МБҮА нь гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлж, олон шинэлэг ажлуудыг хийж гүйцэтгэсний дотор БХБЯ-аас зарласан төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх сонгон шалгаруулалтад салбарын төрийн бус байгууллагуудтай хамтран Консорциум байгуулан оролцож “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох урьдчилсан дүгнэлт гаргах” ажлыг БХБЯ-тай гэрээ байгуулан 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Бид энэ ажлыг гүйцэтгэсэн эхний жилдээ үйл ажиллагааг иргэдэд ил тод нээлттэй, түргэн шуурхай болгох чиглэлээр голлон анхаарч ажилласан. Үүний үр дүнд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудлаар урьдчилсан дүгнэлт гаргах Ажлын хэсгийн хурал тогтмолжиж аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийг ажлын 2-5 хоногийн дотор багтаан шийдвэрлэдэг болсон” хэмээн тодотгов.

“МОНГОЛЫН БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ”-д БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Ази ба Баруун Номхон Далайн Орнуудын Гэрээлэгчдийн Ассоциациудын Олон Улсын Нийгэмлэг (IFAWPCA)-ийн Ерөнхийлөгч Мохамед Али Жанна нар нээлтийн мэндчилгээг форумд оролцсон барилга, бүтээн байгуулалтын салбарын төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагууд, компаниудын 200 гаруй төлөөллүүдэд хүргэлээ.

ORONSUUTS.COM

Форумаар Барилга, бүтээн байгуулалтын хөгжлийн чиг хандлага, Үл хөдлөх хөрөнгийн хөгжлийн чиг хандлага, ногоон барилга, Барилгын салбарын инноваци, шинэ дэвшилтэт технологи зэрэг сэдвүүдийг хөндөн хэлэлцсэн бөгөөд “Төрөөс барилгын салбарт баримтлах бодлого”, “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дагасан аж үйлдвэрлэл, хот байгуулалтын боломж”, “Үл хөдлөхийн салбарт технологийн үзүүлэх нөлөөлөл”, “Барилгын салбарын ногоон хөгжил”, “Барилгын салбарын цахим хувьсгал”, “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх нь” зэрэг илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнүүлэн, тодорхой шийдлүүдийг гаргалаа.Түүнчлэн, тус форумын турш Ассоциацийн гишүүн аж ахуйн нэгж, байгууллагууд, компаниуд, хэрэгжүүлж буй төслийн үзэсгэлэнг зохион байгуулж, форумын оролцогчдод өөрсдийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтаа сурталчлан танилцууллаа.

ORONSUUTS.COM

Үүний зэрэгцээгээр МБҮА нь 10 жилийн ойн хүрээндээ оюутнуудыг дэмжих, барилгын салбарт нэвтрүүлэх шинэ санаа, дэвшилтэт технологийн шийдлийн төслүүдийг илрүүлж, тэдгээрт хөрөнгө оруулах, ажил олгогч, суралцагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “ШИЙДЛИЙГ САНААЧЛАГЧИД” тэмцээн-уралдааныг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.

МУИС-ийн Бизнесийн Сургууль, ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль, Хөдөө, Аж Ахуйн Их Сургууль, Их Засаг Олон Улсын Их Сургууль, Монголын Үндэсний Их Сургууль, Техник Технологийн Дээд Сургуультай хамтран зохион байгуулж буй тус тэмцээний 1 дүгээр шатны шалгаруулалт 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдаж, тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнээр МБҮА-ийн УЗГ, Монгол Базальт ХК-ийн ТУЗ-ын Дарга  Л.Ариунболд, УЗГ, Ультрасоник ХХК-ийн Ерөнхий захирал Б.Чимэгцэцэг, УЗГ, Ти энд Жи ХХК-ийн Ерөнхий захирал Н.Цогтоо, МУИС-ийн Бизнесийн Сургуулийн Захирал Др.Проф. Ч.Энхбаяр, ШУТИС БАС-ийн Захирал Др.Дэд проф. Э.Нинжгарав нар ажилласан болно.

Тэмцээнд ШУТИС, МУИС, ХААИС, ТТДС, ИЗОУИС, Хүрээ МХТДС зэрэг сургуулиудын 120 гаруй оюутны 34 багууд Үйлдвэрлэлд нэвтрүүлэх шинэ санаа шийдлээ танилцуулснаар 15 баг дараагийн шатанд оролцохоор шалгарч, тэмцээн-уралдааны сүүлийн шалгаруулалт хүртэлх 14 хоногийн хугацаанд МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш нараас бүрдсэн зөвлөх багш дасгалжуулагч нарын тусламжтайгаар өөрийн бизнесийн санаа шийдлүүдээ сайжруулан хөгжүүлэхээр боллоо.

ORONSUUTS.COM

Оюутан залуусыг дэмжих “ШИЙДЛИЙГ САНААЧЛАГЧИД” тэмцээн-уралдааны сүүлийн шалгаруулалт 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр МУИС-ийн Номын сангийн байранд зохион байгуулагдаж, шилдгээр шалгарсан 3 багт мөнгөн шагнал гардуулахын зэрэгцээ, идэвх санаачилгаараа тэргүүлсэн зарим оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох, ажлын байраар хангах зэрэг дэмжлэг урамшууллыг олгох юм.

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци нь “Хөгжлийг Бүтээлцсэн 10 Жил” уриатайгаар 10 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж, ирээдүйн 10 жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэн батлах Бүх гишүүдийн ээлжит чуулганаа ирэх 5 дугаар сард зохион байгуулахаар ажиллаж байна.

 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан