"/> "/>

А.Батбаяр: 2019 онд 5.6 мянган га газрыг иргэдэд үнэ төлбөргүйгээр өмчлүүлнэ

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, 2018 оны газрын нэгдмэл сангийн тайлангаас танилцуулахын зэрэгцээ , энэ онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээллээ. 

Тус газрын орлогч дарга А.Батбаяр "2019 оныг манай агентлагаас Иргэн төвтэй ил тод, ухаалаг газрын харилцааны жил болгон зарласан. Тиймээс газартай холбоотой мэдээллийг ил тод болгох, хүнээс үл хамаарсан газрын харилцааны бүртгэл, хэмжил зүйн ажлыг цахимжуулж, ухаалаг болгохоор зорьж байна. Түүнчлэн энэ жил газрын харилцааны ажилтны өдрүүдийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд эрдэм шинжилгээний хурал, салбарын зөвлөгөөнийг хийхээр төлөвлөсөн. Мөн тавдугаар сарын 3-нд газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэхээр болоод байна" гэв. 

КАДАСТРЫН МЭДЭЭЛЛИЙГ САНГ НЭЭЛТТЭЙ БОЛГОНО

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр "Улсын бүртгэлийн тухай хууль, эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн дагуу газар эзэмших, ашиглах эрхийг заавал улсын бүртгэлд бүртгүүлдэг болсон. Иргэнийг улсын бүртгэл, газрын алба хоёрын хооронд явуулахгүйгээр ХУР системээр холбогдон цахимаар мэдээллээ солилцдог болсон. Энэхүү системийн гол дэвшлийн нэг нь тоон гарын үсгийг ашиглах болсон явдал. Мөн хурууны хээг уншуулдаг болсноор бүртгэлийн ажилтан бүх мэдээллээ шивж суухаа больсон" хэмээлээ. 

Монгол Улсын үндэсний газрын кадастрын бүртгэлийн системийг арваннэгдүгээр сар гэхэд бүрэн ажиллуулна. 

Мөн иргэд ДАН системээр нэвтэрч өөртэйгөө холбоотой газрын өмчлөлийн мэдээллийг авахаас гадна өргөдөл гаргасан бол ямар албан тушаалтанд очсон, хаана удааширч буйг ч мэдээллийг авах боломжтой байгаа аж.

2019 ОНД 5.6 МЯНГАН ГА ГАЗРЫГ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨМЧЛҮҮЛНЭ

Хэвлэлийн хурлын үеэр Газрын нэгдмэл сангийн зарим тоон мэдээллийг танилцууллаа.

Газрын нэгдмэл сангийн тайлан: 

  • 2018 оны жилийн эцсийн байдлаар 1,091,873 газар өмчлөгч, эзэмшигч нар 6.9 га газрыг иргэн, аж ахуй байгууллагын зориулалтаар өмчилж, ашиглаж байна. 
  • Өнгөрсөн онд нийт 51 тэрбум 616 сая төгрөгийн газрын төлбөрийн орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэв. 
  • Газрын төлбөрийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 1998 оноос 2018 оны хугацаанд нийт 530 тэрбум 681 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлж ажиллажээ. 
  • 2018 онд 1,179 дуудлага худалдаа зарласнаас 711 нь хүчинтэй болж, 7.6 мянган га газрыг иргэн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн.
  • 2017 онд 4.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бол 2018  онд 8.6 тэрбум төгрөгийг газрын дуудлага худалдаанаас олсон. 
  • 2018 оны жилийн эцсийн байдлаар нийт хүн амын 19.4 хувь нь газраа өмчилж авсан байна. 

Харин 2019 онд 5.6 мянган га газрыг иргэнд үнэ төлбөргүйгээр, 24.5 га газрыг аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөжээ. 

 

Эх сурвалж: www.ikon.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан