"/> "/>

Орон сууцны мкв-ийг хэрхэн тооцох вэ?

- ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ДОТОРХ СУУЦНЫ ТАЛБАЙ ТООЦОХ АРГАЧЛАЛ /MNS 6058:2009/ -

Сүүлийн жилүүдэд хувийн хөрөнгө оруулалтаар нийтийн зориулалттай орон сууцны барилгууд олноор баригдаж, худалдан борлуулах орон сууцны талбайн хэмжээг өөр өөрөөр тогтоож байгаагаас иргэн, аж ахуйн нэгжийн хооронд үл ойлголцох байдал үүсээд байгаа. Тиймээс орон сууцны мкв-ийг тооцоолох аргачлалыг Барилга хот байгуулалтын яамнаас хүргэж байна.

Энэхүү аргачлалыг 2009-ыг 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлж, орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжээг тодорхойлоход хэрэглэж байгаа аж.

Нэр томъёо:

Сууцны зориулалттай талбай - дангаар өмчлөх сууцны зориулалттай хэсэг (зочны, унтлагын, хүүхдийн, ажлын г.м.)-ийн талбай хамаарна.

Сууцны бус зориулалттай талбай - дангаар өмчлөх сууцны бус зориулалттай хэсэг (гал тогооны, хооллох өрөө, ариун цэврийн болон угаалгын өрөө, өрөө хоорондын хонгил, агуулах, ханын шүүгээ (хувцасны)-ийн талбайг тооцно.

Сууцны бус зориулалттай туслах талбай - лоож, тагт, террас, веранд гэх мэт бие даан орших чадваргүй сууцны барилгын туслах бүтээцийн талбай хамаарна.

Сууцны нийт талбай - сууцны зориулалттай талбай, сууцны бус зориулалттай талбай болон туслах талбайн нийлбэр байна. Гэхдээ лоджийн талбайг 0,5; тагт, террасын талбайг 0,3 гэсэн илтгэлцүүрээр бууруулан тооцно.

Лоож - барилгын гадна ханаас илүү гараагүй гурван талдаа ханатай, хучилттай ил тасалгааг;

Тагт - барилгын гадна ханаас илүү гарсан, консоль буюу баганан тулаастай, 2-3 талаараа хайс, хашлагатай тавцанг;

Террас - барилгад залгаж барьсан, эргэн тойрондоо хайс, хашлагатай, (дээвэртэй байж болно), доод давхрын дээвэр дээр буюу газраас дээш нэг буюу хэдэн гишгүүрийн дээр байрласан том хэмжээний задгай талбайг;

Веранд - барилгын үндсэн дээвэрт багтсан буюу барилгад залган барьсан дээвэртэй, хоёр болон гурван талыг нь шиллэсэн халаалтгүй тасалгааг;

Агуулах - эд зүйлс хадгалахад зориулагдсан тасалгааг хэлнэ.

Хэмжилт хийх:

  • Орон сууцны барилгын доторх сууцны өрөө тасалгааны хэмжилтийн цэгийг хашлага хана, хамар ханын өнгөлгөө засал хийгдсэн дотор гадаргуугаас авна.
  • Хэмжилт хийх цэгийг шалны түвшнээс дээш (1,2±0,2) м-т, өрөөний 2 урт талын болон 2 богино талын 1/6 болон 5/6-д тэгш хэмд 2 цэгийг сонгоно.
  • Тэгш өнцөгт бус хэлбэртэй өрөө, тасалгааг геометрийн хэсгүүдэд /дөрвөлжин гурвалжин, дугуй, зуйван гэх мэт/ хуваан хэмжиж, хэсэг тус бүрийн талбайн нийлбэрээр тухайн өрөө, тасалгааны талбайг тодорхойлно.
  • Адар (мансард)-ын давхарын өрөөний талбайн хэмжээг тогтоохдоо хэмжилт хийх цэгийн өндрийг таазны налуугаас нь хамааралтайгаар: налуу нь 30° хүртэл бол өндөр нь 1,2 м; 30°-аас 45° бол өндөр нь 1,1 м; 45°-аас 60° болон түүнээс дээш тохиолдолд өндрийг нь 0,5 м-т байхаар тооцно.
  • Талбайн хэмжээг тооцсон тооны бутархайн орон нь 2 байх ба хэмжих нэгж нь ам дөрвөлжин метрээр илэрхийлэгдэнэ.

Энэхүү стандартыг заавал мөрдөх ёстой. Мөн орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжилтийг барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж хийнэ.

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (1)

2021-01-11 03:06   Талбайн хэмжилт хийнэ-talbain hemjilt hiine
Орон сууцны талбайн хэмжилт-talbain hemjilt
Орон сууц,оффис,граж,амины орон сууц,барилгын м.кв-ыг “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын дагуу түргэн шуурхай хэмжиж үйлчилнэ. Тусгай зөвшөөрөлтэй компани. Утас: 88620077 90220077
Ямар тохиолдолд хэмжилт хийлгэдэг вэ?
• Орон сууцны м.кв дутсан
• Шинээр орон сууц авах гэж байгаа
• Үл хөдлөхийн гэрчилгээ солиулах гэж байгаа
• 8%-ийн зээлд хамрагдах гэж байгаа
• Газарт орсон
• Бусад
#talbainhemjilt #талбайнхэмжилт
Шинэ мэдээ
Их уншсан