"/> "/>

Хүүтэй мөнгө зээлдүүлж хүүнд нь байранд суух гэж байна уу ?

Хуульч зөвлөж байна.

Та хүүтэй мөнгө зээлдүүлж хүүнд нь байранд суух гэж байна уу?

Сүүлийн үед мэдээллийн хэрэгсэл зарын сувгуудаар  “Хүүтэй мөнгө зээлдүүлж  хүүнд нь байранд сууна” гэсэн зарууд ихээр гарах болж  иргэнд энэ төрлийн харилцаанд оролцох явдал ихээхэн дэлгэрч байна. Мөн үүнтэй холбоотойгоор өөрсдөө түрээслэсэн байраа өөрийн мэт ойлгуулж бусдаас мөнгө залилсан тухай хэргийн хохирогчид ч хуулийн фирмд маань хандаж байна.

Энэ нь иргэдийн орон сууц худалдах авах чадвар боломж тааруу, орон сууцны үнийн өсөлт, орон сууцны зээлийн гэрээний шалгуур, ажил орлогын түвшин зэргээс шалтгаалж өөрийн гэсэн орон байртай болж чадаагүй байгаа иргэдийн орон сууцанд амьдрах хүсэл, хэрэгцээ болон өөрийн гэсэн байртай боловч зайлшгүй мөнгө зээлэх хэрэгцээтэй хүмүүсийн хүсэл сонирхлын нэгдлийн хүрээнд үүсч байгаа иргэний эрх зүйн харилцаа юм. 

Энэ төрлийн харилцааг яаж хуулийн хүрээнд эрсдэлгүй найдвартай хийх талаарх иргэдийн мэдлэг мэдээлэл дутуугаас бусдад залилуулах, хохирох явдал цөөнгүй байна. Энэхүү харилцааны онцлог нь  иргэдийн хооронд зээл, барьцаа, эд хөрөнгө хөлслөх гэрээний  шинжийг агуулсан холимог төрлийн гэрээний харилцаа үүсч байгаад байгаа юм. Иргэд энэ төрлийн гэрээний харилцаанд оролцохдоо аль болох хуулийн хүрээнд дараа нь хэн алинд нь эрсдэлгүй байх талаас нь анхаарч  хэд хэдэн зүйлийг шалгасны үндсэн дээр гэрээ байгуулах хэрэгтэй.

Өмчлөгч мөн эсэх: Байр хөлсөлж буй тал нь тухайн байрыг хөлслөх эрх бүхий этгээд, эсхүл байрны жинхэнэ өмчлөгч мөн эсэх /үүнийг байрны гэрчилгээ болон түц машины лавлагаанаас харж болно./ Хэрвээ тухайн байрны өмчлөгч биш, тухайн байрыг хөлслүүлэх, захиран зарцуулах эрхгүй этгээд болох нь тогтоогдвол  зээлдүүлэгч та гэрээ хийхгүй байх нь зөв./

Байр нь эрхийн зөрчил, зээлийн барьцаанд байгаа эсэх: Тухайн байр нь ямар нэг эрхийн зөрчилтэй эсэхийг анхаарах,  Жишээ нь зээлийн барьцаанд байгаа эсэхийг шалгах ёстой. /Түц машины лавлагаагаар гарч ирнэ./ Хэрвээ тухайн байр зээлдэгчийн өмчлөлийн байр мөн боловч зээлийн барьцаанд тавьсан, бусад эрхийн зөрчилтэй бол та бас л болгоомжтой хандах ба гэрээ хийх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд өмнөх зээлийн гэрээг авч харах ба зээлийн гэрээний хэмжээ хугацааг анхаарч зээлийн эрсдэлээ тооцож үзсэний үндсэн дээр шийдвэрлэх эсхүл хуульчиас зөвлөгөө авах нь зүйтэй.

Байр хөлслөгч тал зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах хүрээнд байрны эзэмшил ашиглалтыг зээлдүүлэгч талд зээлийн гэрээний хугацаанд түр шилжүүлж буй тул зээлийн гэрээг барьцаатай хийх нь зүйтэй. 

Зээлийн болон барьцааны гэрээг нотариатаар баталгаажуулж улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр энэхүү гэрээ хүчин төгөлдөр болно. Улсын бүртгэлд бүртгүүлээгүй барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болдог тул тухайн байраар үүргийн гүйцэтгэлээ хангуулж чадахгүй болно.

Зээлийн болон барьцааны гэрээг нотариатаар хийлгэсэн нь иргэд хооронд хийснээс илүү эрсдэл багатай.

Зээлдүүлэгчид байрыг шилжүүлж байгаа тул байрны эзэмшил ашиглалттай холбоотой асуудлууд давхар яригдах ба байрны урсгал болон тогтмол гарах  зардлыг хэн хэрхэн хариуцах, байрны бүрэн бүтэн байдал, элэгдэл хорогдлийг хэрхэн тооцох  гэх мэт хөлслөгч хөлслүүлэгчийн хооронд үүсэж болох асуудлыг гэрээгээр тохиролцож баталгаажуулах нь цаашид гарах үл ойлголцол маргаанаас сэрийлэх, маргаан гарсан ч тухайн үйл баримт, талуудын хүсэл зоригийг нотлох  ач холбогдолтой.  

Мөн иргэд мөнгө болон бусад эд зүйл шилжүүлэхдээ дараа нь нотлогдох байдлыг анхаарч аль болох дансаар болон акт баримт үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулан авч хадгалах нь зүйтэй.

 Хэрвээ энэ төрлийн харилцаанд оролцоод хохирсон тохиолдолд цаг алдалгүй хуульчид хандаж зөвлөгөө үйлчилгээ аваарай.

Залилан мэхлэгчид байрны гэрчилгээ, түц машины лавлагааг хуурамчаар үйлдэх, эсхүл  хүмүүсийн яаралтай хэрэгцээнд дөрөөлж хуулийн мэдлэггүй байдлыг далимдуулж манай аав ээж, ах дүүгийн байр би эзэмшиж ашиглах эрхтэй гэх мэтээр хуурч итгүүлэх, өөрийн түрээсэлсэн байраа дамжуулан түрээслэж ашиг олох гэх мэт янз бүрийн арга хэрэгсэл ашиглаж энэ гэмт хэргийг үйлдэж байна. Иймд иргэд өөртөө эзэн байж хувийн харицлагаа сайжруулж, аливаа гэрээний харилцаанд орохдоо нухацтай хандаж мэддэг хүнээс зөвлөгөө авч байхыг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Веритас партнерс хуулийн фирмийн хуульч Г.Байгаль


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан