Сайд бид хоёр

Хэн нэгэн хаалга хүчтэй балбах чимээгээр би дуг нойрноосоо сэрчихлээ.

Амралтын өдөр хар үүрээр хэн байдаг байна аа гэж уцаарлан, хагас нээсэн нүдээрээ ханын цагаа харахад дөнгөж 07.00 цаг. Үүд цохих чимээ намдсангүй, улам хүчтэй балбахад би арга буюу орноосоо босож, тэнтэр тунтар алхан үүдээ очиж онгойлгов. 

Урьд зүсийг нь ч харж байгаагүй гонзгой шар царайтай 40 эргэм насны эрэгтэй их л тэвдсэн шинжтэй "Тлейхан сайд чамайг доор хүлээж байна" гэлээ. Би бүр гайхсандаа юу гэж хэлэхээ мэдэхгүй - Юун Тлейхаан... гэж чанга гэгч нь дуу алдах тэр мөчид миний хамаг бие жирс хийн, ухаан санаа минь балартав. Нээрээ өчигдөр хэн ч билээ дээ надад "Маргааш Тлейхан сайдыг дагаж хөдөөгүүр сурвалжилгад яваарай, зам дагуу өглөө чамайг очиж авна" гэж хэлсэн шиг санагдав.

Өчигдрийн юмыг би ор тас мартсанаа гайхан хувцсаа өмсөхөөр өрөө рүүгээ эргэхдээ хананд өлгөсөн "1980 он" гэсэн хуанлийг хараад золтой л хөлдөө орооцолдоод уначихсангүй. 

Дөнгөж саяхан унтаад боссон өргөн сайхан ор минь 200-ийн төмөр ор болсон байх нь тэр. Гадаа машин сигналдах дуугаар би дав хийн цочин хувцасны шүүгээнээс өөртөө таарах хувцас арай гэж олж өмссөн болоод шатаар уруудан гүйлээ. 

Байрны гадаа ногоон өнгийн "УАЗ-469" машинд Тлейхан сайд гэгээн дүрээрээ сууж байх юм. Энэ хүний тухай зөндөө сонсож байсан болохоос биш ингэж уулзаж явсангүй. 

Сайд намайг нүднийхээ булангаар хяламхийн харах нь их ууртай байгаа шинжтэй. Өглөөний 07.00 цагт ажил нь эхэлдэг, их эртэч хүн гэж сонссон болохоор уурлах нь ч араггүй биз.

Энэ хүнийг О.Тлейхан гэдэг. Барилгын сайд хүн. Барилгачдын хэлдгээр сайд маань хэн ч харсан үнэхээрийн сүрдэм биерхүү хүн байв. Тлейхан сайд намаас бэлтгэгдсэн боловсон хүчин, төрийн хариуцлагатай өндөр албан тушаалыг олон жил хашиж яваа хүн. "Хөдөлмөр" сонины анхны эрхлэгч. Казах хүн гэхэд албан бичгийг улаан эрээн болтол эрээчээд өгдөг монгол хэлний дүрэм, найруулгын өргөн мэдлэгтэй гэж магтацгаадаг юм билээ. 

Намын дээд сургууль төгсөж, Барилгын сайдын ажлын хажуугаар 1962-1966 оны хооронд МУИС-ийг Барилгын инженерийн оройн ангийг онц дүнтэй төгссөн гэж байгаа. Энэ тухай өөрөө ярихдаа барилгын том салбар удирдаж байж сайд нь ямар ч ойлголтгүй байж болохгүй гээд их хичээсэн гэдэг.

Барилгачдынхаа дунд ХААН САЙД хэмээн хүндлэгдэж, 1962 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж яваа хүн. Сайдтай мэндлээд машинд сууснаас хойш тэр надтай юу ч дуугарсангүй. Өглөө сэрсэн цагаас хойш юу болоод байгааг ойлгохгүй манарч яваа надад сайдын үл тоомсорлох байдал нь бүүр ч тавгүй байдалд оруулчихав.

Сайдаас сүрдсэн айдас төд удалгүй алга болж, 1980 оны Улаанбаатарын өнгө төрхөнд нүд, сэтгэл минь баясав. "Аман хуур" кинонд гардаг шиг энд тэнд барилга бүтээн байгуулалтын ажил өрнөж байлаа. Амралтын өдөр болоод ч тэр үү, хотын гудамж эл хуль, хаа нэгтээ төмөр цохих чимээ сонсогдоно. Барилгачид ажилдаа гарсан бололтой. Сэлүүхэн замаар салхи татуулан машин маань Улсын их дэлгүүрийн урдуур өнгөрөөд явж байтал сайд гэнэтхэн жолоочдоо "Зогс, зогс, наанаа зогсоорой" гэж огцом хэлэв. Юу болсон юм бол, чухал зүйлээ мартсан юм болов уу гэж бодож байтал байшингийн урд зогсож байсан хэдэн хүмүүс рүү харснаа:

- Очирбат аа гэж дуудахад хэсэг хүмүүсийн дунд цаашаа хараад юм ярьж зогссон залуу эргэж харснаа манай хүнийг таньсан бололтой  инээд алдсаар хүрч ирээд

- Сайн байна уу сайд аа гэж гар барин мэндлэв.

Өмнө нь би энэ хүнийг хаа нэгтээ харсан юм шиг санагдаад яриаг нь сэм сонсвоос дээвэр, төмрийн ажилтай холбоотой болоод явчихав. Тийм ээ, хэдэн жилийн өмнө энэ хүнтэй ажил дээрээ уулзаж, надад намтар танилцуулгаа өгч байсан шүү дээ. Тэр үед 80 гарсан ануухан явж байсан шүү. Насаараа барилгын салбарт ажилласан Хөдөлмөрийн баатар Очирбат гуай байлаа. Яасан сайхан цэвэрхэн залуу байгаа вэ гэж бодох тэр мөчид өөрөөсөө ичих шиг боллоо. Тэр хоёр Циркийн дээврийн завсрын ажлын талаар ярьж байснаа  Даваа гарагт өрөөнд нь яваад очихыг сайд сануулаад түрийвчнээсээ 50 төгрөг гарган:

- Хагас сайн өдөр юм байна, барилгачидтайгаа сайхан хоолонд ороод ав гэлээ. 

Тлейхан сайд барилгачдадаа ийм л хайртай хүн. Үгүй тэр, хүнийг араас нь хараад танина гэдэг мундаг гэхээс өөр магтах үг олдохгүй юм. Машин маань хотоос гараад баруун тийш салхи татуулан давхилаа. 

Очирбат гуайтай таарснаас хойш сайдын зан ааш нь хачин сайхан болж, машин дотор намайг цуг яваа гэдгийг сая л анзаарч байгаа юм шиг ам нээн 

-  Сурвалжлагч бүсгүй аль нутгийнх билээ гэж асуухад нь би 
- Дорнод аймгийн Баян дун сумынх гэхэд
-  Өө за за,  баруун зүүн хязгаарын буриад, казах хоёр нийлээд бүтээн байгуулалтын тухай ярилцахаар явж байгаа юм биз дээ гээд инээд алдав. Дээрээс хойш айх, сүрдэх минь ихдээд байсан дотор сая л уужрах шиг болов.

Тэрбээр цааш нь

- Саяны хүнийг Очирбат гэдэг. Барилгын салбартаа шилдэг нимгэн төмөрчин байгаа юм. Би түүнийг Дорноговь аймгаас дуудан Дашчойлин хийдийн баруун урд талын дуганын дээврийг хийлгэж байгаа. Ажилсаг гэдэг нь жигтэйхэн хүн. Нэг л өдөр гавьяат барилгачин, хөдөлмөрийн баатар энгэрт нь гялалзана даа гэж их л бахархан хэлэв.

Чамайг эрхлэгч чинь барилгын салбарын талаар дагнан нийтлэл бичиж эхлэх гэж байгаа гэсэн. Зөв шүү хө, эрхлэгчид чамайг сайхан дэмжээд өгөөрэй гэж хэлнээ. Манай салбарыг олон түмэнд сурталчлан таниулахад чам шиг хүмүүс хэрэгтэй гэж хэлэв. Би ямар сонин сэтгүүлийн сурвалжлагч болоод явж байгаагаа асуумаар санагдавч ёстой хэлээ хазаж, үгээ залгиад өнгөрнө гэдэг шиг юм боллоо. Тэр үед "Барилгачин" гээд сэтгүүл, сонин гарч байсан. Тэр газрын л сэтгүүлч байх гэж бодож суулаа. Сайд надаас барилгын түүхийн холбогдолтой зарим нэгэн зүйлийг тодруулан асуухад нь харин ч нэг би түүртэлгүй ярьж гарав.

- Анх барилгын салбар 1926 онд “Монголын хувь нийлүүлсэн хоршоо” -г буман төгрөгийн хөрөнгөтэйгөөр байгуулж, 1930 оны үед ЗХУ-д 100 гаруй хүнийг явуулж, барилгын мэргэжлээр сургасан нь энэ салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон. 

Мөн Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин маршил Г.Дэмидийн санаачлан байгуулсан Барилгын цэрэг онцгой үүрэг гүйцэтгэсэн.Ер нь бол барилгын салбарыг өдий зэрэгт хүргэхэд  дотоодын боловсон хүчнээс гадна  Хятад, ЗХУ-ын ахан дүүс, олзлогдсон Япон цэргүүд их тус болсон.  Хэрвээ эдгээр улс орон манайд тусламж дэмжлэг үзүүлээгүй байсан бол барилгын салбар магадгүй 10 жилээр хоцорч явах байсан гэж боддог гэж  хэлэхэд сайд

- Сүрхий түүх уншсан сурвалжлагч юм гээч, сайн байна гээд машины суудлаасаа эргэж над руу нухацтай гэгч нь харлаа. Тэгэхэд би анх удаа сайдтай харц тулгарав. Тэр үед сайд надад өнө эртний дотно танил минь юм шиг нэг тийм сайхан мэдрэмж төрлөө. Анх харах битгий хэл хэдэн үг дуугарахгүй явсан сайд маань сэтгэл нь их хөдөлсөн  бололтой. 

- Нараа чи боддоо,  1926 онд хийгдэж байсан бүх ажлыг 1975 онд 86 минутад хийж, 1958 оны үед нэг сая төгрөгийн ажлыг 875 хүн хийж байсан бол өнөөдөр  35 хүн хийж байна. Үүнийг үсрэнгүй хөгжил дэвшил гэхээр өөр юу гэж хэлэх билээ. Чиний дээр хэлдэг гурван улсаас гадна Чехсловак, Польш, Болгар, Унгар, Германы ахан дүүсийн ач тус их дэм болсон. Одоо ч гэсэн  манайд ажилласаар л байна. 

Гэрээний дагуу эдгээр хүмүүс яваад өгөх учраас  мэдлэг туршлагыг нь залуучуудаа заалгаж бид өөрсдөө чадварлаг боловсон хүчинтэй болох хэрэгтэй. Нэг удаа намайг Намын төв хорооны хурал дээр донгодон барилга дээр  ажиллаж байгаа залуучууд  тогтвор суурьшилгүй,  ажил  хийж чадахгүй байгаа нь зохион байгуулалт  муугаас болж байна гэлээ. Би ч өөрийгөө өмөөрөн босож ирээд

-Өнөөдөр барилга дээр та нар хэнийг ажиллуулж байна гэж бодож байна. Сургуулиас завсардсан, сурлага муутай, дээрээс нь хүмүүжилгүй, гэмт хэрэгт орооцолдсон тийм л хүмүүс ирдэг.  Аав, ээжүүд нь үр хүүхдээ загнахдаа "Хичээлээ таслаад муу сураад байвал чамайг барилгын ТМС-д өгнө шүү" гэж байна. Ийм л хүмүүсийг бид өөрийн салбартаа шингээн, хөдөлмөрийн хүмүүжил олгож байгаа юм шүү" гэж их ууртай хэлэхэд маань Цэдэнбал дарга болон бусад сайдууд юу ч дуугаралгүй өнгөрсөн юм гэж өнгөрснөө дурсан инээлээ. 

Ай хөөрхий Тлейхан сайд минь таны энэ салбарт оруулсан  гавьяа үнэлж баршгүй зүйл билээ. Барилгын материалын хоцрогдлыг арилгах үүднээс Улаанбаатар хотод анхны байшин үйлдвэрлэх комбинат, хөнгөн бетон завод, шохойн үйлдвэр, цементийн завод,  мод боловсруулах комбинат, тоосгоны үйлдвэр байгуулсан.

Мөн Барилгын эрдэм шинжилгээний институт, Барилгын зургийн төв институт, Барилга, Геодези зураг зүйн газар, хот хөдөөд  олон арван техник мэргэжлийн сургуулиуд байгуулагдсан. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын алтан үе Тлейхан сайдын үед хийгдсэн бөгөөд  Эрдэнэт үйлдвэрээс авхуулаад 3, 4 хороолол, Сансар хороолол, Эх нялхас, Клиникийн нэгдүгээр эмнэлэг Говь комбинат гээд тоочоод байвал зөндөө олон.   Энэ их зүтгэлийг нь төр засгаас өндрөөр үнэлэн 50 насных  ойгоор Цэдэнбал дарга Монгол Улсын гавьяат барилгачин цолоор шагнасан. 

Сайд надаас гэв гэнэтхэн "Чи залуу хүн 2000 оныг үзчих байх. Тэр үед манай барилгын салбар ямар түвшинд очсон байх бол?" гэж пал хийтэл асуух тэр. Ингэж асууна чинээ бодоогүй би тулгамдан "Социалист нийгэм задран, ардчилал гарч ирснээр барилга хувийн хэвшилд очих болов уу гэж бодож байна" гэлээ.  Ирээдүйн үнэн түүхийг зүрх гарган ийнхүү хэлэв. Сайд асуусан асуултдаа бодлогошрон алсын тэртээх уулсыг харж явснаа "Удахгүй манай нийгэм баруун шиг болно гэх гээд байна уу? Төрийн систем яаж өөрчлөгдөж задарч унах, түүний сайн, муугийн талаар би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ нэг л зүйлийг чин сэтгэлээс хүсэж байна. 

Нэгт, 21-р зуунд манай Монголын бүх айл өрх орон сууцанд орсон. 

Хоёрт,  өнөөдөр төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх гэж нойр хоолгүй ажиллаж яваа мянга мянган барилгачдын маань хөдөлмөрийг төр засаг үнэлж, амьдрал ахуйд нь тус дэм болж, битгий орхиосой гэж бодож явдаг гэлээ.

Тэгээд Тлейхан сайд нэг л гунигтай дуугаа хураачхав. Тэр өөрийн бүтээн байгуулсан барилгын системийн тогтолцоог 2000 он 21-р зуунд үзэж чадахгүй байх гэж бодсон байх л даа. Сайд одоо 60 хүрч яваа . Би түүний  сэтгэлийг засах гэж 

- Сайд аа, та ТБ-1,2 блокныхоо тухай ярихгүй юу гэж асуусан чинь сэтгэл нь сэргээд л явчхав. Ер нь бол Тлейхан сайд юм болгон дээр баярлаад догдлоод байдаггүй  үг цөөн , үйлдэл бүртээ хянамгай, хатуу чанга хүн гэж ярьцгаадаг. 

- Барилгын үйлдвэрлэл техник зохион байгуулалтын төвийн инженер механикч Баасанхүүтэй хамтран  зөөврийн ТБ-1 , суурин ажиллагаатай ТБ-2 төхөөрөмж  хамтран зохион бүтээж, би  өөрийн чадах чинээгээр  дэмжин энэ бүтээлээрээ зохиогчийн гэрчилгээ авсан. Товчлол ТБ нь ямар утгатайг нь чи мэдэх үү гэж надаас асуухад

- Тлейхан, Баасанхүү гэсэн хоёр нэрийн товчлол гэж хэлэхэд 

- Чи чинь яасан сүрхий хүүхэд вэ, сайн байна гэж магтаалын үгийг харамгүй хэлээд эвлүүлдэг блокоор барилга барих асуудлыг Намын төв хорооны улс төрийн товчооны хурлаар дэмжигдэн улсын хэмжээнд ажил болон хэрэгжсэн.  Нэг блок нь 14 тоосготой тэнцэх бөгөөд голдоо 2 нүхтэй. 

Ажлын бүтээмжийг нэмэгдүүлсэн сайн бүтээл болсон. Бид энэ блокоор Яармагт 8 айлын орон сууц барьж ашиглалтад өгсөн юм гэлээ. Сайд бид хоёр барилгын салбарын талаар өчнөөн юм ярьж  байсны нэг чухал онцлох  яриа нь - ЗХУ-ын Клобины туршлагыг монголд нэвтрүүлэх үүднээс оросын нэг сэтгүүл дээрээс 3, 5-т-ын системийн өргийн зааварчилгаа хүнээр орчуулуулан орон сууцны барилга дээр  зааварчилгааныхаа дагуу барилгачдаар туршилт  хийлгэсэн.  Болж байна шүү. 

Дараа нь энэ системээ олонд хүргэх зорилгоор уралдаан зарлаж өрлөгчин Лхамсүрэн бригадаараа Үйлдвэрчний төв зөвлөлийн барилга дээр 3-тийн системээр ажлын 8 цагийн дотор цагт 20.000 тоосго өрсөн бол , 5-тийн системээр Намсрай бригадаараа төв музейн барилга дээр 25. 000 тоосго өрж тус тус дээд амжилт тогтоосон. 

Манай хоёр Лхамсүрэн төрийн шагнал, Намсрай хөдөлмөрийн баатар болцгоосон доо гэлээ. Сайд надад зам зуур барилгын салбарын талаар маш олон зүйлийн тухай ярьж явлаа. -Намайг Хөдөлмөр сонинд ажилладаг байхад нэг нөхрийн  нийтлэл тэргүүн нүүрэнд  Суут Сталин гэж бичих байтал, с  үсгийг  нь хаяж бичсэнээр  "Уут Сталин”  болж сониноороо бүгдээрээ донгодуулсан.

Тиймээс сэтгүүлч хүн бичиж байгаа зүйлдээ маш хянамгай хандах хэрэгтэй. Ингэхэд чиний нийтлэлийн гарчиг нь юу гэж байх вэ гэж асуув. Юун тэр гарчиг бодох сөхөөгүй явсан би тулгамдахдаа санаанд орсноор нь “Сайд бид хоёр” гэж хэлэв.

Ямар агуулгатай, юу ч гэсэн үг юм бүү мэд. Үд дундын үед машин маань явсаар Эрдэнэтийн овоон дээр ирж зогсов. Эрдэнэт үйлдвэр 1978 онд эхний ээлж нь ашиглалтад орсон бөгөөд дараагийн ээлж нь удахгүй 6 сард ашиглалтад орох гэж байгаа болохоор сайд ажлын явцтай танилцахаар ирж байгаа нь энэ ажээ. Биднийг Эрдэнэт хотын Монгол талын барилгын дарга Галсанцэрэн,  ЗХУ хөдөлмөрийн баатар, гавьяат барилгачин Анатолий Васильевич Чекашов болон бусад албаны хүмүүс тосон авлаа.  Сайд надад өнөөдөр эндээ хоноод маргааш эртхэн гарч Баянголд баригдаж байгаа Барилгачдын амралтын газраар дайран ажилтай нь танилцаад хот орно гэж хэлэв.  Сайдын удирдлага дор баригдаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай  танилцаж явтал гэнэт үйлдвэрийн аваарын дохио чанга гэгч нь чихэн дээр хангинаад явчихлаа. Энэ муухай чийртэй чимээнд миний  хамаг бие хөлөрчихсөн орон дээрээ босоод сууж байх нь тэр. Нөгөө  чимээ  зогсолтгүй дуугарсаар... Харсан чинь цагны сэрүүлэг.  Сэрүүлгийн дэргэд өчигдөр орой миний уншиж дуусгаагүй орхисон “Монголын барилгын салбарын Домогт Удирдагч” гэсэн 2 боть ном байлаа. 

Би тэр номыг шүүрэн авч энгэртээ наан мэгшин уйлж гарав.  Энэ зүүд байсан юм уу, би танд баяртай гэж хэлэх байсан юм. Хэрвээ зүүд гэдгийг мэдсэн бол таны төсөөлсөн, бодсон ирээдүйн талаар ярьж Барилгын коллеж таны нэрэмжит болно гэдгийг баяртайяа хэлэх байлаа. Арай ч дээ гэж халаглан бодохдоо түүний  21-р зуун 2000 оны тухай ярьж байсан зүйлийг нь санаад номоо эргүүлж гарав.  Харамсалтай нь 20 жил барилгын салбарыг тасралтгүй удирдсан сайд маань 1982 оны зун насан эцэслэжээ. Бодолдоо автан цонхоор хартал миний Улаанбаатар битүү утаа

naranmandakh.purev
Сэтгүүлч: П.НАРАНМАНДАХ


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (1)

2019-01-11 23:33   ghhh
saikhan niitlel bn
Бусад
Их уншсан