Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч цалингаа шаардах эрхтэй юу?

Хуульч зөвлөж байна 

Сүүлийн жилүүдэд хувийн аж ахуй, нэгж байгууллага иргэдийг ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй цалинг нь тохиролцож ажилд авах нь түгээмэл үзэгдэл болсон. Ажилд шинээр орж буй иргэд эрх зүйн мэдлэг дутмаг байдлаасаа болж хөдөлмөрийн гэрээг заавал байгуулахыг ажил олгогчоосоо шаардах нь ховор байна.

Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байдлыг ашиглаж аж ахуй, нэгж байгууллагууд иргэдийг 1-6 сарын хугацаанд ажиллуулж байгаад цалинг нь өгөхгүй ажлаас халах тохиолдол нилээд гарч байна. Ажилтан ч ямар ч хөдөлмөрийн гэрээгүй юм чинь цалин хөлсөө олж авч чадахгүй гэдэгт итгээд орхидог нийтлэг үзэгдэл байна.

Хэрвээ таньд дээрх асуудал тулгарсан бол та доорх зөвлөгөөг анхаарна уу.

НЭГ. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч та ажил олгогчоосоо ажилласан хугацааны цалингаа шаардах эрхтэй

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан бөгөөд энэхүү хуулийн зохицуулалтыг Улсын дээд шүүх 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолын 1.4-т

“Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна. Ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж үзнэ гэж тайлбарласан байна.

Иймд та хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч гэсэн ажил олгогчоосоо ажилласан хугацааны цалингаа шаардах эрхтэй юм.

ХОЁР. Нотлох баримтаа бүрдүүл 

Ажил олгогчоосоо ажилласан хугацааны цалингаа та шаардахдаа шүүхийн журмаар нэхэмжлэл гаргана. Энэ тохиолдолд та өөрийгөө тус байгууллага, компанид хэдэн сарын хугацаанд ажилласан гэдгээ нотлох - өмнөх саруудад дансаар цалингаа авч байсан бол дансны хуулга, өөрийнхөө гүйцэтгэж байсан ажлын үр дүн, ажлын цагаа бүртгүүлж байсан бол бүртгэлийн мэдээлэл, шаардлагатай тохиолдолд таныг ажилласан гэдгийг нотлох гэрчүүд гэх мэт таныг ажиллаж байсанг нотлох бүхий л нотлох баримтуудыг цуглуулсан байх шаардлагатай.

Мэдээж шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд 70200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж төлнө.

ГУРАВ. Зөрчлийн хууль бийг сануул 

Гэрээ байгуулаагүй юм чинь юу ч өгөх шаардлагагүй гэж боддог ажил олгогчид бий. Гэвч гэрээ байгуулах нь ажилтны биш ажил олгогчийн үүрэг бөгөөд хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол хүлээх хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд заасан байдаг. Ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй ажил олгогчоос учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хувь хүн бол нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний /1 нэгж нь 1 мянган төгрөг/ төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай аж.

Веритас партнерс хуулийн фирм Р.Идэрмөнх

 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан