"/> "/>

Л.Батжаргал: Ипотекийн зээлийн хүүг бууруулахыг ОУВС-гаас хориглосон

Шинэ төслийн мэдээлэл     2019-03-04     1236
Ш. АДЪЯАМАА     www.news.mn

Найман хувийн орон сууцны зээлийн талаар Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргалтай ярилцлаа. 


-Өнөөдрийн байдлаар орон сууцны зах зээлд нийлүүлэлт нь эрэлтээ давж борлуулалт зогсонги байдалд шилжин, барилгын салбар өдрөөс өдөрт уруудаж байна. Нөгөө талаар сүүлийн жилүүдийнхээс ипотекийн зээлийн санхүүжилт буурсан нь салбарын хувьд хүнд цохилт болсон гэж хэлж болох байх. Энэ чиглэлд яамны зүгээс хэрхэн анхаарч байна вэ?

-Өнгөрсөн жилүүдэд ипотекийн зээлд жилдээ 6-8 мянган иргэн хамрагдаж, 300 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулагдсан. Үүний 110 тэрбум төгрөгийг Засгийн газраас, 190 тэрбум төгрөгийг Монголбанк ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс олгож ирсэн. Зээлийн санхүүжилт өмнөх жилүүдээс буурсан нь ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтэд хамрагдсантай холбоотой. ОУВС-гийн зүгээс халамжийн шинж чанартай ипотекийн зээлийг зогсоо гэдэг хатуу шаардлага тавьсан. Монголбанк, Сангийн яамны зүгээс ипотекийн зээлийг зогсоох боломжгүй, иргэдээ орон сууцжуулах нь Засгийн газрын бодлого гэж үзэн, ОУВС-гийн хэлэлцээрт орсноор тодорхой хязгаарлалттайгаар ипотекийн зээлийг үргэлжлүүлж байна. Харин энэ оноос ипотекийн зээлийг шинэ журмаар хэрэгжүүлж байна. Журамд ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмье гэдэгт Сангийн яам, Монголбанкны зүгээс санал нэгдсэн. Монголбанкны хувьд арилжааны банкуудтайгаа тохирч арилжааны банкууд өөр дээр байгаа мөнгөө ипотекийн зээлд оруулж байхаар тохиролцсон. Шинэ журмаар ипотекийн зээлийн эх үүсвэр 600 орчим тэрбум болж нэмэгдэж байгаа юм. Тиймээс энэ онд ипотекийн зээл олголтын хүртээмж нэмэгдэнэ.

-Ипотекийн зээл хэвийн олгогдож байна гэх хэдий ч арилжааны банкууд өөрсдийн санхүүжүүлсэн барилгуудад зээл олгож байна гэх иргэдийн шүүмжлэл байнга гардаг. Энэ асуудалд яамны зүгээс хяналт шалгалт хийж байна уу?

-Яг энэ асуудлаар манай яаманд маш их гомдол ирдэг. Нөгөө талаас яамны зүгээс арилжааны банкуудад үүрэг, чиглэл өгөх эрх нь хязгаарлагдмал. Банкууд өөрсдийн дотоод шалгуурын дагуу ипотекийн зээлийн журмын дагуу олгодог учраас банкуудад бид хүчээр тулгалт хийх эрхгүй. Харин саяхан буюу өнгөрөгч сарын 20-нд Сангийн яам, БХБЯ, Монголбанк хооронд орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн хамтарсан гэрээ байгуулсан. Уг гурвалсан гэрээний үр дүнд яам Монголбанкыг шахаж ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн Засгийн газар болон Монголбанк нь олгосон орон сууцын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн зориулалт, ашиглалт, эргэн төлөлтөд хамтарч хяналт тавина.

Банкуудад олгосон орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг банк зориулалтын дагуу зарцуулаагүй, өөрийн эрх ашигт нийцүүлэн ашигласан, шаардлага хангасан иргэний зээлийн өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан тохиолдолд Монголбанк тухайн арилжааны банкны санхүүжилтийн чөлөөт эх үүсвэрийг буцаан татах, мөн тухайн банкинд эх үүсвэр хуваарилахыг хязгаарлана гэж Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн шинэ журамд маш тодорхой тусгаж өгсөн.

Дээрх заалтыг банкууд зөрчсөн тохиолдолд иргэдийн зүгээс Монголбанканд гомдол гаргах эрх нь нээлттэй.

 

-Ашиглалтад орчихсон хэрнээ эзнээ хүлээж байгаа өчнөөн мянган шинэ байр царцаагдсан байдалтай байна. 30 хувийн урьдчилгаагаа төлөөд, орон сууцанд орох боломжтой хэчнээн өрх байна вэ?

-Манай яамнаас өнгөрсөн онд барилгын салбарын орон сууцны эрэлт, нийлүүлэлт болон таны асуусанчлан өрхүүдийн хэдэн хувь нь урьдчилгаа 30 хувийг төлж, ипотекийн зээлд хамрагдах боломжтой эсэх талаар судалгаа хийж үзсэн. Одоогийн байдлаар 216 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Үүнээс 35 мянган өрх урьдчилгаа 30 хувь төлөөд ипотекийн зээлд хамрагдах боломжтой нь судалгаанаас харагдсан. Нийлүүлэлтийн тухайд зах зээлд нийт 59 мянган айлын орон сууц баригдаж байгаагаас 330 төсөл хэрэгжиж байна. Үүнээс ашиглалтад орсон 5800 орчим айлын орон сууц бэлэн байна.

-Зах зээлд борлуулагдаагүй орон сууцуудыг төр худалдан авч, төрийн албан хаагчдад урьдчилгаагүй, хүүгүй зээлээр олгох асуудлыг судалж байгааг танай сайд хэлж байсан. Энэ асуудал одоо юу болсон бэ?

-Яамны зүгээс төрийн албан хаагчдыг орон сууцжуулах санал боловсруулж, Засгийн газарт хүргүүлсэн боловч Сангийн яамны зүгээс татгалзсан хариу өгсөн.

-"Буянт ухаа-II" хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууцны барилгын явц удаашралтай байгаа.Товлосон хугацаандаа ашиглалтад орно гэсээр он дамналаа. 972 айлын түрээсийн орон сууц яг хэзээ ашиглалтад орох вэ?

-“Түрээсийн орон сууц” хөтөлбөр бол иргэдээ орон сууцжуулах бодлогын чухал нэг хэсэг нь. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт одоогоор 1512 айл хамрагдаад байна. Энэ жилдээ 1542 айлыг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулна. Үүний 972 нь Улаанбаатарт, үлдсэн нь орон нутагт хэрэгжинэ. Нийслэлийн 972 айлын түрээсийн орон сууцыг  ирэх тавдугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хөтөлбөрт хамрагдах журмыг шинээр боловсруулж байна. Журмын голлох заалтуудыг Засгийн газар гаргана. Яамны зүгээс саналаа боловсруулж Засгийн газарт хүргүүлнэ.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгох төсөл санаачилна гэж хэлсэн. Ер нь цаашид найман хувийн зээлийг бууруулах боломжтой юу?

-Зээлийн хүүг бууруулах чиглэлд яамны зүгээс нэлээд судалгаа хийсэн. ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд зээлийн хүүг бууруулахыг хориглосон учраас зээлийн хүүд өөрчлөлт оруулах хууль эрх зүйн боломжгүй. 2011 оноос хойш барилгын салбар “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ын баримт бичиггүй явж ирсэн. Харин хоёрдугаар сарын 13-ны Засгийн газрын хуралдаанаар “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг баталсан байна. 2029 он хүртэл хэрэгжүүлэх тус бодлогын баримт бичиг нь үндсэн нэг зорилго, найман зорилт, 23 үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх 108 арга хэмжээний төлөвлөгөө, шаардагдах хөрөнгийн төлөвлөгөөтэй юм. "Барилгын салбарын хөгжлийг тогтворжуулах үе", "Салбарын эрчимтэй хөгжлийн гарааны үе", "Хөгжингүй улс, орнуудын түвшинд хүрч, эрчимжих үе" гэсэн гурван шаттайгаар хэрэгжүүлнэ. Ингэснээр салбарын өнөөгийн чадавх 2020 онд 1.38 дахин, 2025 онд 2.6 дахин, 2028 онд 3.9 дахин өснө гэж тооцоолж байна.

 

Сэтгүүлч: Ш. АДЪЯАМАА

Эх сурвалж: www.news.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (1)

2019-03-18 17:49   зочин
ажлаа хийж чадахгүй байж болохгүй бүхнийг ОУВС-руу түлхэдгээ боль усан толгойтоо
Шинэ мэдээ
Их уншсан