2018 онд 4,676 өрх ипотекийн зээлд хамрагдсан байна

Монголбанк, Засгийн газраас өнгөрсөн онд нийт 310 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилтэд зориулж олгосон бөгөөд энэ мөнгөөр 4,676 өрхийн зээлийг шийдсэн байна. 

Зөвхөн арванхоёрдугаар сард 1,152 зээлдэгчид 100 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үүний 56.2 тэрбум төгрөг нь ипотекийн зээлийн хөтөлбөрийн мөнгө бол 43.8 тэрбум нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон орон сууцны зээл байв. 

Банкуудын өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж буй орон сууцны зээлийн хүү өмнөх онтой харьцуулахад 0.6 нэгж хувиар буурсан байна. 

Энэ оны хувьд ипотекийн зээлд олгох санхүүжилт 500 тэрбум төгрөг болж нэмэгдэхээр байгаа. Монголбанк, Засгийн газраас олгодог мөнгөний хэмжээ хэвээр байх ч арилжааны банкуудын эх үүсвэрийг төвбанк зээлийн хүүгээ бууруулах замаар нэмэгдүүлэхээр болсон. Ингэснээр орон сууцны зээлд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэж, хүртээмж сайжирна хэмээн тооцож байна. Орон нутгуудын хувьд Орхон аймагт зээл олголт хамгийн өндөр хувьтай байжээ. 

Монголбанк сар бүр 16 тэрбум төгрөгийг ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтэд олгох бөгөөд нэгдүгээр сарын мөнгөө банкуудад олгосноо мэдэгдсэн юм. Сангийн яамны хувьд улиралд нэг удаа санхүүжилт олгож байгаа бөгөөд одоогоор мөнгөө олгоогүй байгаа аж.

Ипотекийн зээлийн хөтөлбөрт 2016 оноос хойш нийт 4.4 их наяд төгрөг зарцуулаад байна.


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан