"/> "/>

Э. Даваа: Зуучлалын байгууллагад хандсанаар цаг хугацаагаа маш ихээр хэмнэнэ

ОронсууцЦЭГКОМ© онцлох мэдээ     2019-02-23     2922
ҮХХ зуучлалын захирлуудын цуврал блиц ярилцлага - 19    

ЗОЧИН: Э.Даваа

БАЙГУУЛЛАГЫН НЭР: Monreal value LLC

АЛБАН ТУШААЛ: Захирал        

АЖЛЫН ТУРШЛАГА: 3 жил

КОМПАНИЙН НЭРИЙН ТАЙЛАЛ: Компанийнхаа нэрийг өгөхдөө юуны өмнө эх орныхоо нэрээр овоглоё гээд Монгол гэдгийн “Мон”- үеийг нь оруулсан. Харин “Real” гэдэг нь англиар жинхэнэ бодит гэсэн утга агуулгыг мөн real estate гэдгийг давхар агуулж байгаа.  Ер нь монголдоо бодит үнэ цэнийг бий болгоё гэсэн зорилгынхоо илэрхийлэл болгож энэ нэрийг өгсөн дөө.

- Компанийн түүх

- Бид компаниа байгуулахаасаа өмнө үл хөдлөх хөрөнгө, зуучлал үйлчилгээний салбарт ажиллаж тийм их биш ч чамлахааргүй туршлага хуримтлуулсан хүмүүс байсан. Тийм ч учраас энэ салбарын хүнд хэцүүг мэдэхийн сацуу засаж сайжруулах олон зүйлүүд байгааг ч мөн олж харсан. Тэгээд л үүнийг хамтдаа хийцгээе, энэ салбарын хөгжилд хамтдаа хувь нэмрээ оруулцгаая гээд л эхэлсэн дээ. Түүнээс хойш олон ололт амжилт, хүндрэл бэрхшээлүүдийг туулж өнөөг хүрсэн байна. Энэ хугацаанд бидний баримталж байсан гол юм бол ямар ч зүйл тохиолдсон зарчмаасаа гажихгүй байх, ашиг орлогоосоо илүү бүтээх үнэ цэнийг голчлон анхаарч ажиллах байсан. Түүнийгээ өнөөг хүртэл мөрдлөг болгон ажиллаж ирсэн маань л бидний бахархах үнэт зүйл юм уу даа. 

- Амжилтын эх үүсвэр юун дээр тогтдог вэ?

- Хүний хүсэл гэдэг хязгааргүй харин цаг хугацаа хэмжээтэй байдагт л амжилтын гол хэмжүүр оршдог юм болов уу? Нэгэнт л бидэнд хүссэн бүхнээ хийхэд цаг хугацаа хүрэлцэхгүй юм чинь өөрийн чухал бөгөөд зөв гэж бодсон зүйлдээ тууштай байх эцсийг нь үзэх ганц сонголт байгаа юм шиг. Тэгэхээр амжилтын гол үндэс нь нэг зүйлээ тасралтгүй хийсээр байх тэр чанар. Мэдээж юм бүхэн дардан байхгүй алдаж ононо. Гэхдээ алдаа бол ухрах шалтгаан биш зөвхөн арга барил буруу байгааг л илэрхийлж байгаа юм. Тиймээс больё гээд хаях биш алдаандаа дүгнэлт хийж арга барилаа сайжруулаад дахиад дайрах хэрэгтэй. Оюутан байхад багш маань ингэж хэлж байсан юм нэг зорилго дэвшүүлээд түүнийгээ зөв гэдгийг олон талаас нь батал тэгж чадвал хүмүүс  чамд итгэнэ шүү гэж. Олон зүйлийг дутуу мэддэг байснаас нэг зүйлийг гүнзгий мэддэг байх нь хамаагүй илүү шүү гэж. Тууштай байна гээд ганц миний зөв гээд зүтгээд байж бас болохгүй тасралтгүй суралцагч байх хэрэгтэй хувь хүн, байгууллага аль аль нь ялгаагүй. Ажилдаа бид яг л ингэж ханддаг энэ зарагдахгүй байр байна гээд шууд хаячихдаггүй. Зах зээлийн сегмент нь тохирохгүй байна уу үнийн тохиролцоо буруу яваад байна уу? эсвэл тухайн менежерийн арга барил буруу байна уу? ямар нэгэн юм болохгүй болоод л зарагдахгүй байна гэж үзээд анализ хийж арга барилаа сайжруулаад дахиад үзнэ. Ер нь борлуулагдах хүртэл шаардлагатай бүхнийг хийсээр л байдаг.

- ҮХХ -ийн реалтор гэж ямар хүнийг хэлэх вэ?

- Реалтор, агент, зуучлагч гээд янз бүрээр л нэрлээд байгаа юм. Манайх үл хөдлөх хөрөнгийн менежерүүддээ ерөнхий хэдхэн шаардлага тавьдаг. 

Бид хамгийн эхлээд үйлчилгээгээ зарж хариуд нь итгэл авдаг юм шүү. Дараа нь үл хөдлөхөө зарж бусдыг нь авна. Тиймээс  нэгдүгээрт үйлчлүүлэгчийн итгэл, хоёрдугаарт хэрэглэгчийн сэтгэл ханамж гуравдугаарт чиний сэтгэл ханамж буюу тэрхүү борлуулалтыг хийсэндээ сэтгэл хангалуун байхаар бодож ажлаа хийдэг.

Мэдээж ашиг орлого байлгүй л яахав гэхдээ тэр чинь бусдыгаа дагаад урамшуулалд нь ирдэг зүйл. Хүн сэтгэл гаргасан зүйлээ л хамгийн сайн хийдэг.

- Иргэд зуучлалын газраар үйлчилгээ авч сурч байгаа юу?

- Хүмүүсийн ихэнх нь зуучлалын үйлчилгээг мэддэг болсон зарим нь ашиглаж сурч байна. Шинэ тутам гарч ирж байгаа учир бусад салбаруудын адил хөгжлийн тодорхой үеүүдийг туулж байж хөгжих нь тодорхой. Одоо бол хүмүүс ашиглаж сурч байгаа тэр үе нь юм болов уу? Бүр анхнаас нь эхлээд өдийг хүртэл тууштай зүтгэж энэ салбарыг зах зээлд таниулах хамгийн хүнд ачааг үүрч ирсэн анхдагч компаниуд одоо болтол ажилласаар байгаа хүмүүсээр их бахархаж явдгаа энд хэлмээр байна.

- ҮХХ зуучлалын салбарт биеэ даасан зохицуулах хууль хэрэгтэй юу?

- ҮХХ зуучлалын бие даасан хууль гэхээсээ илүү гэрээний эрх зүйг илүү боловсронгуй ойлгомжтой болгож сайжруулах нь нэн түрүүнд чухал гэж боддог. Тэгж чадах юм бол бусдыг нь хуулийн хүрээнд гэрээгээрээ зохицуулж болно. Гэрээгээ аль нэг тал зөрчихөд эрх нь зөрчигдсөн тал  гэрээний дагуу хохирлоо бүрэн барагдуулж чаддаг тийм дархлаа дутаад байгаа юм шиг. Шүүхэд хандсан ч шийдэж өгөхгүй уддаг, асуудлуудыг сунжруулдаг гээд олон асуудлууд бий. Гэтэл хүмүүсийн зарим нь асар их хэмжээний хохирол учраагүй бол хөөцөлдөхөөс төвөгшөөгөөд орхичихдог. Уг нь их бага аль нь ч байсан ялгаагүй эрхээ хамгаалуулдаг, хуулийн дагуу байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байдаг бол олон асуудал шийдэгдэнэ.

- Зуучлалын байгууллагад хандаж үйлчилгээ авахын ач холбогдол юу вэ?

- Ердөө л эрсдэл ба цаг хугацаа, алдагдсан боломжийн өртөг юм шүү дээ. Зуучлалын байгууллагад хандсанаар цаг хугацаагаа маш ихээр хэмнэнэ. Мэргэжлийн хүмүүст хандсанаар ирээдүйд гарч болох эрсдэлээс өөрийгөө хамгаална. Үл хөдлөх хөрөнгө бол талх шиг хямд бөгөөд өдөр болгон борлуулагддаг зүйл биш. Тиймээс маш их цаг хугацаа шаардахаас гадна үнэлгээгээ дагаад учирч болох эрсдэл нь бас өндөр. Зар тавиад байр үзүүлээд гүйх үү? тэрнийхээ оронд өөрийнхөө ажлыг хийх, гэр бүл, өөр олон чухал зүйлүүддээ цаг заваа зориулах уу гэдэг сонголтын зөрүүгээр зуучлалын байгууллагаар үйлчлүүлэхийн үнэ цэнэ хэмжигдэж байгаа юм. Үүнийг мэдэрч ойлгосон хүмүүс асуудалд бодитой хандаж зуучлалын байгууллагаар үйлчлүүлэх нь нэмэгдэж байна. Гэвч сайны хажуугаар бас саар зүйл бас байгааг нуухгүй. Цаг хугацаагаа үнэлдэггүй ирээдүйд гарч болох эрсдэлээ тооцдоггүй хүмүүст зууч бол луйварчин, хүний мөнгийг зүгээр авч байгаа хүмүүс мэт санагддаг тохиолдол бас бий. Гэхдээ энэ бол түр зуурын төөрөгдөл төдий зүйл байсан гэдгийг хүмүүс үйлчилгээ авсныхаа дараа ойлгодог.

- Энэ салбарт ажиллах байгаа залуучуудад гарын авлага болохуйц ямар ном санал болгох вэ?

- Үл хөдлөх хөрөнгийн менежер, борлуулагч хүн их өндөр мэдрэмжтэйн дээр мэдээлэл сайтай байх хэрэгтэй. Салбарын тухай цаг үеийн мэдээг цаг алдалгүй авч байх нь хамгийн чухал. Мэдээллийн үнэ цэнийг ерөөсөө дутуу үнэлж болохгүй.  Зах зээлийн хандлага худалдан авагчийн сэтгэл зүй, үл хөдлөх хөрөнгийн үнэ гээд байнга өөрчлөгддөг чухал хэдэн зүйлс байдаг.  Мэдээж бусад салбарын адил борлуулагч хүний хувьд  “Sales bible”-ийг хааяа харчхаад байдаг.

- Үл хөдлөх зуучлагчдын баярын өдөр гэж бий болговол та дэмжих үү. Хэрвээ дэмжиж байгаа бол хэдэн сард байвал зүгээр вэ?

- Шаардлагагүй дээ. Баярлая гэвэл зөндөө баярууд байна шүү дээ. Бидний ажил мэргэжилтэй холбоотой гэвэл барилгачдын баяр, маркетеруудын өдөр гээд байгаа. Харин жилдээ нэг чуулаад асуудал шийдлээ ярилцчихдаг байвал зүгээр санагддаг.

Зуучлал хийж байх энэ хугацаанд өөрт тохиолдсон хүндхэн хөгтэй сургамжтай зүйлээсээ хуваалцахгүй юу.

- Олон хүмүүстэй харилцдаг болохоор заримдаа хүмүүсийн утасны дугаарыг байрных нь нэрээр хадгалчихдаг юм. Нэг удаа Пума-56 гэсэн дугаараас залгаад, ажлаасаа ирсэн чинь танай энэ дээд айлаас ус алдсан байна энийг яаж шийдэх вэ? гэж байна тэгэхээр нь би түрээслэгч л ярьж байна гэж бодоод та юу ч гэсэн байрны эзэнд нь ийм юм болсон гээд хэлчхээрэй. Би даатгалтайгаа ярьж шийдүүлье гэж хэлээд даатгалтайгаа холбогдсоны дараа дахиад л Пума16 гэсэн дугаар залгаж байна автал дээд айлаас чинь ус алдчихаж миний дүү шийдээд өгөөрэй л гэж байна. Би ч гайхаад уг нь саяхан ярьсан даа их л ус алдаж дээ гэж бодоод за тэгнээ та санаа зоволтгүй би түрүүнд хэлсэн шүү дээ одоохон гээд л утсаа тасалсныхаа дараа контакт руугаа ороод хартал хоёр өөр дугаараас ярьсан байна шүү.. за би яараад түрээслэгч түрээслүүлэгч хоёрыг адилхан нэртэй хадгалчхаж гэхдээ аль нь түрээслүүлэгч аль нь түрээслэгч юм бол хоёулаа л танай байр гэж яриад байх юм хэнд нь юу гэж хэлэхээ мэдэхгүй баахан гайхаад гэрээнээс дугаарыг нь харж байж учрыг нь олж билээ. Манайх “түрээсийн цогц үйлчилгээг” бий болгож хүргэх тал дээр нэлээн анхаарч ажилладаг юм. Хүмүүс гэрээ хийж түлхүүрээ өгчхөөд за одоо танай байр болсон гээд л яваад өгнө шүү дээ... 

 

Сэтгүүлч: ҮХХ зуучлалын захирлуудын цуврал блиц ярилцлага - 19


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан